Г.Даваазул: Цаг нь болохоор тайзны бүтээл хийнэ

Г.Даваазул: Цаг нь болохоор тайзны бүтээл хийнэ

 

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн Онцлох ярилцлага булангийн зочноор “Этик” продакшны найруулагч, жүжигчин Г.Даваазулыг урилаа. 

-Ковидын нөхцөл байдлаас болоод уран бүтээлчид маань хоёр жил гаруй нам гүм байлаа. Одоо л сэргэж байх шиг байна?

-Сүүлийн хоёр жил Монгол гэлтгүй дэлхийн уран бүтээлчид их сонин байдалд байлаа. Манай продакшн байгуулагдаад гурван жил болж байна. Эхний жил “Хүний цаана”, “Цуурхал” киногоо хүргэсэн. Удаа ч үгүй ковид гээд бүх салбар зогсонги байдалд орсон. Гэхдээ зүгээр суухыг хүсээгүй. Аль болох халдвар хамгааллын дэглэмээ сахиад уран бүтээлээ хийхээр зорилоо. Одоогоор хоёр уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.  

-Нэг нь түүхэн кино гэж сонссон?

-1985 онд болсон үйл явдлаас сэдэвлэсэн “Мардай” түүхэн киноны зураг авалт  амжилттай дууслаа. Түүхэн гэдэг утгаараа хавар нээлтээ хийхээр төлөвлөөд байна. Мөн 2021 оны төлөвлөгөөнд багтсан “Хүний цаана-2” буюу “Хуулиас гадуур” киногоо энэ сарын 24-нд нээнэ.

-“Хүний цаана” кино үзэгчдэд нэгийг бодогдуулсан, чухал сэдвийг барьж авсан гэж боддог?

-Манай кинонд урд хөршийн бизнес эрхлэгчид манай улсад их орж ирж, хууль бусаар ажиллаж буй тухай өгүүлдэг. Бидэнд үндэсний өв соёл, хэл, газар шороо ямар үнэ цэнтэй билээ. Үүнийг хойч ирээдүй болсон залуус бид хайрлаж хамгаалж явах учиртай. Бид энэ сэдвийг хөндсөн нь цаг үеэ олсон гэж боддог.

-Үйл явдал хоёрдугаар ангид үргэлжлэх үү?

 -Хүмүүс энэ тухай их асууж байна. Утга, агуулгын хувьд төстэй ч эхний ангийн үйл явдал үргэлжлэхгүй. Гэхдээ нэгдүгээр ангид тоглосон жүжигчид бүгд энэ анги дээр ч өөр өөрийн дүрийг гаргана. Харин эхний ангийг үзэж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхийн тулд зарим нэг үйл явдлын давхцалыг шигтгэж өгсөн.

-Дүрүүдийн хувьд шинэ жүжигчин байгаа юу?

-Эхний анги дээр эсрэг талын дүрийг гавьяат жүжигчин Г.Золбоот ах болон залуу жүжигчин, дуучин Г.Баяржавхлан нар бүтээсэн. Харин энэ удаа эсрэг талын дүрд Өвөрмонголын жүжигчин н.Дэлхий болон “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр ахтай хамтарч ажиллалаа.

-Түүхэн кино гэдэг найруулагчийг сорьж, нэг алхам урагш хөтөлдөг гэж ойлгодог. Залуу найруулагчийн хувьд эмээх, сүрдэх зүйл их байв уу?

-“Мардай” бол манай продакшны хоёр дахь түүхэн бүтээл. Эхнийх нь 1993 оны түүхийг өгүүлсэн “Хэлгүй жим” кино байсан. Гэхдээ яг түүхийг бүрэн үзүүлнэ гэвэл манай продакшн шиг залуу уран бүтээлчдийн хувьд мөнгө санхүүгээс эхлээд хэцүү. Тиймээс аль болох түүхийг гуйвуулахгүйгээр үйл явдлаас нь сэдэвлэж хийхийг илүүд үзсэн.

-Ялангуяа, түүхэн, болсон явдлаас сэдэвлэсэн кинонд судалгаа чухал. Таны хувьд судалгааг хэрхэн хийдэг вэ?

-Зохиол бичихэд судалгаа хамгийн чухал. Өөрийнхөө хэмжээнд судалгааг сайн хийдэг. Одоо цахим ертөнц хөгжөөд ямар ч мэдээллийг түргэн шуурхай авах, түүх, болсон явдлыг уншихад асуудалгүй болж. Миний хувьд тухайн түүхийн тухай бичсэн ном зохиол, түүхэн үйл явдалд оролцсон хүмүүс байвал уулзахыг боддог. Гэхдээ судалгаа хийлээ, зохиол бэлэн боллоо гээд кино бүтчихдэггүй. Ард их олон хүний хүч хөдөлмөр шингэдэг.

-Таны хувьд өөрөө зохиолоо бичнэ, найруулна. Тэгээд гол дүрээ бүтээнэ. Давуу болон сул тал их байх даа?

-Аль аль нь бий. Өөрөө дүрээ, дүрийн шугамаа бичдэг учир тухайн дүрийг гаргахад арай хялбар юм шиг байдаг. Гэхдээ бүх ажил дуусаж, кино гарсны дараа үзэж байхад энэ хэсэг дээр жаахан дутчихаж, ингэдэг л байж дээ гэсэн бодол төрдөг шүү. Ер нь дараа дараагийн уран бүтээл дээр аль нэгийг нь л барья гэж бодогдох үе бий.

-Үндсэн мэргэжил чинь жүжигчин. Найруулах урлагийг хэзээнээс сонирхож эхлэв?

-Анх “Мөрөөдлийн театр”- т орохдоо хоёрдугаар найруулагчаар ажиллаж байсан. Тайзны болон дэлгэцийн бүтээлүүдэд нь ч ажиллаж туршлага хуримтлуулсан. Гэхдээ одоо ч өөрийгөө найруулагч болчихлоо гэж боддоггүй. Бүтээлээс бүтээлийн хооронд туршлагажиж байна. Гаргасан алдаагаа дараагийн уран бүтээлдээ давтахгүй юмсан гэж хичээдэг.

-Таны хувьд “Мөрөөдлийн театр”-аар овоглож, тайзан дээр жүжиглэж байсан. Ер нь тайзны бүтээл хийе гэсэн бодол бий юу?

-Анх продакшнаа байгуулахдаа тайзны бүтээл хийе гэсэн зорилготой байсан. А.Энхжин ахын хувьд ч “Шинэ үе” продакшнд тоглодог байсан. Тиймээс хоёулаа нийлээд тайзны бүтээл хийнэ гэж ярьдаг байлаа. Гэхдээ дөнгөж продакшнаа байгуулчихаад яг тайзны бүтээл хийе гэхэд зориг байвч бяр дийлэхгүй юм шиг санагдсан. Одоо ч мөрөөдөл байна. Цаг нь болохоор тайзны бүтээл хийнэ.

-Танай “Этик”-ийн кинонуудыг, уран бүтээлчдийг хүмүүс харьцангуй таньдаг болжээ. Анх байгуулж байхдаа олон бэрхшээлтэй тулгарсан байх?

-Мэдээж бэрхшээлтэй зүйл олон байсан. Гэхдээ нэгэнт л урлагт сэтгэл зүрхээ зориулсан хүний хувьд зорьсон зорилгынхоо ард гарна гээд зүтгэсэн. Тухайн үед манай “Фантастик”-ийн ах нараас эхлээд КУДС-аас төрсөн уран бүтээлчид маань киногоо нээгээд их гоё байсан үе. Нуулгүй хэлэхэд тэдэнд цагаахан атаархдаг байлаа. Тиймээс “Хүний цаана” кино зохиолоо бичээд А.Энхжин ахад хамтраад продакшн байгуулъя гэсэн санал тавьсан.  

-Хамтрагчаараа А.Энхжинг сонгосны гол шалтгаан нь юу байсан бэ?

-Бид КУДС-ийн дээд, доод төгсөлтийн ах дүүс. Тэр үеэс бие биеэ мэддэг байсан. Тийм учраас ярилцаж, ойлголцоход их амар. Одоо ах маань жүжиглэхийнхээ хажуугаар продакшны захирал, продюссер гээд маркетинг талаа бариад ажиллаж байна. Миний хувьд найруулагч, жүжигчин гээд цэвэр уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулж байна.  

-Киноны амин сүнс нь яах аргагүй жүжигчин. Та жүжигчдэд ямар шалгуур тавьдаг вэ?

-Миний нэг баримталдаг зарчим бий. Тэр нь зөвхөн мэргэжлийн жүжигчин тоглуулах. Аль болох уран бүтээлээ мэргэжлийн түвшинд хийхсэн, чанартай кино бүтээхсэн гэж зорьж байна.

-Дөнгөж уран бүтээл эхэлж байгаа залуусын хувьд санхүүжилтээ босгоно гэдэг том асуудал байдаг?

-Ер нь хувь хүн, жижиг компаниуд л дэмждэг. Үнэндээ тэр бумтан болчихсон, санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн хүмүүс дээр орж үзээгүй биш орсон. Тоодоггүй юм билээ. Харин өөрийн гэсэн жижигхэн бизнестэй, хэдэн төгрөг дансандаа хийчихсэн, бизнес хийхийн жаргал зовлонг биеэр мэдэрчихсэн хүн л дэмждэг. Тэр хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй юмсан гэж хичээдэг.

Эх сурвалж: www.polit.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen