МАН-д “Өндөр буянтын дээрэм” гэдэг бөөн хэрүүл болж байна

 

Сүүлийн хэдэн жилд АН-ынхан л дотроо бөөн хэрүүл уруултай амьдраад байгаа тухай ярьсаар ирсэн. Одоо ч ярьж байна. Гэтэл МАН-ынхан дотооддоо илүү их хэрүүл тэмцэлтэй байгаа ажээ. Энэ хэрүүл нь хүнд хэлбэрийнх. Гэхдээ хэрүүл гэхэд хэцүү.

Тэд бие биеэ дээрэмдээд эхэлжээ. Хүний мөс, жудаг яригдах хэмжээний энэ үйл ажиллагаа нь “Өндөр буянт” гэх компанийг объект болгожээ. “Өндөр буянт” компани Автомашины засвар үйлчилгээ, Аялал жуулчлал, Өрөг угсрагч,засал чимэглэгчин,сантехникийн слесарь бэлтгэх сургалт, Гадаад худалдаа, Газар тариалан, Барилга засвар, Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийн эзэмшилд “Чонос мэнд”, “Булнайн ар”, “Өрнөх аадма” зэрэг компаниуд байдаг аж.

Улсын бүртгэлийн мэдээлэлд “Өндөр буянт”-ын захирлаар Зам тээврийн сайд асан Д.Ганбат, хувьцаа эзэмшигчээр Н.Өөдөс, Ц.Адъяаням, О.Төгсөө нар бүртгэлтэй байна. Өөдөс нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддоржийн хүүхэд, нөгөө хоёр нь Д.Ганбат болон талийгаач захирлыг төлөөлдөг гэх эх сурвалжуудын мэдээлэл бий. Гэхдээ өмнө нь “Өндөр буянт”-ын захирал өөр хүн байсан. Тус компани 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр шатсан МАН-ын байрыг дахин шинээр барих үед гэсэн үг. МАН-ын байр шатаж, одоогийн энэ Тусгаар тогтнолын ордныг шинээр барихдаа улсаас нөхөн төлбөр авсан. Шинээр барьснаас хойш хэдэн жил яригдсан. Тэр талаар тухайн үед тус намын генсек Ж.Мөнхбат “Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт оролцсон бүх хүмүүсийг өршөөх Өршөөлийн тухай хууль санаачлагдсан. Энэ хууль 2009 оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан. Мөн үймээний үеэр хохирч үлдсэн аж ахуйн нэгж, иргэдийн хохирлыг хэрхэх асуудал хөндөгдсөн. Ингээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч тал талаас ярилцаад үймээний үеэр эд хөрөнгөөр хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулахаар болсон. Тухайн онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс 216 дугаар тоот шийдвэр гарч хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөгөөр тогтоосон” гэж байв. Харин АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Ц.Хасбаатар “Ер нь татвар төлөгчдийн мөнгийг намын байр барихад зарцуулж болохгүй. Улс төрийн намын тухай хуульд нэг л заалт бий. УИХ-д суудал авсан тоогоор нь улсын төсвөөс мөнгө олгоно гэж. Мөн нам нь бизнесийн үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох ёсгүй. Гэтэл МАН-ын байранд фитнесс клуб, ресторан, супер маркетаас эхлээд олон компани түрээс төлж, энэ нам ашиг олж байна. Тиймээс нэг бол улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг буцааж төлөх, эсвэл энэ байрыг хурааж аваад олон нийтийн өмч болгох ёстой. Ямар замаар 11 тэрбум төгрөгийг гаргуулан авсан нь тодорхой болсон. МАН-ынхан хохирогч хэмээн заль хэрэглээд байгаа юм. Уг нь МАН-ынхан 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг өдөөн хатгасан, сонгуулийг луйвардсан гэдгээрээ хохирогч бус хохироогч нам. Гэтэл хохирогчдын дүрд тоглож, байшин шатсан нэрээр татвар төлөгчдийн мөнгийг авсан ийм л асуудал болсон” гэв. Мөн шатдаг цагаан байшингийн талаар “Одоогоос 20 гаруй жилийн өмнөх үйл явдал. Тэр үеийн санхүүжилтийг хөндөхөд олон юм гарна. ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Соёлын төв өргөөний комплексийг барихад бүрэлдэхүүнд нь МАН-ын шатдаг байр орсон юм билээ. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай олон удаа хөндсөн байдаг. Тэгэхээр шатаагдсан байр нь хүртэл асуудалтай. Энэ нам байнга ард түмний халааснаас мөнгө авч орон байраа бэлддэг. Тэгэхээр одоо байгаа байрны асуудлаас гадна өмнөх байрны асуудлыг ч хөндөнө” гэж байв.

Гэхдээ МАН-ын шинэ байрыг дагасан хэл амыг тухайн үедээ “Өндөр буянт”-ын захирал өөр дээрээ нэлээд авч байсан юм. “Өндөр буянт”-ын захирал нь Зам тээврийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Бүгд мэднэ. Мөн 2016 онд МАН-ын генсект нэлээд хүчтэй яригдаж байв. Тэр үед МАН-ын генсект одоогийн генсек Д.Амарбаясгалангаас гадна Б.Баярмагнай, Н.Өнөрболор, Т.Ганди, мөн талийгаач яригдаж байсан юм.

Харамсалтай нь өнгөрсөн оны наймдугаар сард “Өндөр буянт”-ын захирал асан эрхэм гэнэт нас барснаас хойш тус компанийг тойрсон маргаан эхэлжээ.

Үүнийг “МАН доторх Хотын фракцтай холбоотой” гэх яриа газар авч байна. Хотын фракц гэхээр бүгдээрээ л мэднэ. Цагтаа МАН-ыг байтугай Монголыг атгаж явсан энэ фракцынхан одоо ч амь бөхтэй оршсоор байгаа юм. Энэ зуны сонгуулиар тэд намаасаа биш өөр “эвсэл”-ээс олноороо УИХ-д орж ирэхээр бэлдэж буй юм байна. Тиймээс энэхүү “Өндөр буянтын дээрэм” гээч нь тэдний сонгуулийн зардлаа бэлдэхтэй холбоотой юу гэх зүйл ч яригдаж байна.

П.Хуяг