Х.Нямбаатарын нэг тэрбум төгрөгийг битүүмжилсэний эргэн тойронд
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболдын захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын эд хөрөнгө, мөнгө болох нэг тэрбум төгрөгийг битүүмжлэхээр болсон.
“Эко автомашин импортлогчдын холбоо”, “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” хэмээх төрийн бус байгууллагынхан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын эсрэг зарга мэдүүлж тус шүүхэд хандан ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж, нэг тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан аж. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр “Машины ченжүүд намайг огцруулна гээд акц хийж байна гэсэн. Халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжээс айж, ичээд байх юм байхгүй. Монгол мөнгийг хамгийн их гадагшлуулж байгаа хүмүүс. Нэг тэрбум ам.долларыг энэ хүмүүс гадагшлуулж байгаа юм. Өчнөөн жил ард иргэдээ шулж амьдарлаа шүү дээ. Энэ хүмүүс татвар төлөхгүй” гэж ярьсан.
Энэ нь олон нийтийн сүлжээнд тархаж, нэг сая орчим хандалт авсан. Төрийн улс төрийн албан тушаалтан хүн ийнхүү өөрийн дур зоргоор бизнес эрхлэгч мянга мянган хүний ажил хэргийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан үйлдэлдээ өнөөдрийг хүртэл уучлалт гуйхгүй, залруулга хийхгүй байгаад гомдолтой байна. Тиймээс шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүхээс уг захирамжийг гаргасан аж.