КУРТ КОБЕЙНИЙ 50 НАСНЫ ОЙ
Орчин үеийн хөгжим сонирхогчдын дунд "Нирвана” хамтлагийг мэддэггүй хүн хуруу дарам цөөн биз ээ. Тэгвэл энэ хамтлагийг үүсгэн байгуулагч Курт Кобейн АНУ-ын Вашингтон мужийн Абердин хотод яг 50 жилийн өмнө, 1967 оны хоёрдугаар сарын 20-нд төржээ. Курт Кобейний төрөлх Абердин хот Вашингтон мужийн төв Сиэттлээс холгүй оршдог бөгөөд Америкийн орчин үеийн хөгжмийн ертөнц Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг томоохон хотын рок соёлыг шагшин магтдаг байснаас биш хаа холын Сиэттлийн дунд түгсэн гранж буюу орчуулбал "хог хаягдал” хэмээн тоомжиргүй нэрлэсэн рокийн өвөрмөц урсгалыг төдийлөн сонирхдоггүй байсан нь мэдээж. "Нирвана” хамтлаг энэхүү сонин содон гранж рокийг 1991 онд "Smells Like Teen Spirit” дуугаараа дэлхий даяар тунхагласан төдийгүй "Х” үеийнхний дуу хоолой хэмээн тоогдох болсон билээ. АНУ-д "Х” гэж "Бэйбибүүмер” хэмээх дэлхийн II дайнаас хойш төрөлт огцом өссөний дараа буюу 1965-1979 оны хооронд төрөгсдийг нэрлэдэг.
"Бэйбибүүмер” үеийнхэн "Битлз” зэрэг өөрийн шүтээнтэй байсан бол "Нирвана”, нэн ялангуяа тус хамтлагийн үүсгэн байгуулагч Курт Кобейн 1991 онд гарсан "Smells Like Teen Spirit” сингл, "Nevermind” цомгоороо поп од Майкл Жексоны урд гишгэн биеэ тоогчид гэгдсэн "Х” үеийнхнийг шууд л араасаа дагуулсан гэдэг. Чухам "Нирвана”-гийн энэ амжилтын ачаар олон нийтээс тусгаар байсан "хонгил”-ын рок моодонд орж дэлхий даяар түгж эхэлжээ. Хэзээ ч жүжиглэдэггүй, сонин содон тайзны дүр үзүүлдэггүй, өдөр тутам өмсдөг хувцастайгаа л тайзан дээр гарч эрээн бараан амьдралыг гоёчлолгүй хүүрнэн дуулдаг байсан Курт Кобейн гэнэт ниргэсэн нэр алдрыг тэвчиж чадалгүй 27 насандаа амиа хорлон ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд үүний дараа гранж рок уналтад орсон ч "хонгил”-ын рокийн урсгал дэлхийд түгэх эхлэлийг тавьсан гэдэг.
Б.БАРС
ЗУУНЫ МЭДЭЭ