Бээжингийн иргэд хөл хорионоос айж хүнсээ нөөцөлж эхэллээ

 

Бээжингийн иргэд хөл хорионоос айж хүнсээ нөөцөлж эхэллээ

 

COVID-19-ийн тохиолдол дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын нийслэл Бээжин хотноо бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэллээ. Бээжингийн Чаоянь дүүрэгт амралтын өдрүүдээр 26 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн үеийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Тиймээс 3.5 сая хүнтэй тус дүүрэг иргэдээ гурван үе шаттайгаар шинжилгээнд хамруулахаар болжээ. Бүх нийтийг шинжилгээнд хамруулах нь аль бүс нутагт хөл хорио тогтоож, арга хэмжээ авах шаардлагатайг мэдэхэд тусална хэмээн анагаах ухааны шинжээчид үзэж байна. Халдварын тархалт эрс нэмэгдсэнээс үүдэн иргэд дэлгүүрүүдэд урт дараалал үүсгэж, лангуунуудыг хоосолж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь Шанхай хотын 25 сая иргэн хэдэн долоо хоногийн турш хөл хорионд орсонтой ижил нөхцөлд орох вий гэдгээс Бээжин хотын оршин суугчид эмээж байгаа бололтой. Үүнтэй уялдуулан Бээжингийн томоохон супермаркетууд ажиллах цагаа уртасгаж эхэлжээ. Мөн Хятадын төрийн мэдээллийн “The Global Times” сонинд мэдээлснээр хүнс үйлдвэрлэгч компаниудыг мах, өндөг, хүнсний ногооны нийлүүлтээ нэмэгдүүлэхийг Засгийн газар үүрэг болгожээ.

 

Шанхай хотын нэг иргэн “Өглөө үүрээр дэлгүүр орно гэж бий хэзээ ч бодож байгаагүй. Гэтэл намайг очтол өндөг, сам хорхой бүгд дуусчихсан, махыг хүмүүс авчихсан байсан. Бид жоохон хүнсний ногоо л худалдан авсан” гэж “Weibo”-д бичжээ. Өөр нэгэн Шанхай хотын иргэн “Бээжинд хүмүүс хүнсний зүйлсээ нөөцөлж байгааг хараад инээд, гуниг хоёр зэрэг төрж байна. Энэ нь өнгөрсөн сарын өөрийн амьдралаа дахин харж буй мэт санагдлаа” гэсэн байна. Шанхай хотод гуравдугаар сарын сүүлээр анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдгөө 400 гаруй мянган тохиолдол батлагдаж, 138 хүн нас баржээ. Бээжин хотод ч ойрын өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Эх сурвалж:BBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen