Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

 

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд суух гурван гишүүний томилгоог хэлэлцэн дэмжлээ.  Ерөнхийлөгчийн зүгээс Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг нэр дэвшүүлэх захирамж хүргүүлсэн юм. Харин УИХ-аас Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгожээ. Ийнхүү гурван нэр дэвшигчээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Ц.Цолмонг 68.3 хувиар, Б.Болдбаатарыг 65.8 хувиар, Р.Батрагчааг 65.9 хувийн саналаар тус тус дэмжлээ.   Шинээр томилогдож буй гишүүдээс "Иргэний үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх нь зөв, буруу тухай маргаан яригдаж байна. Тэгвэл иргэний үндсэн эрхийн маргааныг ҮХЦ хэлэлцэх нь зөв үү гэдгийг гурван нэр дэвшигчээс асууя. Зөв, буруу гэж үздэгээ тайлбарлана уу гэхэд 

Нэр дэвшигч Р.Батрагчаа: -Иргэний үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх нь зөв гэж үздэг. Гэхдээ одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулийн төсөлд учир дутагдалтай заалт бий. Цэц шүүхийн шийдвэрийг хянахгүй. Харин шүүхийн хэрэглэсэн тэр хууль нь Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянадаг зарчмаар явах нь зөв гэж судлаачийн хувьд үздэг.

Нэр дэвшигч Ц.Цолмон: -Иргэний үндсэн эрх зөрчигдсөн эсэх маргааныг ҮХЦ хянах нь маш чухал асуудал. Хуульчийн хувьд үүнийг дэвжиж байгаа. Ямар маргааныг яаж шийдэх вэ гэдэг дээр УИХ анхаарч, чамбай шийдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ер нь гаднын улсын жишгээс харахад үндсэн хуулийн маргаан шийддэг байгууллагынх нь үндсэн хийдэг ажил нь иргэний үндсэн эрх зөрчигдсөн эсэх маргааныг шийдвэрлэдэг юм билээ.

Нэр дэвшигч Б.Болдбаатар: -Иргэний үндсэн эрхийг зөрчсөн эсэхийг ҮХЦ авч хэлэлцдэг асуудал нь одоо яригдаж байгаа зүйл биш л дээ. Иргэний үндсэн эрхийг хангах чиглэлээр хэлэлцүүлэг, эрдэмтдийн бүтээл гарч байсан. Энэ хүрээнд УИХ-д өргөн барьсан хуульд энэ асуудлыг тусгасан юм билээ. Хуульч хүний хувиар хэлэхэд энэ бол зөв. Гэхдээ одоо өргөн баригдсан хоёр төслийн хүрээнд харахад энэ маргааныг Үндсэн хуулийн цэц одоо шийдвэрлэж байгаа дөрвөн төрлийн маргаанаас гадна тав дахь маргаан болгон Үндсэн хуульд оруулах замаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зүйтэй болов уу гэж харж байна гэлээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen