УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “ЗААГ” номын нээлт боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвын бичсэн "Зааг” номын нээлт өчигдөр /2017.03.30/ боллоо.

Тэрбээр бүтээлийнхээ тухай "Аар саархан намтар түүхээрээ оролдож суутал, "Тэрбишдагва гэдэг ганц бодгаль хүний туулсан хийгээд туулж байгаа амьдрахуйн зам мөрийн дүр зургийг гаргаад бүхэлд нь зурчихвал нэгэн жаран, бүтэн нэг улс орны түүх нийгмийг ахуй амьдралтай нь харуулчихаж болох юм биш үү дээ” гэх бодол орж ирсэн нь "Зааг” номын маань утга учир, амин сүнс нь болсон юм. Монгол Улсын хөгжлийн гарц болох "Ажилсаг монгол хүн”, "Сахилга дэгтэй монгол хүн” гэсэн философид зангидагдсан уг бүтээлээ дөрвөн жил туурвисан болохоо нээлтийн ёслолын үеэр хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж номын нээлтэд оролцох үеэрээ "Нэг талаас Д.Тэрбишдагвын намтар ч гэлээ нөгөө талдаа Монголын нийгэм, монгол төрийн 60 жилийн түүхийг унших болно” хэмээн онцолсон юм. Харин профессор, академич Б.Жадамбаа "Зааг номыг уншаад олон сэтгэгдэл төрлөө. Манай улсын хөгжил буруу болсон. Яагаад буруу болсон шалтгаан нь "Заагт” байна. Зааг байх ёстой газраа л байх ёстой. Зааг зогсвол зовлон, зааг хөдөлбөл хөгжил дэвшил бий болно. Үүнийг дотоод сэтгэлийн өчил болгон бичсэн байна” хэмээн онцоллоо.


Соёлын төв өргөөнд болсон тус ёслолд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Ардын Уран Зохиолч Д.Урианхай, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тэргүүтэй хүндэт зочид, төр, нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, ном шимтэн сонирхогчид оролцсон юм.

"Зааг” номонд ард түмний аз жаргалтай амьдрал, эв нэгдэл, хамтын ажиллагаа, амгалан тайван байдал, хөгжил дэвшилд ямар ч хана хэрэм, зааг хязгаар хэрэггүй. Харин хүний эрх, эрх чөлөөг боомилох, үзэн ядалт, эзлэн түрэмгийлэл, сахилга, дэг журамгүй байдал зэрэг хүн төрөлхтөний сайн сайхны эсрэг бүхэнд хатуу хана хэрэм, зааг хязгаарлалт ямагт байх ёстой талаар өгүүлжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen