Барилгын материалын үнэ дээд тал нь 92 хувьд хүрч өсчээ
Коронавирусын хөл хорионы улмаас хилийн боомт дээр ачаа, тээврийн бөөгнөрөл үүссэн, импортлогч ордуудад ч бүтээгдэхүүний үнэ багагүй нэмэгдсэн нь барилгын материалын үнэ тэнгэрт хадахад нөлөөлсөн. Өчигдөр Шадар сайд С.Амарсайханыг Барилга хот байгуулалтын яаманд ажиллах үеэр яамны мэргэжилтнүүд барилгын материалын зах зээлийн үнийн өсөлтийг танилцууллаа.
Яамныхны хэлж байгаагаар өнгөрсөн хавраас хойш шил, шилэн багц, мод, модон материал, хуурай хольц, арматур, цонх, хаалганы түүхий эд, хуванцар материалын үнэ 92 хувь хүртэл өсчээ.
Өнөөдрийн байдлаар барилга байгууламжид хэрэглэгддэг гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох арматур, төмөр бүтээц эдлэл, хөөсөн полистрол хавтан, цахилгаан сантехникийн материал, хэв хашмалын хар панер зэрэг материалуудын хомстол үүсч эхлээд байгаа юм байна.
Мөн арматур, катанг 81 хувь, хуванцар цонх 62 хувь, барилгын дулаалгын материал 92 хувь, мод, модон материал 69 хувь, тоосго 52 хувь, чулуун хавтан 26 хувь, хэв хашмал 40 хувь, хөнгөн блок 13 хувиар тус тус өссөн. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болж байна гэж мэдэгдэв.
Эх сурвалж: БХБЯ