Афганистанд дунд сургуулийн 80 орчим сурагчийг хордуулжээ
Афганистан улсын Сар-э-Пул мужийн Санчарак дүүргийн дунд сургуулийн 80 орчим сурагчийг хордуулсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Хордсон сурагчдын дийлэнх нь эмэгтэй хүүхдүүд байсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн байна.
Сурагчдад илэрсэн шинж тэмдгээс харвал тэднийг хордуулсан гэж үзэж байгаа юм. Мужийн цагдаагийн газар хэргийг мөрдөн шалгаж байгаа ч хэн, ямар шалтгаанаар сурагчдыг хохироосон нь одоогоор тодорхойгүй байна. Дунд сургуулийн 17 эмэгтэй сурагчийг бямба гарагт хордуулсан ба ням гарагт бусад 60 орчим сурагчид хордлогын шинж тэмдэг илэрчээ. Хордсон сурагчдад толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн ба 14 сурагчийн биеийн байдал хүнд байгаа аж.
Талибанчууд 2021 онд Засгийн эрхийг булааснаас хойш Афганистан улсад эмэгтэй хүүхдүүд боловсрол эзэмших нь маргаантай сэдэв болж, тэдний эрхийг хязгаарлах шийдвэрүүдийг гаргах болсон. Тэр дундаа эмэгтэй хүүхдүүдийг бүрэн дунд болон их сургуулийн боловсрол эзэмшихийг эсэргүүцэх болжээ. Олон улсын дарамт шахалтын улмаас талибчууд охидыг 12 нас хүртэл сургуульд сурахыг зөвшөөрсөн гэж Reuters агентлаг мэдээлсэн байна.