Мэдэх эрх эдэлж, мэтгэлцэх үүрэг онооцгооё
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг өнөөдөр УИХ-д суудалтай MAH, МАХН, АН гэсэн гурван нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх учиртай. Нэр дэвшигчийн үнэмлэх гардах цаг мөчид ойртох сүүлчийн алхам гэж үзвэл бас ч гэж догдлол, эргэлзээ, тээнэгэлзээ гээд олон цочролыг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарт өгсөн байж таараа. Урд шөнийн тухайд шүү дээ.
Харин Сонгуулийн ерөнхий хорооноос тэдэнд албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн дайх, хүсэх нэгэн зүйл олон нийтийн дунд уриалга болж буйг уламжлая. Анхандаа энэ нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хувь хүний санаачилга мэт байсан бол өнөөдөр сошиал давалгаа болоход ойрхон ирж байна. Тэр дундаа Ерөнхийлөгчөөр нэр дэвшигчдийнхээ хэн нь хэн бэ гэдгийг телевизийн цэнхэр дэлгэцээр илүү дутуу зүйлгүй таньж мэдэхийг хүссэн сонгогчдын хувьд сонирхолтой байх нь гарцаагүй. Тиймээс ч "Мэдэх эрх хийгээд мэтгэлцэх шалтгаан” гэдэгт ямар эрх ашиг байж болох вэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё.
Энд юун түрүүнд хөндөх ёстой сэдэв бол УИХ-ын 2016 оны сонгуулийн сүүлчийн өдөр сонгуулийн сургалчилгаа дуусахаас өмнө болсон УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн намын дарга нарын халз мэтгэлцээн байв. Ердөө цаг хүрэхгүй үргэлжсэн уг мэтгэлцээнд АН, MAH, МАХН гээд аль ч намын дарга нь хараахан өөрсдийн бодлого, мөрийн хөтөлбөрийг хангалалттай хэмжээнд ярьж чадаагүй. Тэр дундаа, эрх баригч намын дарга буюу Ардчилсан намын дарга асан З.Энхболдын эрх ашигт сэттүүлчийн ашиг сонирхол хөтлөгдсөн гэдэг шүүмжлэл ч явж байсан юм. Иймд энэ удаад мэтгэлцээнийг нэг бус нэлээн олон удаа, тодруулбал, гурван удаа явуулах УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилга олон нийтээс дэмжлэг авч байгаа нь энэ ээ.
Гэхдээ Ерөнхийлөгч нарын мэтгэлцэх зарчим ганц манай улсад сэдэгдэж, хөндөгдөж байгаа сэдэв биш гэдгийг уншигч та мэдээж андахгүй байж таараа. Хамгийн сүүлд гэхэд 2016 онд болж өнгөрсөн Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн сонгууль байна. Тус улсын тухайд дэлхийд ардчиллыг үлгэрлэдэг, тэр дундаа нэр дэвшигчдийн нээлттэй байр суурийг чухалчилдаг утгаараа мэтгэлцээн бол улс төрийн том соёл. Тиймээс ч 2016 оны тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг эргэн сануулах нь ээ, Хиллари Клинтон Дональд Трамп нарын хооронд есдүгээр сарын 26, аравдугаар сарын 9, аравдугаар сарын 19-ний гэсэн гурван өдөр мэтгэлцээн зохион байгуулсан. Ингэхдээ тухайн мэтгэлцээн өрнөхөөс долоо хоногийн өмнө ярилцах ёстой сэдвийг олон нийтэд зарлаж байсан нь уламжлал юм. Асуулт нь, орлогын тэгш бус байдлыг хэрхэн шийдвэрлэх, Сири, Иракийн газар нугагт олон жилийн турш үргэлжилж буй агаарын цохилтын тухай, АНУ-д гарч буй халдлагуудын эсрэг ямар арга хэмжээ авах вэ... гэх мэтээр хөвөрсөн. Гол нь энэ бүхнийг таван өдрийн өмнө ямар ч найраагүй олон нийтэд ил тод мэдээлж, тэр хэрээр нэр дэвшигчдэд өөрийгөө бэлтгэх, асуултад шударга унахгүйгээр байр сууриа хамгаалах боломж олгосон. Мэдээж энэ дунд тухайн нэр дэвшигчдийн улс төр, ааш авираас үүдэлтэй багагүй жүжиглэлт, популист мэдэгдэл байсан нь тодорхой. Гагцхүү энд гол өлгөж авах давуу тал нь тэд тодорхой тооны сонгогчдын өмнө буюу бүс нутгийн уулзалтад өөрийгөө зориулах бус харин улс орныхоо бодлогыг нийг улс орныхоо сонгогчдын өмнө ярих үүргийг дээрх гурван мэтгэлцээнээр хүлээсэн.
Яг ийм мэттэлцээнийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар зохион байгуулж чадвал, ялсан болон ялагдсан нэр дэвшигчийг тойрсон эргэлзээ, хардлага нэг талдаа гарч сонгосон, сонгогдсон хоёрын дунд итгэлцэл бий болох боломжтойг үгүйсгэх аргагүй юм.
Тэгээд ч дээрх гурван нэр дэвшигчийн байр суурийг яг нэг цагт, нэг газар сонсох зайлшгүй шаардлагатай асуулт Монголын ард түмэнд олон бий. Наад зах нь, Та төмөр замын бодлого нарийн, өргөн царигийн алийг нь дагах ёстой гэж боддог вэ. "Та "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд ямар бодлого барих вэ, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Еренхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах олон нийтийн санал бодлыг та дэмжиж ажиллах уу. Таныг энэ санаачилгад саад учруулахгүй гэдэгт итгэж болох уу. Хууль, хүчний салбарын удирдлагуудыг сонгодог, нэр дэвшүүлдэг Ерөнхийлөгчийн эрх мэдлээс та татгалзахад бэлэн үү... гэх мэт асуултыг зайлшгүй асуух шаардлагатай байгаа юм. Гэхдээ заавал мэтгэлцээний зарчмаар. Учир нь, уулзалт нэг бүр дээр сонгогчид эдгээр сэдвээр босож асуулаа гээд энэ нь баталгаатай хариулт болно гэж итгэхэд бэрх. Тэр дундаа сонгогчдоос оноо авахыг хүсч байгаа нэр дэвшигчдийн хувьд шүү дээ. Харин мэтгэлцээний зарчмаар асуувал та бид эргээд асуух асуулттай, нэхэх үүрэг хариуцлагатай болж үлдэнэ. Цаг тухай бүрт нь мэтгэлцээний үед хариулсан хариултыг нь сануулж, дөрвөн жилийн хугацаанд чөлөө завгүй нэхэж чадна. Энэ бол мэтгэлцээний гол давуу тал.
Цаашлаад тэд нэг дор зогсох цаг мөчдөө худал ярьж чадахгүй болно. Өөр өөрсдийнх нь тухай санаа бодлыг сонслоо гэхэд сонгогчдын мэдэхгүй, хаалганы цаана үлдсэн нууцыг дэлгэхийг ч үгүйсгэх аргагүй. Энэ бол мэтгэлцэгчдийн эрх чөлөө. Өөрийгөө аврах гарц. Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд гурван удаагийн мэтгэлцээн зарлаж гэмээнэ та бид тухайи нэр дэвшигчийн байр суурийг өнгө будаггүй мэдэх боломжтой болно.
Харин АНУ-ын сонгуулиас ялгарах нэг ялгаа нь мэтгэлцээний үед санал асуулга явуулах боломжгүй бөгөөд тухайн үед хэн сонгогчдын хүндэтгэлийг хүлээн гэдгийг мэдэх боломжгүй юм. Сонгуулийн тухай хуульд санал асуулга явуулахыг хориглосон байдаг болохоор тэр шүү. Хэрэв тиймгүй бол нэр дэвшигч бүрийн ялалтын онооны багцаа олон нийтэд буух байсан нь тодорхой. Гэсэн ч мэдэх эрхийнхээ хүрээнд мэтгэлцэх саналыг дэмжиж, нэр дэвшигчдэд мэтгэлцэх үүрэг онооцгооё.
Наад зах нь, М.Энхболд нь төр удирдсан туршлагаараа илүүрхлээ гэхэд ХБапулгын тухайд бүтээн байгуулалтын санаа оноогоо чухалчлахыг үгүйсгэх аргагүй. Н.Энхбаяр даргын хувьд унаж, боссон түүх нь нэг оноо нэмэхгүй гэх газаргүй юм. Иймд тэднийг байгаа байгаагаар нь харах боломжийн төлөө нэр дэвшигчдийг мэтгэлцээнд уриалцгаая.
Г.ЭНХЛЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/