Т.Доржханд : Хүүхдийн мөнгийг 1 саяаас дээш орлоготой өрхөд өгөхгүй байх хэрэгтэй
УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд 2023 оны төсвийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Доллар, инфляцын өсөлтийг мөнгөний бодлогоор шийдэхээсээ нэгэнт оройтсон учир бид төсвөө хэмнэж шийдэж явах ёстой. Өмнө жилийн төсөв 18 их наяд байсан гэтэл энэ жилийн төсөв 20.5 их наядаар орж ирлээ. Төсөв ингэж тэлээд байхад мөнгөний бодлогын хүүг хэдэн хувь болгож өсгөсөн ч үр дүн гарахгүй. Тийм учраас энэ удаа төсвөө балансжуулж төсвийн алдагдлыг 0 болго. Сүүлийн арав гаруй жил Монгол Улсын төсөв цемент зуурч ирсэн. Одоо цемент нь байхгүй болоод гаднаас авна гээд гаалийн татвараа 0 болгодог улс орон байж болохгүй.
2023 он бол онцлог жил. Монгол Улс 2023 онд маш их гадаад бондууд төлнө. Самуурай бонд, Хятадын своп зээл зэрэг томоохон зээлүүдийг ирэх жил төлнө. Мөн ирэх жил 570 сая долларын гэрээгээ бондны төлбөр хийгдэнэ. Монголд мөнгө байна уу, байхгүй. Байхгүй тохиолдолд дампуурал болно. Нэгэнт дефолт болчихвол 10 жил эдийн засаг сэргэхгүй. Тийм учраас энэ удаа мөнгөний бодлогыг нэгд тавь. Мөнгөний бодлогоо нэгд тавиад төсвийн бодлогоор дэмж.
Тэтгэврийн зардал 4 их наяд төгрөг болчихлоо. Цагаан сар болохоор ахмадууддаа хайр зарлаж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгодог. Тэтгэврийн шинэчлэлийг иж бүрэн хийх хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил халамжаас хөдөлмөр гэж их ярилаа. Лоозон хэвээр байсаар байна. Хүүхдийн мөнгийг 100 хувиас 91 хувь руу л буулгасан байна. Үүнийгээ дорвитой буулгаж эхний ээлжид дор хаяж 20 хувь буулгах боломж байна. Тухайлбал, хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авдаг учраас 16, 17 настай хүүхдүүдийг хасаад 0-16 насны хүүхдэд олгох хэрэгтэй. Хоёрт, тухайн өрхийн гишүүдийн нэг хүнд оногдох сарын орлого нь 1 сая төгрөгөөс дээш байх юм бол хүүхдийн мөнгөнөөс чөлөөлөх бүрэн боломж байна. Дээрх зардлуудыг хэмнэх юм бол дор хаяж 20 хувийн хэмнэлт бий болж байна.
2022 онд түүхэндээ байгаагүй төсвийн тэлэлт хийлээ. Бүх асуудлыг төр шийднэ гэдэг. Хавтгайрсан халамж, данхайсан төр 2023 оны төсөвт яг хэвээрээ орж ирлээ. Тухайлбал, хүүхдийн хоолыг төр хийх шаардлагагүй. Төрийн байгууллагын цэвэрлэгээг төр хийх шаардлагагүй. Ийм байдлаар явсаар байвал Монгол дампуурна. Засгийн газар төсвөө тат. Хулгай хийдэг төрийн өмчит компаниудаа хувьчил" гэлээ.