Хөөт-Бичигтийн төмөр зам цагаан зээрийг аврах уу, мөхөөх үү
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат саяхан болсон яамны шуурхай хуралдааны үеэр Хөөт-Бичигтийн төмөр зам, Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтыг эхний ээлжинд яаралтай эхлүүлэх үүрэг өгчээ. Үүнээс Хөөт-Бичигтийн төмөр замын бүтээн байгуулалт Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтны төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрийн анхаарлын төвд байна. Учир нь, энэ төмөр зам баригдсанаар нүүдлийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээрийн нүүдлийг таслах бодит аюул байгааг мэргэжлийн хүмүүс сэтгэл зовнин хэлж байгаа юм.
1955 онд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг тавьснаар Ази-Европыг холбосон хамгийн дөт замтай болсон ч олон зууны турш тааваараа бэлчиж байсан цагаан зээрийн сүргийг баруун, зүүн хэсэгт хуваасан гашуун түүх бий. Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо бараг байхгүйтэй адил болжээ.
Хэдийгээр түүх ийм баримт өгүүлж байгаа ч нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүргийг аврах боломж байгаа юм. Тодорхой хэлбэл, нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа гурван жилийн өмнө баталсан юм. Стандарттай болсноор дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдэлд авто болон төмөр зам саад учруулахгүй байх боломж бүрдсэн билээ. Харамсалтай нь, энэ стандартыг одоо эхлэх Хөөт-Бичигтийн төмөр замд хэрэгжүүлэх эсэх нь бүрхэг байна.
Уг нь Монголд үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалах байгууллагууд хамтарч зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тасалдуулахгүй, амьдрах орчныг алдагдуулахгүй байх чиглэлээр зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагад 2016 оны сүүлчээр хүргүүлсэн юм билээ. Энэ зөвлөмжийг Монголын мундаг биологчид, эрдэмтэд хамтарч гаргасан бөгөөд Хөөт-Бичигтийн төмөр зам барих төслийнхөн уриалгахан хүлээн авч техник эдийн засгийн үндэслэл хийх Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар товчоонд шилжүүлэн өгнө гэдгээ албан ёсоор илэрхийлжээ. Эрдэмтдийн ярьснаар зөвлөмжийг бодит судалгаанд үндэслэж гаргасан бөгөөд ойлгомжтойгоор тайлбарласан байна. Үүнд, нэгдүгээрт, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг хамгаалалтын торгүй барихыг санал болгосон нь учир шалтгаантай.
Одоо ашиглагдаж байгаа Улаанбаатар-Замын Үүдийн төмөр замыг галт тэрэгний хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр талаар нь өргөст тор босгосон ажээ. Өргөст тор нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүй үхэл хорогдолд нөлөөлдөг маш том хүчин зүйл болох нь судалгааны дүнд батлагдсан юм байна. Тухайлбал, 2016 оны эхний хоёр сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж улмаар 5000 гаруй зээр торонд өлгөгдөж үхсэнийг судалгаагаар тогтоосон бөгөөд сэг зэмийг олон машинд ачиж газарт булжээ. Энэ бол наад захын жишээ.
Хамгийн гол нь төмөр зам барихдаа "Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах” улсын стандартыг хэрэгжүүлэхийг санал болгосныг Байгаль орчин, аялал жуулчлал, Зам тээвэр, хөгжлийн яамны удирдлага хүлээн авч энэ ажлыг үр дүнд хүргэх Ажлын хэсэг байгуулжээ. Эхэндээ идэвхтэй байсан ч сүүлдээ Ажлын хэсэг бараг хуралдахаа больсон байна. Төмөр зам барих ажил эхлэх гээд байдаг, гэтэл стандартыг хэрэгжүүлэх эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Хөөт-Бичигтийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар товчоо хийж дуусаад манайд хүлээлгээд өгчихсөн аж. Шинэ төмөр замыг өргөст торгүйгээр барих болсон тухай албан бус мэдээ л сонсогдож байгаа бөгөөд энэ талаар тодорхой тайлбар хийх албан тушаалтан алга. Бүгд таг чиг. Аливаа зүйл хаалттай байх тусмаа хардлага төрүүлдэг. Мэдээж хятадууд техник, эдийн засгийн үндэслэлийг гоомой хийхгүй нь тодорхой. Сүүлийн жилүүдэд Хятад Улс ногоон хөгжилд ихээхэн анхаарал хандуулах болж төрийн бодлогоо үүнд чиглүүлээд байгаа билээ. Хятадууд бүтээн байгуулалт хийх үндэслэл, шаардлагыг тухайн улсын стандарт, хууль журманд нийцүүлэн хийдэг нь тэдний төрийн бодлогын салшгүй нэг хэсэг бөгөөд улсын нэр хүндтэй холбоотой байдаг учир тун няхуур ханддаг.
Энэ төмөр замыг ямар санхүүжилтээр барих нь тодорхойгүй байгаа. Буцалтгүй тусламж өгөхгүй нь тодорхой тул ямар ч төрлийн сонголт байсан Монгол Улс ирээдүйд зээлээр төлж таарна. Тэгэхээр хамгийн түрүүнд зардал хэмнэх гэж оролдох нь тодорхой. Эмзэглэх зүйл биш, энэ бол байх л асуудал. Харин хэмнэлт нэрээр нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц барих зардлыг уян хатан тооцолгүйгээр хасвал хойшид харамсаад баршгүй ноцтой асуудал үүсэхийг шийдвэр гаргагчид анхааралдаа авах хэрэгтэй байна. Яагаад гэвэл, төр засгийн шийдвэрүүдийн дийлэнхи нь олны сэтгэлд нийцдэггүй нь тухайн ажлын мөн чанарыг сайн ойлгоогүй түшээдээс болдог билээ. Чухамдаа ийм учраас л гарцны асуудлыг шийдвэр гаргагчид анхааралдаа авах нь чухал гээд байгаа юм. Судлаачид, мэргэжилтнүүд ямар төрлийн гарц байх, хаана барих боломжтойг тодорхойлоод өгнө. Гэтэл энэ талаар ямар ч ойлголтгүй хэдэн түшмэд хэт үнэтэй байна гээд байх ёстой чухал гарц барих зардлыг хасчихвал яах вэ. Сайн ойлголцож, шийдвэр гаргагч том дарга нарт "үүрэг, сануулга” өгөхгүй бол ийм үйл явдал гарцаагүй тохионо.
"Хөөт-Бичигт”-ийн төмөр замыг барих ажилд заавал анхаарч үзэх бас нэг онцлог байгаа. Энэ бол монголчууд өөрсдөө "дураараа дургиад” барьчих төмөр зам биш. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тохиролцсон гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах ажлын нэг хэсэг юм. Энэ ажлын хүрээнд төмөр замын таван төслийг Монголд хэрэгжүүлнэ. Алдах эрхгүй төсөл гэхэд болно. Хэрвээ эдгээр төмөр замыг барихдаа тууртнуудын нүүдлийн замыг хааж, үүнээс болж олон мянган амьтан амьдрах орчингүй хаягдвал олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын хүчтэй шүүмжлэлд өртөж эдийн засгийн коридор байгуулах том төслийн нэр хүндийг монголчууд сэвтүүлэх аюултай. Манай төрийн тэргүүний нүүр улайна, улсын нэр хүндэд ч муугаар тусна. Тиймээс энэ асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар эрх, үүргийнхээ дагуу анхааралдаа авч ажилламаар байна. Монгол орон олон зууны турш зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филиософийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь монголчууд бидний үүрэг. Хөөт-Бичигтийн төмөр замыг нүүдлийн тууртан амьтдад ээлтэйгээр барьж чадвал нэг талаар улсын нэр хүндэд тустай, нөгөө талаар дараа, дараагийн төмөр замын ажилд зөв жишиг болох ач холбогдолтой билээ.