"Өөрийгөө хөлдөж, амьсгал хураасан гэдэгт итгэхийн аргагүй байсан"
Тэсгим хүйтэн 1987 оны нэгдүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчимд дөрвөн настай хүү М.Мөнхзаяа Ховд аймгийн Буянт сумын төвийн захад согтуу эцэгтэйгээ явж байгаад унаж, осгожээ.
Тэр шөнө хөрсөнд 28.6, агаарт 34 градус хүйтэн хоножээ. Өглөө 08 цагийн орчимд эцэг н.Монцоо тэрийж хөлдсөн, ажиглахад амьсгалгүй болсон хүүгээ олж сумын эмнэлэгт хүрч очив. Хүмүүс хүүхдийг үзэмэгц осгож нас баржээ гэж харамсан байлаа.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Даариймаа Буянт сумаас аймгийн төв орох замд хүүхэд осгож хөлдсөн дуудлагыг аваад, Б.Отгоншар эмч Буянт сум руу явжээ. Хүүхдийг үзэхэд бүх бие нь мод болтлоо хөлдсөн, гар, хөл үе мөч хөдөлгөөнгүй, нэг гараас нь татахад бүх бие нь өндийн босож байлаа. Зүрх уушгийг нь чагнахад ямар ч авиа сонсогдохгүй байв.
Крантны хүйтэн усаар ванн дүүргэж бүх хувцсыг нь тайлж, хоёр чихийг нь бөглөөд, хамрыг нь гаргаад хоолой хүртэл нь хүйтэн усанд хийж 3 цаг гаруй болгожээ. Үе үе үзлэг хийж ажиглаж байтал амьсгал, зүрхний үйл ажиллагаа сэргэж эхэлсэн байна. Наркозын эмч н.Баатаржаваар эгмийн доод талын венийн том судсанд хатгалт хийлгүүлж, гуурс тавиад дөнгөж бүлээсгэсэн шингэн явуулж, бусад амьсгал, зүрх судас дэмжих эмчилгээ хавсруулан хийжээ.
Хүүхдийн зүрхний цохилт, амьсгал жигдэрч, бие нь бүрэн гэсэж хөдөлгөөнд орж, нүд нь эргэлдэж, эргэж хөрвөж байснаа “би шээе” гэж хэлсэн байна. Эмнэлэгт 4-5 хоног эмчлүүлээд гэртээ харьжээ.
Энэ тухай ШУА-ын ажилтан, кино найруулагч Ц.Навааны хамт ирж “Дахин төрсөн хүү” кино хийсэн нь энэ юм. Мөн Болгар, Чех, Оросын хэвлэлүүдэд бичигдэж тэр үеийн Хүүхдийн төлөө төв комиссын дарга Цэдэнбал Филатовагаас Б.Отгоншар эмчид талархал илэрхийлжээ.
Осгож бараг үхээд дахин амилсан хүү М.Мөнхзаяа 1987 онд Ховд хотын 5-р цэцэрлэгт оржээ. Тэрээр Ховдын багшийн дээд сургууль төгсөж Алтай сумын 11 жилийн сургуульд математикын багшаар ажлын гараагаа эхэлсэн ба одоо 40 настай, Улаанбаатар хотод амьдардаг байна.
Өдгөө М.Мөнхзаяа энэ түүхээ ярихдаа "Намайг таван настай байхад манай аймгийнхан миний тухай баримтад кино хийж, намайг Ховд аймгийн тавдугаар цэцэрлэгт оруулж байсан юм. Би тэр үед өөрийгөө хөлдсөн гэдгийг мэдсэн. Тухайн үед өөрийгөө хөлдөж, амьсгал хураасан байсан гэдгийг мэдээд итгэхийн аргагүй байсан. Багадаа хөлдсөн тухайгаа аав, ээжээс асууж байгаагүй. Одоо ч асуудаггүй. Бага байхад энэ тухай бүр ярьдаггүй байсан. Намайг “Битгий мэдээсэй” гэж боддог байсан байж магадгүй. Тэгэхээр тухайн үед юу болсон талаар киноноос мэдсэн гэсэн үг. Тэр үйл явдлаас өмнөхөн миний эгч бурхан болсон юм билээ. Тийм учраас аав бид хоёрт тохиолдсон явдал манай гэр бүлийнхэн, хамаатнуудад маш хүнд санагдаж, бүгдийг гунигт автуулсан байх. Аавд минь үнэхээр хэцүү байсан гэсэн. Аавыг харсан хүн үзэн ядаж, муу үгээр доромжилж, алуурчин мэтээр бодож байсан гэдэг. Аав тэр үед сэтгэл санаагаар унаж, бараг ухаан нь балартаж, шаналж байсан юм билээ. Намайг тахир, дутуу ч хамаагүй босоод ирээсэй гэж хамгийн ихээр залбирсан байх. Намайг есдүгээр ангид байхад манай ангийнхан мэдсэн. Би бараг ханиад хүрдэггүй" гэжээ.