Хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Зүүн аймгуудын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Ойрын өдрүүдэд Архангай, Дорнод, Дундговь Сүхбаатар, Хэнтий аймгийн 12 сумыг хамарсан хээрийн гал түймэр гарч, багагүй хохирол учраад байна. Харин өнөөдөр буюу /2025-03-12/-ны өдөр дээрх гал түймрийг цурамд оруулах замаар бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар тус түймэрт 170 мянган га талбай өртөж, 38 гэр, дөрвөн чингэлэг, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3509 боодол өвс түймэрт өртсөн. Одоогоор нийт хохирлын хэмжээ эцэслэгдээгүй, түймэрт өртсөн талбай хохирлыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.