Халзан бүрэгтэйн ордыг “сахал” Д.Эрдэнэбилэгээс салгая
Монголын баялаг, томоохон үйлдвэрүүдэд дангаараа эзэн сууж явсан “сахал” хочит Д.Эрдэнэбилэг оргон зайлсан ч одоо хэр нь “том” хэвээрээ байна.
Учир нь, тэр хүний гар, хөл бологсод өнөөдөр Ховд аймгийн нутагт орших Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагаа сэргээх талаар ярьж, хөдөлгөөнд оруулахаар зүтгэж эхэлжээ. Ер нь бол “бадарчин явсан газар балагтай” гэгчээр “сахал” Д.Эрдэнэбилэгийн оролцсон томоохон бизнес, төслүүд ардаа хуудуутай, хуулийн цоорхойг улстөрд нөлөөтэй хүмүүсээр ашиглан байж хөдөлгөдөг гэдэг нь өмнөх үйлдлүүдээр нь баталгаажсан.
Халзан бүрэгтэйн төслийн удирдагч нь Ц.Пүрэвтүвшин. Өмнө нь нь “сахал” Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан үед “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал байсан нөхөр.
Харин өнөөдөр түүний эзэн “сахал” Д.Эрдэнэбилэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотойгоор АТГ-т шалгагдаж байгаад Сингапурыг зориод жил боллоо. Яллагдагчаар татагдсан байсан хүн эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн 3 тэрбум төгрөгийн барьцаа тавиад л алга болчихсон. Өөрөөр хэлбэл тэр Монголын хууль яаж гууль болгодгоо харуулж байна гэсэн үг.
Гэтэл одоо “доод” хүмүүсээрээ Монголын дахиад нэг баялгийн уурхайд эзэн сууснаа ухаж, төнхөхөөр хөдөлгөөнд орсон гэсэн үг.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Болормаа “Наймдугаар сарын 16-ны өдөр Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх тухай гэсэн бичиг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас явсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсноор газрын ховор элемент боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих гэж байна. Бодлогоор дэмжих гэж юу гэсэн үг болоод ийм хурдан ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг бол цацрагт идэвхт бодис ялгардаг, Монгол Улсын хэмжээнд стратегийн бүтээгдэхүүн болох ёстой асуудал. Тиймээс УИХ-аар бодлого тодорхойлох ёстой... Энэ бол Ховд аймгийн иргэдэд маш ноцтой асуудал. Өнгөрсөн жил ерөнхий сайд газар дээр нь очиж иргэдтэй уулзсаны үндсэн дээр Засгийн хурлаар төслийг зогсоох шийдвэр гаргасан. Гэтэл ямар хурдтай сэргэж байна вэ. Ашигт малтмал гэдэг ашиг сонирхолд нэрвэгдсэн салбар гэдгийг бид мэдэж байгаа...” гэж Байнгын хорооны хурлын үеэр ярьсан.
Үнэхээр жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн өмөн “Халзан бүрэгтэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй” гэж мэдэгдсэн.
Гэтэл өнөөдөр салбарын сайд нь наад төсөл чинь зөрчлөө арилгачихсан гээд сууж байгаа нь “сахал”-ын хүмүүс хичнээн яарч, Халзан бүрэгтэйг “хөдөлгөх”-өөр чичирч байгаа нь ч харагдах биз.
Мэдээж газрын ховор элементээ олборлож, эргэлтэд оруулах нь ашигтай. Гэхдээ тэр ашиг, орлогыг “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтнүүд биш Монгол Улс авдаг баймаар байна.
https://erennews.mn/article/65184