АЙМГИЙН НАЧИН Г.ЧИМЭДДОРЖ: СҮХБААТАР, ГАЛШАР ХУРДТАЙ БАЙДАГ НЬ МАНАЙ БУРИАДУУДЫН АДУУНУУДААС ЦУС СЭЛБЭГДЭЭД ТЭР
Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, аймгийн начин Г.Чимэддоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сэрүүн Галттайгийн зүүн суганд төрсөн унага босоо хүлэг болдог, баруун суганд нь төрсөн хүн бөх болдог гэдэг. Таны төрсөн нутаг ус, бага насны дурсамжаас яриагаа эхэлье гэж бодож байна.
-Би Сантай ханых. Би 1935 онд найман охин, хоёр хүүтэй Дашдорж гэдэг айлд 10 хүүхдийнх нь нэг болж төрсөн хүн. Тэгээд Ашидын Гэлэг гэж айлд үрчлэгдсэн юм. 1937 онд төрсөн эцэг маань ч баригдсан, өргөсөн эцэг маань ч баригдсан. Ингээд баригдаад явсан хойгуур өвөө, эмээгийн гар дээр хүн болсон. Уг нь миний төрсөн ээж Гэлэг гэдгийн дүү нь байсан юм билээ.
-Тухайн үед лам хар, эсвэл ихэс ахасыг ихэвчлэн хэлмэгдүүлж байсан юм билээ. Харин буриадуудыг өөр янз бүрийн шалтгаанаар хэлмэгдүүлж байсан. Танай дээдчүүл ямар шалтгааны улмаас түүхийн энэ хар эргүүлгэнд орсон юм бол оо?
-Лхүмбийн хэрэг гэж зохиолмол хэрэгт л 1938 онд явсан юм даа. Манай нутгийн хэсгийн төлөөлөгч Данзан, аймгийн сэргийлэхийн дарга Шарын Рэнцэн гэдэг хоёр хүн хуйвалдаж Лхүмбэ гэдэг даргыг хэрэгт хийгээд түүнд дөрөөлж олон хүнийг барьсан юм. Ийм зүйл хийх ямар шалтаг байсан бэ гэхээр Жавзангийн Сэрэмжид гэж бүсгүй Раднаагийн Цэвэгжав гэдэг хүний эхнэр байж л дээ. Энэ хүний эхнэрт нь санаархаж, авахын тулд түүхий эдийн эрхлэгч байсан Цэвэгжавыг яаж ч чадахгүй болохоороо арьс хатаасан, муутгасан гэсэн нэрийдлээр аймагт шоронд аваачиж хийсэн юм. Лхүмбэ дарга Хэнтий аймагт ажиллаж яваад Аймгийн намын бүгд хурал дээр сууж байтал Дадалын төлөөлөгчид манай нутагт Гонгорын Бат гэж нөхөр цэргээс оргоод явж байна, түүнийг барьж зохих газарт нь өгвөл яадаг юм бэ гэж. Тэгэхэд нь Лхүмбэ дарга "Ямар хэрэг хийж явна” гэхэд ямар ч хэрэг хийгээгүй явж байна гэжээ. Тэгэхээр нь "Гонгорын Бат гэдэг чинь гэнэн залуугийн гайгаар оргож яваа юм байна даа, та нар учрыг нь ойлгуулаад цэргийн газар нь буцаавал яасан юм бэ” гэсэн юм билээ. Энэ үгэнд нь дөрөөлж цэргийн газрын оргодлыг өмгөөлж байна, зайлшгүй Японы хамсаатан, тагнуул байна гэсэн хуурмаг зохиомол бичиг хийж, Лхүмбэ даргыг бариулаад, Лхүмбийн хэрэгт Раднаагийн Цэвэгжав хамсаатан нь мөн гэж барьж өгөөд, цаашлаад энэ зохиомол хэргээр орон нутгийнхныг хоморголон баривчлах болсон юм даа.
-Лхүмбийн хэрэгт хичнээн хүн баригдсан байдаг юм бэ?
-Манай Дадал сумаас 507 хүн баригдсан юм. Ер нь эргэж ирсэн хүн цөөхөн. Нэг хэсэг түрүүлж барьсныгаа хойш нь Орост тушаасан юм. Дараа нь барьсныгаа аймагт цаазаар авсан. Хамгийн сүүлд хэсэг залуу улсыг арван жилийн ял оноож шийтгэсэн юм даа. Тэр олон хүнийг баривчлахад манай сумын иргэдээс 80-аад хувь нь баригдсан юм шүү дээ. Эмэгтэйгээс Богдын хатан байсан Гэнинпил, хошуу дарга Дугарын Дунгаржид хоёрыг барьсан юм.
-Хоёулаа таван сартай жирэмсэн байхад нь цаазалсан гэдэг юм билээ?
-Тэгээд хоёуланг нь цаазалсан. Маш их хэлмэгдэл гараад, энэ хэлмэгдэл ч сум болоод улсад маш их хохирол учруулсан шүү дээ. Тэр олон хүн байвал ямар юм бүтээхэв. Ер нь буриадууд маш их ажилсаг, мужаан, дархан бүх л юм хийж чаддаг. Ингээд л тэр хэлмэгдлээс олон хүүхэд өнчирч, олон эмэгтэй бэлэвсэрч, маш их хүнд амьдралд байсан.
-Таны төрсөн, өргөмөл аав аль нь ч эргэж ирээгүй юу?
-Эргэж ирээгүй, хоёулаа цаазаар авахуулсан л даа. Ямар улсаа цаазалсан юм гэхээр ер нь жаахан хэл амтай, арай сэргэлэн гэсэн бүгдийг цаазлаад, жаахан ядуухнуудыг нь арван жил зааж орхисон төлөвтэй байдаг юм.
-Бид ч энэ гашуун түүхийг киноноос үзэж, номноос унших юм даа. Эсэргүүний хүүхэд болж үлдсэн таны бага нас хэрхэн өнгөрөв?
-Манай хойноосоо нүүж ирсэн буриадууд Дон үүлдэр, Хадаактын үүлдрийн адуутай, маш их хурдтай, хатиртай, жороотой байсан. Маний эцэг Ашидын Гэлэг гэдэг хүн ч сайн адуутай, хурдтай байлаа. Таван азарга адуу хураагдахад гурван хөгшин цагаан морь л үлдээсэн. Ганц хээр морь мөрийний Зундуй гэж Байдрагийн халх залууд унуулж байсандаа үлдсэн. Би ч бага хоцорсон, 1938 онд баривчилгаа болоход гурван настай үлдсэн хүн. Тэгээд хөгшин ээж, аавынхаа гар дээр өсч бойжоод, есөн наснаас эхэлж айлын морь унадаг шодоог болсон юм. Би Санжаагийн Даваа гэдэг хүний шодоог байлаа. Тэр хүн морь их уядаг, хурд сайтай байсан. 1946 оноос эх орны дайн дуусч, хүн бүгд чөлөөтэй, олон хүн морь уях, олон хүн бөх барилдах бололцоо гарсан юм. Түүнээс өмнө эрэгтэй хүн гэдэг чинь чөлөө байхгүй, залуучууд нь гурван жилийн цэрэг, таван жил хүртэл улирч байсан. Тэгээд 45 хүртэлх нь түр цэрэг гээд татаад явчихдаг. 1946 оноос эрх чөлөөтэй болж, тэр зун Дадал долдугаар сарын 11-нд наадаж, Баян-Адрагад долдугаар сарын 15, 16-нд, Биндэр сум долдугаар сарын 22, 23-нд гэж цувж наадсан юм. Тэгэхэд би Санжаагийн Даваагийн морийг унаж гурван сумандаа түрүүлсэн юм даа.
-Ямар морь унаж түрүүлж байсан бэ?
-Хар морь байсан. Ер нь Дадалынхан арай л хурдтай байсан санагдаад байгаа юм. Баян-Адрагын наадамд Дадал, Биндэр, Норовлин, Батноров, Гурванбаян, Идэрмэг гээд долоон сумын морьд цугласан, бүдүүн морь 111, бага насууд нь 60-70-аад уралдаж байлаа. Бүдүүн моринд Санжаагийн Даваагийн хар морь, соёолонд Чогоогийн Лувсангийн хээр, хязааланд Чогоогийн Чимэдийн бор, шүдлэнд Санжаагийн Даваагийн халзан, дааганд Шонхорын Дашзэвэгийн шарга гээд таван түрүүг нь Дадал авчихаж байсан. Дараагаар нь долдугаар сарын 22, 23-нд Биндэрт наадахад уяачаасаа за би яаж уралдахав гэж асуухад "за эцсийн наадам учраас одоо морио гамнах юм байхгүй ээ. Чадлаар нь гаргаад явуулчихаарай. Морь хавирч уралдахгүй биз дээ, ганцааранг нь явуулчихаарай” гэсэн. Бас л олон сумын наадмын айргийн тавынхан цугласан байсан. Би тэгэхэд эмээлтэй унадаг байсан. Уралдаж яваад эргээд л харахад олон хошуу гүтгээтэй, морь ердөө харагдахгүй. Тэгээд ирчихээд эмээлийг нь аваад, хөлсийг нь хусаад, буцааж эмээллээд гишгүүлэх гээд мордоход хоёрт орсон Цэдэвийн Самбуугийн хүрэн морь орж ирж байлаа. Морио гишгүүлэнгээ ирж байгаа морьдыг харж явлаа. Морь ирж байхад Дарьжавын Дашням, Жигмэдийн Мядаг хоёр уруухан хүзүүвчин дээр нь замын дэргэд тосч байгаад хоёулаа хөдөлгөж байгаа юм, хоёр морь нь намайг гүйцэхгүй пад пад хийтэл морио гуядаад хоцорч байх шиг. Ирсэн хойноо Жигмэдийн Мядаг нь "миний буурал морь бусдадаа сайн л морь, ээ бараагүй хоцорч байна”, Дарьжавын Дашням нь "миний Тугалган хээр мөр зултай морь. Энэ хоёр морины зулыг үзэхгүй ирж байхлаар амаргүй хурдан ирж байна даа” гэж ярьж байсан.
-Дадалын адуу хурдан байдаг нь таныхаар ямар учир шалтгаантай байна вэ. Уул усандаа байна уу, эсвэл таны өвөг дээдсийн Буриадаас оруулж ирсэн адууны суурь ямар нэгэн байдлаар үлдэв үү?
-Буриадуудаас хурааж авсан адуу малыг бүгдийг нь халх голдуу хөгшин, залуучуудаар урагш нь туулгасан юм. Тэрэн дотор Зангийн Дэлэг гэж 18 настай ганцхан буриад хүү адуу туухад оногдоод явсан. Батноров хүрээд л хонь, ямааг тарааж, цаашаагаа Хэрлэнгийн наад талаар үхэр тарааж байсан гэдэг. Адуугаа хэдийд тарааж, хэдийд намайг буцаах юм бол гэж бодож явсан чинь Хэрлэнгийн хойд талд ганц ч адуу үлдээж болохгүй гээд Хэрлэнгийн урд талд гаргаж Дархан, Баянмөнх, Баянхутаг, Галшар, Баяндэлгэр, тэгээд Сүхбаатар хүртэл тараасан гэдэг юм. Дэлэг гуай хошууч байхдаа "Урд талд Сүхбаатар, Хэнтийн урд тал, Галшар хурдтай байдаг нь манай буриадуудын адуунуудаас цус сэлбэгдээд тэр” гэж ярьдаг сан.
-Дадал сум тийм хурдтай байсан юм чинь тэр үеийн нэртэй ямар уяачид байв?
-Буриадууд дотроос Цэдэвийн Намсрай, Дэмбэрэлийн Даш гэж хоёр мундаг уяач байлаа. Чи энэ жил хаашаа явж наадах вэ гэж нэгнээсээ асуугаад нэг нь гадагшаа, нөгөө нь сумандаа ээлжилж нааддаг улс байсан. Цэдэвийн Намсрайн хээр морь олон түрүүлээд Бурхан хээр гэдэг хочтой болж халх руу гарч, улсад очиж нэг уралдсан. Тэгэхэд ямар машин, мотоциклиор морь тосно гэх биш, морьтой л барианыхаа газар байсан биз. "Хээр морь маань ч тасархай гарч ирлээ дээ гэж бодож байтал гэнэт л явахаа больчихсон, давхиад очсон зөв дээшээгээ татчихсан байсан. Хараал хийчихсэн юм биз дээ, миний морь татуу болчихсон” гэдэг юм. Бурхан хээр нь тэгж татуу болоод, бусад мориороо уралдаж явсан хүн. Тэр хоёр ч бас баригдаад явахад бүх адуу малыг нь хурааж авсан. Түүнээс хойш Дадалд олон уяач залгаж морь уяж байлаа. Санжаагийн Даваа, Баяртын Цэндмаа, Дөнгөөний Ням, Жигмэдийн Мядаг, Рэнцэнгийн Дамбадаржаа, Ишийн Балдандорж, Аюушийн Жамц, Осорбатын Намнан, Намдаг, Намсрай гэж ах дүү гурав, Мухуусаны Дорж гээд л Дадалын түрүүг ээлжлэн авдаг, гадагшаа гарч уралдаж түрүү авдаг улс байлаа. Тэд өвгөрөөд болиход залгаж гарсан улс нь Дэнзэнгийн Эрдэнэ, Дэнзэнгийн Мөнх, Дэнзэнгийн Загд, Цэдэвийн Холхор, Цэгмидийн Мядаг, Мядагийн Гэндэндарам, Намнангийн Дарамренчин. Тэднээс хойш залуу үе гэвэл Сүрэн, Зандан, Одхүү гээд л залуу уяачид сүүлийн үед залгаж үлдэж явна даа.
-Таны хувьд хэдийнээс морь уяж эхэлсэн бэ?
-Манай адуунаас ганц хээр морь үлдсэн гэж ярьсан шүү дээ. Тэрнийг залууд нь амьтан хүн байнга авъя гэдэг байж. Манай өвөг эцэг, эмэг ээж хоёр "Үгүй ээ, хүүд маань үлдсэн ганц адуу нь энэ. Хэдэн хөгшин цагаан морь дууслаа” гээд өгөөгүй. Миний гурван настайд л хүн унаж байсан морь шүү дээ. Би 15 хүртлээ шодоог хийсэн болохоор моринд хорхойтой болж, хээр морио Майн баяраар уядаг юм. Тэгээд Сайхан гол гэдэг газар сунгаа хийлээ. Санжаагийн Даваа ногоон морь, хар морь хоёроо уяж байгаа. Морио тавьж гаргах гэж байтал Даваа өвгөн нааш ир гэхээр нь очлоо. "За чи км хоцроогоод тавиарай, тэгэхээр чинь л хээр морины хурд хар моринд мэдэгдэнэ” гэнэ. Танай хар морь бүх л сумын түрүү авдаг байхад би км хоцроочиход миний хээр морь гүйцэх юм уу гэсэн чинь "Чиний энэ хээр морь чинь хар морьтой зүйрлэхгүй, ер нь ойрын суманд байхгүй морь шүү дээ” гэж байна. Тэгээд морио хөтлөөд гарч явах гэтэл "Ээ, би Чимэддоржийн хээр моринд мөрий тавилаа, хар морь, ногоон моринд орох улс надтай бариарай” гэвэл "Өө, купид баривал барь” гэцгээж байна. Купи гэдэг нь 50 цаасанд нь 100 цаас, 100 цаасанд нь 200-г гэсэн үг. Би ч дотроо купи барьж байгаа хүнийг чинь км хоцроож уралдаад гарзад оруулчих болов уу гэсэн шүү юм бодож явлаа. Тэгээд очоод морьд эргэхэд шодоог маань морьд эргээд явчихлаа гээд эргэх гээд болж өгдөггүй. Хартал 200-гаад метр хэртэй холдчихсон байхаар нь тэсэлгүй тавьчихлаа. Араас нь "морь чинь хол тасраад явчихвал бариад яваарай" гэж ганц дуугараад л хоцорсон. Тавьж өгчихөөд удаагүй байтал төдхөн л харсаар явтал морьдын хажуугаар гараад өнгөрч байх шиг. Морь барьдаг Мядаг гуай "ер нь эртхэн тосно байгаа, энэ Даваа өвгөн хоцроо гэж байсан шүү” гээд гараад ирсэн чинь манай шодоог ташаа тулчихсан, дуу дуулчихсан хатир тавьж явна гэнэ. "Хөөе, чи яагаад буцаав” гэсэн чинь "үгүй ээ, морь их тасарчихвал бариад яваарай гэсэн юм” гэж. "Үгүй ээ, ергөж уралддаггүй юм, явуул” гэж хэлээд морио ороолгоод зэрэгцэх гэтэл шороо, чулуу хоёр шидээд л алга болсон гэсэн. Тэгээд очиход Даваа өвгөн "Чи хоцроолгүй тавив аа даа. Хурдыг нь харж чадаагүй дээ. Миний хар мориноос лав км гаруй тасраа байхаа. Өнөө зун чи сумынхаа наадмын түрүү авна даа” гэж байсан юм. Тэгээд Дадалд ирээд уралдсан чинь ганцаараа тасархай гарч ирээд Эрээн толгойн баруун урд онхолдоод явчихсан. Би ч морио унахыг дурандаад харж байсан. Шодоог гайгүй юу гэсэн гайгүй гээд босоод явчихлаа. Хойтон жил нь уралдана даа гэж байтал хавар нь Лувсанёндон гэдэг хүн авъя гээд ирлээ. Гомбосүрэн ах маань ч "зар зар, хөгширсөн юмыг юу гэхэв” гээд зарчихсан л даа.
-Хөгширсөн гэдэг нь хэд хүрсэн байсан бэ?
-Тэгэхэд яг хэдийг нь мэддэггүй юм. Сүүлд 1961 онд дамжаад явахад нь би эргүүлж авсан юм. Ээжий маань "Хээр морь энэ жил 40-тэй шүү дээ. Одоо чи юунд ийм хөгшин юм авав” гэж байсан. Эзэн нь надад "Мөн ч сайн морь юмсан даа, уг нь зарахааргүй адуу, алдсандаа болоод л зарж байна. Идэшний адуу өгөөд ав” гэсэн юм. 40 настай морийг унана гэж ярьж байсныг бодоход тийм л хурдан адууны удам байсан даа.
-Буриадаас орж ирсэн Дон, Хадаакт үүлдрийн удам угшлын адуунаас Дадалд үлдсэн юм бий юу?
-Одоо яаж мэдэхэв дээ, ер нь яг тэр удам байсан ч устаа биз. Хадаактын үүлдрийн хэсэг адуу айлаар байсан л даа. Сүүлд нь нэгдэл болоод нийгэмчлээд явчихаар л цус холилдоно, сайжруулна гэсэн тооцоо байгаагүй юм чинь Хадаактын үүлдэр нь энэ нь байна гэж мэдэх юм ердөө байхгүй. Хурдалж байсан Санжаагийн Даваагийн хар морь, түрүүн яриад байсан Дөнгөөний Нямын улаан эд нар чинь дандаа хойд цусны л адуунууд шүү дээ.
-Уяачийнхаа гарааг өөрийн унаган хээр мориороо сайхан эхлүүлжээ. Түүнээс хойш таны нэрийг гаргаж хурдалж байсан ямар, ямар хурдан сайхан буянгууд байв?
-Манай ахын адууны нэг хээр адуу хурдан байсан. Би тэгэхэд залуу ч байж. Биндэрт наадна гэж яваад Сэрүүнд Талын багийн наадамд очоод үеийн залуучуудтай юм балгачихлаа. Өглөө нь нар халсан хойно босоод иртэл хээр морь байдаггүй, Жаргалантын адуун дотроос олж аваад Талын наадамд давхиултал Базарын Дамбын бор морины ард гарчихгүй юу. Эндээс ч Биндэрт очоод түрүү авахаа болилоо, шодоогоо дагуулаад буцаад давхилаа шүү. Хуурай адагт байсан гэртээ оройхон ирж унтаад, өглөөгүүр шодоогоо авах гээд очсон чинь тэдний аав Лувсанцэрэн гуай "Сэрүүнд архидаж байгаад морио хоёрт давхиулсан байна, Тал орчихоод буцаж ирээд Дадалд уралдахад мориноос чинь юу үлддэг юм. Шодоогоо өгөхгүй” гээд загнаж байна. Аа, нэг шодоог олдоно биз гээд морио хөтлөөд цогиулж хаялаа. Ирээд төвийн баруухнаар морио идүүлж хөдөө унтаад, наадамд ирээд шодоог олддоггүй. Тэгээд Бадамжав гэж 15-16 хүрсэн том хүүгээр унуулаад түрүүлгэж байлаа. Тэгээд буцаж очсон чинь Лувсанцэрэн гуай "Чи хожим морио л алах гэж байгаа юм, ийм хурдан морийг ингэж хамаагүй дуртай газартаа уралдуулдаг юм биш” гэж жаахан номын дуу сонсдог юм байна. 1954 онд Дадал, Баян хоёр сум нийллээ л дээ. Тэр жил нь би мал туугаад эргээд ирэхэд наадам болоход 10-хан хоног үлдсэн байсан. Хавар тавиад явчихсан тарган юмыг усан засал хийгээд, маргааш өдөр нь дахин хөлс авч уралдаад баруун давааны цаана алдсан юм. Залуугийн гай гэдэг тийм л хэцүү. Би тэгж л моринд хашир суусан хүн. Тэр хээр мориндоо хар буугаад, ойр зуур хоёр жил морь уяагүй.
-Таны үед морь уяна гэдэг хаалт, боолттой, ажлынхаа завсар зайг л хардаг байсан. Одоо бол жилийн дөрвөн улиралд уяад бараг мэргэжил аятай болчихсон байгаа биз дээ?
-Би 1957-1960 он хүртэл заводын мастер, 1960-1963 он хүртэл Хагас, Балж хоёрт намын үүрийн дарга байлаа. 1964-1971 он хүртэл Тэнхлэг фермийн дарга, 1971-1976 он хүртэл Балж бригадын дарга, 1976-1983 он хүртэл Онон бригадын дарга хийсэн. 1983 оноос нэгдлийн орлогч даргаар ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэрт гарсан. Нэгдэл нийгмийн үед хүн бүхэн завгүй, зав чөлөөгөө гаргаж л юм уяхаас биш. Энэ алба ажлыг хийхээсээ өмнө л би уяж байсан. Дарга сэтэр зүүчихээр чинь морь уях арга байхгүй. Одоо бол хүн бүр чөлөөтэй болчихлоо, наадам ч тасрахаа байчихлаа. Урьд хэзээ уралдаан гэдэг чинь өвөл, хавар болж байлаа даа. Тэгэхээр мэргэжлийн бололгүй яахав.
-Цаг тайван болоод ирэхээр адууны удам угшил хөөнө биз дээ. Танайхан ч бас сайн адууг үнэ хайрлалгүй авч байсан юм билээ.
-Манай эндхийнхэн энд тэндээс адуу мал авч, цус сэлбэж л байсан. Гэхдээ хуучин нэгдлийн л адуу авч байсан байх. Мөнхийн хоёр шарга, Дамдины Загдын халиун морь гэдэг чинь манай нэгдлийн л адууны унаганууд. Дамдины Загд бид хоёр наадамд барилдаад үзүүр, түрүүнд үлддэг байлаа.
-Алба ажлын хажуугаар бас барилдаж байсан байх нь ээ?
-Ах нь аймгийн начин цолтой. Дамдины Загд бид хоёр "За би өнөө жил нэг халиун даага авах гэж байгаа, чи надад бууж өг” гэхээр "Өө, тэгье тэгье. Урьд жил нь чи надад бууж өгсөн” гээд хөөрхөн яриа хийнэ. Тэр байнд авсан халиун даагаар сумын нэлээн түрүү авсаан. Ер нь нэгдлийн адууны нэр нь тодорхойгүй явсан болохоос биш Хадаакт үүлдрийн цусны сэлбээ байсан л байх гэж санадаг юм.
-Аймгийн начин цол авсан баяр наадмаа дурсахгүй юу?
-Ер нь би гадагшаа наадамд яваагүй. Бригадын даргын үед ердөө ч чөлөө өгдөггүй байлаа. Би бас аймагт барилдах санаатай нэгдлийн даргаас чөлөө эрнэ. Гурван гуанз гаргаж, төдөн бөх барилдуулаарай, төдөн морь уралдуулаарай гээд бригадуудад хуваарь өгнө. Тэрийгээ таслуулахгүй өөр хүнд орлуулаад яв гэнэ. Найр наадам болж байхад хэн ажил авах вэ дээ. Тэгсээр яваад 38 настай спартакиадад явсан. "Сумаас явахаар өөдтэй юм байхгүй. Урьд жил Дамба явж баахан шалны алчуур болоод ирсэн. Хавар чөлөөтэй ч байна, чи яваад ир” гээд. 15 давахад аймгийн начин өгнө гэсэн болзолтой байснаас би 13 давдаг юм. Хоёр жилийн дараа 40 насандаа түймрийн дайчилгаанд явж байгаад дуудагдаж, онгоцоор аймаг орж барилдаад аймгийн начин цол авсан юм. Бөхийн комисс заан өгье, зааны болзол ч бараг хангалаа шүү дээ гэж. Зарим нь за яахав, дараа заан авна биз дээ. Бат хүчит өрнүүн баясгалант чимэгтэй аймгийн начин өгье гэсэн. 40-тэй хүн чинь түүнээс хойш хэзээ нь очиж барилдахав.
-Та сумынхаа баяр наадамд хичнээн морь түрүүлгэж, айрагдуулж байсан юм бэ?
-Би их олон түрүүлгээгүй ээ. Нэг улаан шүдлэнг Галбын адуу байна гэж уяад, тэр жил нь аман хүзүүдчихлээ. Хойтон жил нь уралдсан Мөнхийн шаргын ард ороод хоёрлочихлоо. За түрүүлэх тэнгэргүй золиг болов уу гээд хойтон жилд нь машинд хийчихсэн дээ.
-Машинд хийчихсэн гэж юу гэж байгаа юм бэ?
-Өвсний машинд. Тэрэгний морь болгочихож байгаа юм.
-Та түрүүн усан засал хийсэн гэж ярьчихна лээ. Усан засал гэж айхтар засал гэж нэг бус удаа сонсож байсан юм. Одоо тэжээлийн адуунд хийвэл яах бол?
-Тарган адуунд л хийдэг болохоос биш, туранхай адуунд хийвэл хамгийн хортой юм ч тэр л дээ. Нимгэлэх маягтай, тарган адууны хүчийг нь авч байхгүй юу. Би одоо цагийн уяачдын юмыг огт мэдэхгүй. Миний үед өвөл бордохоос айдаг, зун бөглөө ярина гээд. Хагдаар өвөлжүүлээд зун нь уядаг. Одоо чинь өвөл нь бордоо идүүлэх байтугай, дээр нь тэжээл өгөөд уяад хурдлуулж байх. Миний боддог бодол, одоо цагийн уяачдын бодол хоёр шал өөр.
-Энэ жил танай суманд "Алтаргана" наадам боллоо. "Алтаргана" наадмаар хол ойроос танай ах дүү, амраг садантай холбоотой хүмүүс ирж уулзаж байна уу?
-Би буриад хүн учраас "Алтаргана" наадмыг анх гарч ирэхэд нь буриадын уламжлал залгах юм болох нь гэж их л сэтгэл өндөртэй байлаа. Буриад барилдаан гэдэг чинь халх барилдаанаас шал өөр юм шүү дээ. Миний багахан байхад манай Галттайд багийн наадам, овооны наадам гэж хийнэ. Тэгэхэд чинь өмднийхөө түрийг гуяа хүртэл шуучихсан, бүсээрээ хэрээсэлж уячихаад л барилддаг байсан. Тэр маягийн барилдаан л даа. Одоо ч шуудаг өмсөөд, бүсээ татдаг болсон байна лээ. Энэ наадмаар надтай хөөрөө яриа хийх гээд зон их цугладаг л даа. Миний садан төрлийн улс манай энэ гэрт багтахаа болиод гадуур олон майхан платак татаж, 15-16 машинтай улс ирсэн.
-Ер нь дэлхий нийтээрээ даяарчлагдаж, иддэг уудаг, ярьдаг хэлдэг хэл ус нь ч адилхан болж байх шиг байна. Гэхдээ л энэ их даяарчлал дунд өөрсдийн гэсэн өв соёл, хэв маягийг авч үлдэх нь цөөхөн үндэстний үүрэг болоод байна. Нутаг усныхан тань буриад уламжлал, ёс заншил, хэв маягаа хадгалж үлдэх талаар ямар байна гэж та боддог вэ?
-Ер нь хадгалж үлдэж байгаа. Энэ "Алтаргана" наадам чинь их юм санагдуулж өгч байна л даа. Буриадыг хуучны хэв янзаар нь наадуулах, хэв янзаар нь хувцаслуулах, буриад дуунуудыг мартсаныг нь сануулах зорилгоор "Алтаргана" наадам уламжилж явна. Манай сумаас Алтаргана анхны гаралтай. Тэгээд 20 дахь жил дээр нь энэ жил манай суманд хийлээ. Ер нь Алтаргана наадамд ирсэн улс бүхэн Алтаргана маань сайхан боллоо л гэж ярина шүү дээ. 11-12 мянган хүн цуглахаар сум дийлэх юм болов уу, суманд хүнддэх байх даа гэж бодож байсан. Ажил хөдөлмөр биш, наадам тоглоом юм болохоор хосгүй л сайхан болж өнгөрлөө.
-Та хэдэн хөвүүд, басгадтай вэ. Хэд нь морь уяж байгаа вэ?
-Би арван хүүхэдтэй. Би ч яахав дээ, өөрөө ч алба хашиж явсан юм болохоороо хүүхдүүдээ сургуулиас гаргах дургүй, сургууль төгсгөсөн. Их охин орос хэлний багшаас тэтгэвэртээ гарсан, одоо 60 хүрээд байна. Дараачийн охин маань хөдөөгийн барилга хариуцсан ерөнхий инженер хийж яваад бас тэтгэвэртээ гарсан. Гурав дахь хүү маань Хэнтийд дулааны ерөнхий инженер байсан, одоо сумандаа бий. Дөрөв дэх охин маань хүний их эмч. Тав дахь охин Бөмбөгөрийн худалдаанд худалдаа хийж байгаа. Охидын маань бага нь Татварын ерөнхий газарт байцаагч. Хамгийн бага хүү Батболд гээд мянгат малчин, морь уядаг хүү бий. Дашрэнчин гэдэг хүү маань малын эмч. Энэ орж гарч байгаа Даваадорж хүү маань хойно ТМС-д гурван жил сурч ирээд барилгад хийн гагнуурчин байсан.
-Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй сайхан ярилцсан танд гялайлаа. Эрүүл энх байж, урт удаан наслан, буриад зоны түүх, заншлыг үр хойшдоо өвлүүлэн уламжлуулаарай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар