Р.Жигжид: Ойр боловч хол оршин байсан ард түмэн өдгөө ойр бөгөөд ойрхон оршдог хөрш орнууд боллоо

Зүүн гар талаас Р.Жигжид. Япон Улсын "Мандах нар" одон гардаж байгаа нь. 2018 он.

Монгол-Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиолоо. Өнгөрсөн хугацааны ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан, Монгол Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн тэргүүн Р.Жигжидтэй ярилцлаа.

-Монгол-Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон цаг бол манай улс социалист чиг баримжаагаар хөгжиж байсан үе. Тухайн үед манай улс социалист тогтолцоотой орон байсан ч гадаад харилцаа талдаа ардчилсан бодлого явуулж байж гэж ойлгож болох уу? Япон Улстай дипломат харилцаа тогтоох болсон улс төр, нийгэм, эдийн засгийн хүчин зүйл юу байв?

-Монгол Улсын хувьд Япон Улстай харилцаа, холбоо тогтоох хүсэл эрмэлзлэл XX зууны эхэн үеэс эхтэй гэж хэлж болно. Харин хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон цаг үе бол ЗХУ тэргүүтэй социалист хамтын нөхөрлөлийн орнууд болон АНУ тэргүүтэй барууны орнуудын хооронд улс төр, үзэл суртлын тэмцэл ид өрнөж байсан хүйтэн дайны үе байсан. Ийм цаг үед Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоох тухай асуудал амаргүй байсан нь мэдээж. Монгол Японы харилцаанд саад тотгор болж байсан зүйлийн нэг болох дайны төлбөрийн асуудлыг хоёр тал удаа дараа хэлэлцсэний үр дүнд 1960-аад оны сүүлээр уг асуудлыг Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлбэрээр шийдэх тохиролцоонд хүрсэн нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтооход чухал түлхэц болсон. Ингээд 1972 оны 2 дугаар сарын 24-нд  Москва хотноо БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайд н.Лувсанчүлтэм, Япон Улсаас ЗСБНХУ-д суугаа Элчин сайд Нийсэки нар Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон тухай ноот бичиг солилцсон байдаг. Энэхүү түүхэн чухал үйл хэргийг бүтээхэд Монгол, Японы найрамдлын нийгэмлэг, Япон Монголын нийгэмлэг, Япон Монголын найрамдлын нийгэмлэг, Худалдааны танхим, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг хоёр орны төрийн бус олон нийтийн байгууллагууд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Япон Улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын хувьд гадаад харилцаагаа тэлэх томоохон алхам болсон гэж боддог.

 

-Дипломат харилцаа тогтооно гэдэг онцгой чухал үйл явдал. Гэхдээ тэрхүү харилцааг байнга тордож, хөгжүүлж явна гэдэг түүнээс ч дутахгүй чухал үйл явц. Хоёр туйлт ертөнц дэх хоёр орны харилцааны эхэн үеийн хүндрэлүүд юу байв. Тэрхүү цаг үеийг талууд хэрхэн даван туулав, харилцаа хамтын ажиллагаагаа хэрхэн ахиулж ирэв?

-Хэдийгээр Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтсон хэдий ч хүйтэн дайны нөхцөл байдлын улмаас хоёр улсын харилцаа туйлын хязгаарлагдмал байдалтай байсан. Улс төрийн харилцаа үндсэндээ зогсонги, эдийн засгийн харилцааны хувьд дайны төлбөрийг барагдуулах асуудлын хүрээнд тэмээний ноос, ямааны ноолуур боловсруулах “Говь” комбинатыг барьж байгуулах, мэргэжилтэн бэлтгэх төдий асуудал яригдаж байв. Харин 1974 онд Соёлын солилцооны тухай ноот бичиг солилцсоноор хоёр талын соёлын харилцааны эхлэл тавигдаж багш, оюутан, дадлагажигч  солилцох,  соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон. 1977 онд хоёр улсын Засгийн газар Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсанаар “Говь” комбинатыг барьж байгуулах ажил биелэлээ олсон юм.

 

-Хоёр орны хооронд тогтоосон дипломат харилцааг ямар нэг байдлаар үечилж авч үздэг үү?

-Монгол, Японы хооронд тогтоосон дипломат харилцааг ерөнхийд нь Хүйтэн дайны үе (1972-1990)-ийн БНМАУ Японы харилцаа, ардчилалын үе (1990 оноос хойших)-ийн Монгол Японы харилцаа хэмээн хувааж болно. Гэхдээ 1990 оноос хойших харилцааг Шилжилтийн үеийн (1990-1997), Иж бүрэн түншлэлийн үеийн (1997-2010), 2011 оноос Стратегийн түншлэлийн үеийн хэмээн үечилж болох юм. Дипломат харилцаа тогтоосны дараах хүйтэн дайны үеийн харилцааны талаар өмнө өгүүлсэн. Харин шилжилтийн үед Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимжиж, өргөжин хөгжсөн юм. Ялангуяа Монгол Улс төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг гэтлэн давахад Япон Улс чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд хоёр орны хооронд Худалдааны хэлэлцээр (1990.03.01), Японы залуу сайн дурынхныг хүлээн авах тухай ноот бичиг (1991.03.26), Агаарын харилцааны хэлэлцээр (1993.11.25) зэрэг худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжсэн эрх зүйн баримт бичгүүд бий болсон.

 

Иж бүрэн түншлэлийн үед (1997-2010) Монгол, Японы өндөр, дээд түвшний улс төрийн харилцаа тогтмолжиж, эдийн засгийн харилцаа нь Хөгжлийн албан ёсны тусламжийн зэрэгцээ хувийн хэвшилд суурилсан харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэгдэж байсан. Энэ хугацаанд  Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр (2001.02.15), Техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр (2003.12.04) зэргийг тус тус байгуулсан. 

 

Монгол, Япон хоёр орон 2011 оноос Стратегийн түншлэлийн харилцааг  хөгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (2015.02.10), Хүмүүнлэгийн тусламж болон байгалийн гамшиг, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд сургалт, сургуулилт явуулахад хамтран ажиллах тухай хэлэлцээр (2015.06.02) зэрэг хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, олон улсын тавцанд хамтран ажиллахад чиглэсэн баримт бичгүүдийг байгуулжээ.  

 

-Манай улс социализмын чиг баримжаанаас ухарсан он цаг бол 1990 он. Зах зээлийн баримжаатай ардчилсан улс болох шилжилтийн түүхэн сорилтын явцад Япон Улс бидэнд багагүй тусалсан. Энэ тухайд та эргэн нэг хөндөх үү?

-Япон Улсын хувьд манай улсын ардчилал, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих үйл явцыг эхнээс нь тууштай дэмжиж, эдийн засаг, нийгмийн амьдралд олон талт тусламж дэмжлэгийг үзүүлэн, Монгол Улсыг дэмжих хандивлагч орнуудыг манлайлсан нь манай улсад шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулах, улмаар орчин үеийн хөгжлийн суурийг бүрдүүлэхэд томоохон үүргийг гүйцэтгэсэн тухай дээр өгүүлсэн. Япон Улс нь Монголд хандивлагчдын уулзалтыг санаачлан, Дэлхийн банктай хамтран 10 удаа зохион байгуулсан байдаг. Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж жинтэй хувь нэмэр оруулсан юм шүү. Энэхүү тусламжийг хүртээгүй салбар үндсэндээ байхгүй гэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. 1977-2021 он хүртэлх хугацаанд зөвхөн хоёр талын шугамаар Японы Засгийн газар нийтдээ 365 тэрбум иений зээл, тусламж олгосноос буцалтгүй тусламж 124 тэрбум иен, хөнгөлөлтэй зээл 183 тэрбум иен, техникийн хамтын ажиллагаа 58 тэрбумыг тус тус эзэлж байна.

 

-Ардчилсан Монгол Улс гадаад харилцааны бодлогоо тодотгож, гуравдагч хөршийн орнуудаа зарласан нь манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан явдал болсон гэж үзэж болох уу?

-Монгол Улсын Засгийн газар 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санааны дагуу ардчилсан шинэчлэлийг гүнзгийрүүлэх, зах зээлийн харилцааг төлөвшүүлэх, хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулах гадаад таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн Гадаад бодлогын үзэл баримтлалыг 1994 онд боловсруулан гаргасан. Энэхүү бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын гадаад бодлогын нэг гол чиглэлийг АНУ, Япон, Герман зэрэг өрнө дорнын өндөр хөгжилтэй орнуудтай найрсаг харилцаа хөгжүүлэх явдал хэмээн заасан. Энэ үеэс дэлхийн бодлогод нөлөө бүхий өндөр хөгжилтэй, ардчилсан улс орнуудыг цогц байдлаар “Гурав дахь хөрш” хэмээн үзэх болсон нь манай улсын олон тулгуурт, бие даасан гадаад бодлогод Япон Улс чухал байр суурь эзэлж ирсний илрэл юм.

 

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2016 онд хүчин төгөлдөр болж, 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар ямар явцтай байна вэ. Бид энэхүү гарцыг хэр үр дүнтэй ашиглаж байна вэ?

-Монгол Японы харилцаа 1990 оноос бүхий л салбарт эрчимжиж, цар хүрээ нь өргөжин чанарын шинэ шатанд шилжин Иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжих үйл явц эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны 11 дүгээр сард Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Стратегийн түншлэлийн харилцаа байгуулахад чиглэсэн Хамтарсан мэдэгдлийг гаргаж Монгол Японы харилцааны өндөр дээд хэмжээний улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, эдийн засгийн харилцааг эрчимжүүлж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүн солилцоо, соёлын харилцааг нэмэгдүүлэх, улмаар бүс нутаг, глобал асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зорилт дэвшүүлсэн.

 

Монгол, Японы Стратегийн түншлэлийн нэгэн чухал ололт бол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. 2016 оноос хүчин төгөлдөр болсон уг хэлэлцээр нь хоёр орны хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашлаад иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийнхэнд бизнесээ тэлэх, хөрөнгө оруулалт хийх шинэ боломжийг бүрдүүлж, улмаар бие биеэ харилцан нөхсөн хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах зорилгыг агуулдаг. Уг хэлэлцээрийн хүрээнд олон улсын жишгийн дагуу тухайн оны худалдааны дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцсон. Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар тогтсон. Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн 2017-2019 онд хоёр улсын худалдааны эргэлт тогтвортой өсөж байсан боловч цар тахлын улмаас худалдааны эргэлт түр зуур буураад байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан үеэс хойш хоёр талын нийт худалдааны эргэлт өсөж буй хандлагатай хэдий ч Монголын экспорт нэмэгдэхгүй байгаад бид дүгнэлт хийх хэрэгтэй болж байна.

 

-Манай улс ардчиллыг гүнзгийрүүлэх, эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх зорилтуудын хүрээнд Япон Улстай тогтоосон тал бүрийн харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгсөөр ирсэн. Дипломат харилцаагаа тордож өнгөлөх үүргээ бид хэр хариуцлагатай биелүүлж яваа бол?

-Хоёр тал тогтоосон харилцаагаа тордож өнгөлөх үүргээ маш сайн, хариуцлагатай биелүүлж байгаа гэж боддог. Тавин жилийн өмнөх хүйтэн дайны үеийн бие биедээ үл итгэсэн, үзэл сурталжсан, хүйтэн хөндий харилцаа өнөөдөр ийнхүү Стратегийн түншлэлийг давсан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай Стратегийн түншлэл” болтлоо үсрэнгүй хөгжсөн нь дээрхийг нотолж байна.

 

-Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны түүх хагас зуунаар хэмжигдэнэ гэдэг бага биш хугацаа. Энэхүү түүхэн цаг хугацааны хуудсанд бид ямар ололт амжилтыг бичиж үлдээв гэдэг дээр багцлаад Та нэг хэлэх үү?

-Ойр боловч хол оршин байсан ард түмэн өдгөө ойр бөгөөд ойрхон оршдог хөрш орнууд боллоо. Монгол-Японы харилцаа улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэг, батлан хамгаалах гээд бүхий л салбарт өргөжин хөгжлөө. Хүйтэн дайны үед социалист Монгол, милатарист Япон гэгдэж байсан хоёр улс өнөөдөр “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай Стратегийн түнш” болжээ.

 

-Цаашид бид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад юуг анхаарч, ямар чиглэлийг барьж ажиллах шаардлагатай гэж Та боддог вэ? Хувь хүний зүгээс дотроо агуулж явдаг санаа оноогоо хуваалцаач?

-Стратегийн түншлэл хэрэгжүүлж буй манай хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх шаардлага байна. Монгол-Японы худалдаа, эдийн засгийн харилцааны эрх зүйн үндэс суурь сайн тавигдсан хэдий ч бодит нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа тал бий. Улс төрийн харилцаан дахь өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаа нь сайн. Гэхдээ Япон Улсын Цог жавхлант Эзэн хааны Монгол Улсад хийх Төрийн айлчлалыг хэрэгжүүлэх зорилтыг хоёр талын холбогдох байгууллагууд анхааран ажиллахыг хүсэж байна. 

МОНЦАМЭ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen