БНАСАУ-д суугаа Элчин сайд Л.Эрдэнэдаваа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

БНАСАУ-д суугаа Элчин сайд Л.Эрдэнэдаваа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа энэ сарын 29-нд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

 

Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын арга хэмжээний дараа БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ Элчин сайд Л.Эрдэнэдавааг хүлээн авч уулзав. Элчин сайд Л.Эрдэнэдаваа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Эрхэмсэг ноён Ким Жөн Ынд уламжлахыг хүслээ.

 

Элчин сайд Л.Эрдэнэдаваа Монгол Улсын Засгийн газар БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаагаа цаашид гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд, өнгөрсөн онд БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой, Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тус тус тохиолдуулан хоёр тал олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг дурдаад, ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын нар захидал солилцсоныг тэмдэглэв.

 

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ Элчин сайд Л.Эрдэнэдавааг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргээд, Монгол Улстай хөгжүүлж ирсэн 75 жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, Элчин сайдын цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen