Гэр хорооллын иргэд өмчлөлийн газартаа инженерийн дэд бүтцээр хангагдана

 Гэр хорооллын иргэд өмчлөлийн газартаа инженерийн дэд бүтцээр хангагдана

Нийслэлийн Засаг дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй Сэлбэ коллекторын явц, Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв /Сервис центр/-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ "Хотын өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд өндөр давхрын орон сууц барьж, иргэдийн газрыг орон сууцаар солих хөдөлгөөн 28 байршилд эхлээд явж байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэн 76 байршил болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн "Сервис центр” буюу үйлчилгээний төв бүхий "Орон сууцны бичил хороолол”-ууд байгуулна. Энэ нь өөрөө иргэдийн газрыг авахгүйгээр Нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлнэ.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал байна. Төслийн давуу тал нь иргэд өөрсдийн газар дээрээ зохион байгуулалт хийх юм. Анхны төсөл энэ зунаас хэрэгжиж эхэлнэ” хэмээлээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд ил задгай жорлонтой, бохир ус, хог хаягдлаа жалганд асгадаг байдлаасаа татгалзан байгаль экологид хор нөлөөгүй сууцанд амьдрах, гадаргын усыг хуримтлуулан цэвэршүүлж, ахуйн хэрэглээнд ашиглан гүний цэвэр усаа хэмнэх боломж бүрдэх юм байна. Түүнчлэн "Орон сууцны бичил хороолол” байгуулснаар Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулах төдийгүй агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна гэж тооцжээ. Мөн газрын үнэ өсч, жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэн, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөх зэргээр олон эерэг үзүүлэлт гарна гэдгийг тус төвийнхөн танилцуулж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen