ЗГ: Хилийн боомтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбох ажлыг эрчимжүүлнэ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилийн боомтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбох нөхцөлийг бий болгох, зураг төслийн ажлыг бий болгох, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргасан. Монгол Улс өнгөрсөн хугацаанд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганцхан төмөр замтай. Үүгээрээ олон улстай холбогддог байсан бол өнгөрсөн намар Гашуунсухайтын төмөр замыг байгуулж, хил дээр очсон байгаа. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд Ханги мандлын төмөр замтай холбогдсон. Эдгээр төмөр замыг Хятадын төмөр замтай холбож байж, бидний ачаа бараа бий болно. Өнөөдөр хэдийгээр төмөр зам барьсан Хятадын төмөр замтай холбогдоогүй байгаа учир болохгүй. Хятадын төмөр замтай холбогдсоноор ачааны хэмжээ 30 сая хүртэлх нэмэгдэх бололцоо бүрдэх юм. Иймээс холболтын төмөр замыг барих чухал байгаа юм. Үүнээс гадна баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Шивээхүрэнгийн төмөр замын холболтын чигийг тохирох, мөн Бичигт, Чойбалсан чиглэлийн төмөр замыг холбох ажлыг хэрэгжүүлэхээр байгаа. Эдгээр ажлыг хийж, хэрэгжүүлэхээр ажиллана” гэв.