Хангалттай тайлбар ирүүлэхгүй бол АН-ын асуудал шүүхээр орохыг үгүйсгэхгүй гэв
Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам, эвслүүд, бие даагчид баримт материалаа тавдугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болгон СЕХ-нд хүлээлгэн өглөө. Нийт 19 нам, хоёр эвсэл буюу 21 субъектээс 1,370 нэр дэвшигчийн баримт материалыг СЕХ-нд ирүүлжээ. Бие даан дэвших хүсэлтээ гаргаж Үндэсний Аудитын Газарт мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн 77 иргэнээс 47 нь холбогдох баримт материалаа СЕХ-нд хүргүүлэв. Ийнхүү нийт 1417 нэр дэвшигч УИХ-ын 126 суудлын төлөө өрсөлдөх нь тодорхой болов.
Парламентын 2024 оны ээлжит сонгуульд оролцох тухайгаа өмнө нь мэдэгдэж бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлэлгүй хасагджээ. Харин Ардчилал шинэчлэлийн нам сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ийнхүү өмнө бүртгүүлээд байсан 25 субъектаас дөрөв нь хасагдлаа. СЕХ нам, эвсэл, бие даагчдын баримт материалыг хүлээн авснаас хойш долоо хоногийн хугацаанд хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалган бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм. Ирэх зургаадугаар сарын 1-ний дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн эцсийн тогтоол гарна.
Харин АН-ыг тойрсон маргаан сүүлийн хэдэн өдөрт тасарсангүй. Сүүлдээ нэр дэвшигчдийн жагсаалтаа эцэслэсэн талаар хангалттай тайлбар ирүүлэхгүй бол АН-ын асуудал шүүхээр орохыг үгүйсгэхгүй гэсэн тайлбарыг СЕХ-ноос өгөв.
Өнгөрсөн хэд хоногт болсон үйл явдлыг сануулахад АН-ын дарга Л.Гантөмөр, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нар хуйвалдаан хийж жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийг сольсон, үүнийг гишүүдээсээ нууж байгаад нэр дэвшигчдийн нэрсийг СЕХ-нд хүлээлгэн өгөх цагийг яг тулгаж байгаад зарласан. ҮБХ-ны хурлаас өмнө нь зарласан нэрс өөрчлөгдсөн хэмээн АН-ын гишүүд эсэргүүцэн бужигнаан үүсгэсэн юм.
СЕХ-д өргөн мэдүүлэх АН-ын ҮБХ-ны тогтоол нь намын дарга Л.Гантөмөр, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, тэргүүлэгч Ж.Батсуурь, Б.Гарамгайбаатар, Ж.Баярмаа нарын гарын үсгээр баталгаажих ёстой байв. Гэвч сүүлийн гурван хүний буюу Ж.Батсуурь, Б.Гарамгайбаатар, Ж.Баярмаа нарын гарын үсэггүй тогтоолыг СЕХ-нд АН-ын ҮБХ-ны гишүүн О.Цогтгэрэл, З.Нарантуяа, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар хүлээлгэж өгчээ. Үүнд АН-ын гишүүд дургүйцэн эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Энэ маргааны талаар өчигдөр СЕХ-ноос мэдээлэл өглөө. СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнийн хэлснээр СЕХ-нд АН-аас ҮБХ-ны тогтоол болон 126 нэр дэвшигчийн материалыг ирүүлжээ. АН-аас нэг баримт, нэг тогтоол хүлээн авснаас хойш дахин хоёр иргэнээс СЕХ-нд мэдээлэл ирүүлсэн байна. Үүний нэг нь тавдугаар сарын 20-ны өдөр нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан тухай 09 дүгээр тогтоол. Нөгөө нь АН-аас СЕХ-той шууд харилцах эрх бүхий хүний зүгээс “Энэ тогтоол дээр техникийн алдаа гарсан байна” гэдэг агуулгаар 74 хүний нэр бүхий баримтыг ирүүлжээ. Эдгээрийг СЕХ бүгдийг нь нэгтгэн танилцуулахаар болжээ.
Нэгэнт анх ирүүлсэн баримт дээр нэмж баримт, тогтоол ирүүлсэн учраас тодруулга, тайлбар авахаар СЕХ-ноос АН-д хандаж нэн даруй хариу ирүүлэх хугацаа заагаад байна. СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ энэ тухай хэлэхдээ “Энэ бол намын дотоод дүрмээр зохицуулагдах асуудал юм билээ. Тиймээс СЕХ энэ асуудалд оролцох боломжгүй. Магадгүй АН-аас хангалттай тайлбар, баримт ирүүлэхгүй бол шүүхийн байгууллагаар тогтоолгох асуудал ч үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс тодруулга, тайлбарыг маш тодорхой өгөх шаардлагатай" гэлээ.
АН-ын нэр дэвшигчдийн асуудлаар СЕХ-нд хандсан хоёр хүн гэдэг нь АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, СЕХ-той шууд харилцах эрх бүхий Оросоо нар. АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтоос ирүүлсэн хүсэлтэд тавдугаар сарын 20-ны өдөр гаргасан тогтоол гэх баримтыг хүргүүлжээ. Харин СЕХ-той шууд харилцах эрх бүхий Оросоо нь “32 дугаар тогтоолд техникийн алдаа гарсан байна. Үүнийг залруулъя” хэмээн нэр бүхий хүмүүсийн мэдээллийг ирүүлсэн байна.
Сонгуулийн үйл ажиллагаанд туйлын хариуцлагагүй хандсан АН-д СЕХ-ноос “Сонгуульд хариуцлагатай, хүндэтгэлтэй оролц” гэсэн албан бичиг хүргүүллээ. Мөн улс төрийн намын дотоод асуудал, харилцаанд СЕХ-оос хөндлөнгөөс оролцох боломж хязгаарлагдмал учир тус намын тодруулга тайлбар тодорхой биш бол шүүхийн байгууллагаар үүнийг тогтоолгох боломжтой хэмээн үзжээ. Ийнхүү хангалттай тайлбар ирүүлэхгүй бол АН-ын асуудал шүүхээр орохыг үгүйсгэхгүй байдалд хүрээд байна.
СЕХ тухайн горилогчийг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гаргахаас өмнө нэр дэвшигч татгалзаж болдог. Гэвч СЕХ албан ёсоор тогтоол гаргасны дараа нэр дэвшигч татгалзахыг хориглодог учиртай. СЕХ нэр дэвшигчдийн нэрсийг долоо хоногийн дотор эцэслэн гаргасны дараа нөхөн болон дахин нэр дэвшүүлэх процессыг хоёр хоногийн хугацаанд буюу зургаадугаар сарын 1-3-ны дотор явуулах юм.
https://news.zindaa.mn/4vb1