Ц.Дэлгэрцэцэг 5 алтан медаль хүртлээ
Энэтхэг улсын Банглор хотноо зохион байгуулсан олон улсын тэквандогийн Ази тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, 5 алтан медаль хүртлээ. Тэрээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан бол энэ удаа мөн хатуу биет хугалах төрөлд алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аварга болов.
Энэ сарын 20-25-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд Монгол Улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, 25 алт, 7 мөнгө, 15 хүрэл буюу нийт 47 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэд байр эзэлсэн байна.