300 саяын хэрэгт холбогдож байсан Ц.Болд “Гашуунсухайт авто зам” компанийн захирал болжээ

 

-Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр ажлаа авсан өдрөөсөө хойш 10-аад хүнийг ажлаас халах шийдвэр гаргажээ-

Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд дунд халаа сэлгээ үргэлжилсээр байгаа билээ. Тухайлбал, төрийн өмчит "Эрдэнэс Монгол” ХК-тай гэрээгээр ажилладаг "Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон /Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан/ Ц.Болд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр ажлаа авсан өдрөөсөө хойш 10-аад хүнийг ажлаас халах шийдвэр гаргажээ. Тэрбээр эдгээр хүмүүсийг ажлаас халахын тулд тэтгэмжийн мөнгө өгч ажлаас чинь чөлөөлнө хэмээн хэлжээ. Угтаа бол Ц.Болд энэ бүхний ард нэр цэвэр үлдэхийн тулд ажлаасаа гарч буй хүмүүсээс өөрсдөөр нь хүсэлтийг нь бичүүлж авч байгаа тухай тус газарт ажилладаг эрх бүхий албан тушаалтан хэлж байсан юм. Түүнчлэн тус компанид Ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг дөрвөн сартай жирэмсэн эмэгтэйг янз бүрээр хавчин гадуурхаж ажлаас нь халахаар зэхэж буй аж.
Хэрвээ Ц.Болд жирэмсэн эмэгтэйг хууль бусаар ажлаас нь халбал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчинө гэдгээ маш сайн мэдэж буй учраас дээрх жирэмсэн эмэгтэйг ажлаас нь гаргахын тулд янз бүрийн дарамт шахалт үзүүлж эхлээд байгаа аж. Мөн тус компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан эмэгтэй гуравхан сар ажилласан хэрнээ зургаан сарын тэтгэмж авч ажлаасаа гарсан байна. Уг нь Хөдөлмөрийн тухай хуульдаа 11 сар ажиллаж байж гэнэт халагдсаны тэтгэмж авдаг заалттай. Гэтэл Ц.Болд дарга дээрх эмэгтэйд зургаан сарын тэтгэмж өгч ажлаас нь чөлөөлөх болов гэдэг нь хачирхалтай. Ингээд бид дээрх мэдээллийн үнэн эсэхийг тодруулахаар Ц.Болд захирлын 9919….. дугаарын утас руу холбогдож энэ талаар асуухад "Би хамт олны хуралтай байна” хэмээн утсаа тасалсан юм. Ямартай ч дээр дурьдагдсан мэдээллийг баттай эх сурвалж өгсөн ч Ц.Болд захирлын юу гэж хариулах нь бас сонин. Мөн эх сурвалжийн хэлж буйгаар Ц.Болдын энэхүү халаа сэлгээ, дарамт шахалтын ард "Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны удирдлагын асуудлыг хариуцсан тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган байгаа хэмээн хэлж байв. Тус компанийг Монгол Улсын Засгийн газар худалдаж аваад "Эрдэнэс Монгол” ХХК”-ийн мэдэлд шилжүүлснээр ийнхүү С.Эрдэнэбулган гар дүрэх болсон нь энэ аж. Тухайлбал, 2011 онд Монголын хувийн хэвшлийн "Энержи Ресурс” ХХК 239 км замыг ашиглалтад оруулсныг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны "Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор авто замын өмчлөлийг "Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ. 2014 онд нүүрсний голлох экспортлогч "Энержи Ресурс” ХХК, "Эрдэнэс Таван толгой” ХК болон "Таван толгой” ХК зэрэг компаниудын оролцоотойгоор "Гашуун Сухайт авто зам” ХХК-ийг компанийг байгуулж, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн замын хариуцагчаар ажиллах болсон нь аж..

СХД-ийн Засаг дарга Ц.Болд гэдгээр нь уншигчид андахгүй мэднэ

Ямартай ч манай уншигчид Ц.Болдыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан гэдгээр нь андахгүй мэдэх бизээ. Тэрбээр төрийн албанд ажиллаж байхдаа нэр цэвэр нэгэн байгаагүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болохоосоо өмнө буюу 2006 оноос нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байсан нэгэн.
Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан гэх хэрэгт холбогдож байсан ч шүүгч эгчийнхээ буянаар ял шийтгэл хүртээгүй гэдгийг хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Мөн тэрбээр хэргээс мултрахын тулд өөрийнх нь хамтрагч байсан Нийслэлийн захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Б.Дэлгэрбаярыг энэ хэрэгтээ татан оролцуулж түүнд буруугаа чихсэнээр энэ хэрэг төгсгөл болсон тухай мэдээлэл хэвлэлийн шар хуудаснаа баримт болон үлдсэн байдаг юм. Ямартай ч ийм нэгэн хар бараан намтартай хүн ийнхүү олны нүднээс хэдэн жил нуугдсаны эцэст захирлаар томилогдох "виз” авсан нь энэ аж.
Тэгээд ч "Эрдэнэс Монгол” ХХК-ийг Монгол Улсад тансаглан жаргаж буй ганц компани хэмээн эдийн засагч Л.Наранбаатар хэлж байсан удаатай. Тухайлбал, тус компани "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувь болон "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Багануур” ХК, "Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг байна.
Арван жилийн хугацаанд "Эрдэнэс Монгол” хэмээх компани нь эрх баригч намуудын шахааны нөхдөөр дүүрч ард түмнээ шилний цаанаас чихэр долоолгоод зогсохгүй мөрөөрөө ажлаа хийж буй албан хаагчдаа өөрсдийнх нь гараар өргөдлийг нь бичүүлж ажлаас чөлөөлж байгаа нь зүйд нийцэхгүй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх буй заа.

Эх сурвалж:

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen