Хавар ирлээ, каскаа бэлдээрэй

Хавар ирлээ, каскаа бэлдээрэй

 

Аюул хаана ч тохиолдож болзошгүй. Иймд анхаарлаа дээд цэгт нь "асаагаарай”. Учир нь хавар аминд халтай улирал болохоо хангалттай харуулсан. Уурхай үүдээ нээж, өндөр барилгууд өндийдөг урин цагт үйлдвэрлэлийн осол өсдөг нь үнэн.

 

Тоон статистик рүү өнгийвөл, өнгөрсөн онд үйлдвэрлэлийн ослоор 31 монгол хүн амиа алдсан гэх харамсмаар мэдээлэл байна. Үүнээс өмнө буюу 2015 онд хүүнээс ч олон хүн амиа алдсан гэж тооцвол, сүүлийн хоёр жилд үйлдвэрлэлийн осlоор нийт 100 орчим элэг нэгтэн нас баржээ. Харин хугацааг нь гурван жилээр сунгавал, сүүлийн таван жилд 300-гаар тоологдох хүн эрдэнэт амиа алдсан байх юм. Угтаа энэ хэдэн жилүүдэд олон нийтийг айдаст автуулсан аймшигт ослууд ар араасаа гарч, нийгэмд аюулын харанга дэгдээсэн. Барилгын дээврээс бэхэлгээний төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийн амь насанд хүрлээ.

 

Барилгын тоног төхөөрөмж нурж унаж хүн гэмхээсэн гээд хөдөлмөр хамгааллын бодит байдлыг илчилсэн ослууд цөөнгүй бий. Гэвч ийнхүү анхаарлын дохио, аюулын сэрэмж өгсөөр байхад үйлдвэрлэлийн осол дорвитой буураагүй л байна. Монголчууд хүний амины үнээр барилга сүндэрлүүлж, үйлдвэрлэл эрхэлсээр.

 

Ингээд зогсохгүй үйлдвэрлэлийн ослоор гэмтэж бэртсэн хүний тоо ч өндөр хэвээр. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн онд нийт 332 хүн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртжээ. Хамгийн халагламаар нь, үүний тал нь буюу 159 нь хүнд хэлбэрийнх. Цаашлаад дийлэнх нь цэл залуу, ид хийж бүтээх насандаа яваа залуус. Ерөөс элдэв тайлбар, шалтаггүй манай хөдөлмөр хамгааллын бодит төрх энэ. Харуусал дагуулсан эдгээр тоо хөдөлмөр хамгаалал хаана явааг тодорхой хэлээд өгнө. Уг нь албаныхан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах сарын аян, жилийн ажил сүртэй гэгч нь зарладаг. Холбогдох байгууллагууд ч сарын аянаа хэдийнэ зарлачихаж. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч сүржин ажлын үр дүн нь даржин. Дуулиант ослууд нийгэмд шуугиан тарьдаг ч хоног өдөр өнгөрөхийн хэрээр нийгмийг цочроосон үзэгдлүүд мартагдаж, замхарсаар байна. Барилга дээрээс хүн унаж амиа алдах нь одоо энгийн үзэгдэл мэт болжээ. Осол дасал болсон нь энэ. Аливаа аян, ажлыг шүүмжлэх гэсэнгүй" Гагцхүү төрийн бодлогын үр дүнг амиа алдсан монгол хүн, хөдөлмөрийн чадвараа алдсан цэл залуу иргэний тооноос харж болно.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах чиглэлээр үе үеийн Засгийн газар хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн. Үе шаттай хэрэгжүүлсэн дөрөв дэх хөтөлбөр өнгөрсөн онд эцэслэсэн болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын орнууд баримталдаг болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Уг нь энэ оноос тав дахь  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байсан ч өнөө хэр хэлэлцээний шатандаа явааг албаны хүн хэлж байна. Гэвч гацчихаад байгаа хөтөлбөрийг бүтээн байгуулалтын улирал хүлээсэнгүй. Хэзээ мөдгүй өрнүүн ажил ундрах гэж буй. Тэрчлэн жил бүрийн дөрөвдүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн cap болгодог. Энэ онд ч эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг сурталчилан таниулахаас хэтэрдэггүй энэ аяны зардал, мөнгө нь даржин. Гадаадын төсөл, хөтөлбөр болон Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас (ҮОМШӨДС) бага хэмжээний санхүүжилт ирдэг байна. Угтаа дэлхий даяар хөдөлмөрөөс үүдэлтэй осол гэмтлийг бууруулахад урьдчилсан сэргийлэхийг урьтал болгодог. Үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх нь зардал бус хөрөнгө оруулалт гэсэн зарчмыг өндөр хөгжилтэй орнууд баримталдаг болохыг Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Штефан Хробот хэлж байна. Бас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд зарцуулсан нэг ам.доллар дөрөв болж, өсдөг гэсэн судалгаа ч бий. Учир нь аюулгүй ажиллагааг эрхэмлэснээр бүтээмж өсөж, ослын зардал буурдаг зүй тогтолтой аж.

 

Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйгаа хамгаалуулахын тулд иргэд, аж ахуйн нэгжүүд төрд мөнгө төлдөг. Аж ахуйн нэгжүүд орлогынхоо тодорхой хувийг шимтгэл хэлбэрээр төлж, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санг (ҮОМШӨДС) бүрдүүлдэг. Иргэдийн шимтгэлээс бүрдсэн энэ сангийн хөрөнгийг эргээд олон нийтийн тусын тулд зарцуулах үүрэгтэй. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллээр тус санд зөвхөн 2015 онд 109.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Харин 2016 оны орлогын дүн бүүдгэр хэвээр байв. Тиймээс нийтэд ил болсон 2015 оны статистикийг сөхвөл тухайн онд тус санд төвлөрсөн нийт орлогын ердөө 30 хувийг хөдөлмөр хамгаалалд зарцуулжээ. Дийлэнх буюу 70 хувь нь ашиглалтгүй үлдсэн байх юм. Ер нь 70,30-ийн энэ харьцаа сүүлийн 4-5 жилд давтагдсан.

Өөрөөр хэлбэл, төр иргэдээс хураамж аваад, үүнийхээ 30 хувийг зарцуулаад, үлдсэнийг нь хадгалдаг гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилийн үлдэгдлийг нэгтгэвэл 245 тэрбум төгрөгийг давж байх жишээтэй. Гэтэл энэ сан байгуулагдаад 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа гэвэл тэр мөнгө лав олон тэрбум давсныг түвэггүй мэдэж болно. Хөрөнгө яг хэдэд хүрснийг албаныхнаас тодруулах гэсэн боловч тодорхой хариу хэлсэнгүй. Гэхдээ бидний хүртэх учиртай, хэмжээ нь үл мэдэгдэх тэр хөрөнгө хадгалаастай байгаа гэж найдъя. !

 

Ийнхүү монгол хүнийг хамгаалах учиртай мөнгө өсөхийн хэрээр амиа алдсан, бэртэж гэмтсэн хүний тоо нэмэгдсээр. Ганцхан жишээ хэлье. 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр. Барилгад бетон зуурмаг шахаж байсан машин унаснаас 12 настай охин нас барсан. Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа барилгын ажил шалгаж явсан Онцгой байдлын ерөнхий газрын аврагч дээрээс төмөр унаж, нүүрсний яс нь бяцарч, зүүн нүд нь хараагүй болсон эмгэнэлт явдал болов. Тэгвэл шил шилээ дарсан аймшигт ослоос нэг жилийн дараа буюу 2013 онд Нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн ослоос урьдчилсан сэргийлэхэд нэг ч мөнгө зарцуулаагүй байдаг. Улмаар 2013 онд 51, удаах онд 56 хүн үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан байх юм. Төр өөрийн мэдлийн иргэдийн мөнгөнөөс гар татсан жилүүдэд амиа алдсан монгол хүний тоо ийн өсчээ.

Дахин нэг асуулт. Дэлхийн улс орнууд үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсан хүний нөхөн сэргээх эд эрхтэн, эмчилгээнд гар татдаггүй. Хиймэл эд эрхтэнээс эхлээд эрхтзн шилжүүлэн суулгах нь осолд өртсөн иргэдэд тэтгэмжээс илүү ач тустай. Тиймээс барууны орнууд олон сая ам.доллар төлөөд ч хамаагүй эд эрхтэн суулгаж, эргээд хөдөлмөрийн армид нь элсүүлэхийг хичээдэг байна.

 

Ер нь барууны орнууд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх болон нөхөн сэргээхэд мөнгө хармалдаггүй. Учир нь урьдчилан сэргийлэх зардалд их хэмжээний хөрөнгө, хүч зарцуулбал удаах жилд нь осол, гэмтлийн тоо буурч, зарлага нь татардаг байна. Гэтэл манайд энэ зүй тогтол эсрэгээрээ. Монгол Улс нөхөн сэргээх урьдчилан сэргийлэхийг огт урьтал болгодоггүй. 2016 онд гэхэд 2.3 тэрбум төгрөгийг хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх болон урьдчилан сэргийлэхэд зарцуулжээ. Энэ бол ослоос улбаатай тэтгэвэр, тэтгэмжид олгож буй мөнгөнөөс хэд дахин бага дүн гэдгийг сануулъя. Санхүүгийн боломж байсаар байхад төр түүнийг хэрхэн хөшүүн, хайнга, оновчгүй зарцуулдгийг эдгээр жишээнээс харж болно. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бодлогыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тодорхойлдог. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн захиран зарцуулалтыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хариуцдаг. Албаныхан ослыг бууруулах бус амиа алдсан иргэдээ тоолсоор сууж буйн бодит жишээ энэ. Цаашлаад нийгмийн халамжид халхлагдан хөдөлмөрийн бодлого хэрхэн хөсөр хаягдаж буйн баталгаа биз. Tөp хамгаалахад ийн төмөр нүүрээ харуулж байхад бид ч хамгаалалтын малгайгаа бэлдэхээс өөр яах билээ.


/ЗГМ/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen