ГССҮТ: Сүүлийн тав хоногт халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр 478 иргэн бэртэл, гэмтэл авсан
Украинд өдөрт 40-100 орчим шархадсан цэргүүдийн тоо бүртгэгдэж байна гэсэн мэдэгдэл ABC агентлаг хийсэн. Харин дайнгүй Монгол Улсад үүнээс илүү тооны иргэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж, гэмтэж байна. Энэ талаар ГССҮТ-ийн өчигдөр мэдээлэл хийлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
-Бэртэл, гэмтлийн зонхилох шалтгаан юу байна вэ?
-2024 оны нэгдүгээр сарын 5-9-ний хооронд буюу сүүлийн тав хоногийн хугацаанд ГССҮТ болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2012 хүн тусламж үйлчилгээ авлаа. Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг унаж бэртсэн гэмтэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгдэж байна. Эдгээр өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 478, цана чарганаас унаж гэмтсэн 75 хүн яаралтай тусламж үйлчилгээ авлаа. Зөвхөн нэг өдрийн байдлаар буюу 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр халтирч унасан 103, цана чарганаас үүдэлтэй бэртэж гэмтсэн зургаан хүн тусламж үйлчилгээ авсан.
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртсэн 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 5156 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
-Бэртэл гэмтлийн дийлэнх хувь биеийн аль хэсэгт вэ?
-Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл давамгайлж байна. Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.
-Иргэдийн зүгээс юуг анхаарах вэ?
-Халтиргаа гулгаанаас гадна иргэд цана чаргаар тоглох үеэр их бэртэж байна. Тиймээс чанарын шаардлага хангасан цана чарга сонгох, дов жалганы ойролцоо болон өндөрлөг газраас гулгахгүй байх, автомашины араас чаргаа чирүүлэхгүй байх, хэт олон чаргаар залгаж гулгахгүй байх ёстой. Мөн хашаа, шон, автомашин болон бусад зүйлийг мөргөхөөс сэргийлэх, цана, чаргаар гулгаж байгаа хүмүүсийн өөдөөс сөрж алхахаас зайлсхийх, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.
-Яагаад бага насны хүүхдүүд бэртэх, гэмтэх тохиолдол их байна вэ?
-Сурагчдын улирлын амралт эхэлсэн саруудад хүүхдийн ахуйн хүрээний осол, гэмтэл нэмэгдэх хандлагтай байдаг. Тухайлбал гэрийн болон гадна орчин, тоглоомын талбайд, ууланд чаргаар гулгах үедээ гэмтэж бэртэх, зам тээврийн осолд өртөх тохиолдол эрс нэмэгддэг. 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд тэгээс 17 хүртэлх насны 101 хүүхэд түлэгдсэн, найман хүүхэд осголт, хөлдөлтөөр яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
Тиймээс гадаа талбайд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр тоглуулахгүй байх. Агаарт салхилах, тоглоомын талбайд тоглох, чаргаар гулгах үед хүүхдийг дулаан хувцаслах зэргээр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах нь чухал юм. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх хэрэгтэй. Хүүхдийг хүүхдээр харуулах буюу ойролцоо насны ах эгч нарт нь үлдээх хайнга, тоомжиргүй үйлдэл хийхгүй байх. Түлэгдэж гэмтэх эрсдэлтэй цахилгаан хэрэгсэл (ус буцалгагч, гаазан хэрэгсэл, индүү, халуун тогоо) зэргийг хүүхэд хүрэхгүй газарт байрлуулах. Зүсэгдэх болон цохигдож гэмтэх эрсдэлтэй тавилга, хэрэгсэл (хайч, хутга, аяга шаазан, бэхэлгээ хийгээгүй тавиур, ханын шүүгээ, ирмэгтэй эд зүйлс) зэргийг сайтар далд хийх. Цонх, тагтнаас унах эрсдэлээс сэргийлэн аюулгүй байдлыг хангах. Унаж бэртэхээс сэргийлэн хивс, хивсэнцэр болон ор, буйдан, сандал, шатны эрсдэлийг тооцох хэрэгтэй.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Н.Нарванчин