БНАСАУ Өмнөд Солонгосыг сүрдүүлэв

БНАСАУ Өмнөд Солонгосыг сүрдүүлэв

 

БНСУ болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалттай холбоотойгоор Хойд Солонгос мэдэгдэл гаргасан байна. Өмнөд Солонгосын "түрэмгий үйлдлийн улмаас" БНАСАУ Өмнөд Солонгостой хийсэн хэлэлцээрээс гарч, Сөүлтэй яриа хэлэлцээ хийх байгууллагыг татан буулгана гэж Хойд Солонгос сүрдүүлжээ. Энэ талаар Солонгосын Хөдөлмөрийн яамны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жоны хийсэн мэдэгдэлд онцолсныг ТАСС агентлаг дамжууллаа. 

"Өмнөд Солонгос "нийт Солонгосын ард түмэнтэй найрсаг харилцахын оронд "дайн", "хямралын арга" сонголоо" гэж мэдэгдэлд онцолсон байна. Түүнчлэн Хойд Солонгос Өмнөд Солонгосын үйлдэл бүрийг анхааралтай ажиглана хэмээн цохон тэмдэглээд "Үйлдэл нь илүү өдөөн хатгасан шинжтэй болвол онцгой арга хэмжээ авна. Тухайлбал бид Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрээс зоригтой татгалзана" гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Мэдэгдэлд дурдсан хэлэлцээрийг 2018 онд болсон хоёр орны төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан бөгөөд хилийн бүсэд цэргийн хурцадмал байдлыг бууруулахад чиглэгдсэн юм.

 

Цаашлаад мэдэгдэлд, Эх орныг энхийн замаар нэгтгэх хороог татан буулгахаас арагагүй, учир нь "энэ байгууллага цаашид оршин тогтнох шалтгаан алга" хэмээжээ.

Түүнчлэн мэдэгдэлд, Хойд Солонгосын эсрэг "дайсагнасан үйлдэлд" оролцохгүй байхыг АНУ-д хандан уриалсан байна. "Ойрын дөрвөн жилд тайван унтахад нь саад болох зүйлсийг хийхгүй байсан нь дээр" гэж Цагаан ордны тэргүүнд хандан мэдэгдэлд онцолжээ.

Энэ нь Байдены захиргаанд хандсан БНАСАУ-ын анхны илгээлт юм. Цагаан ордон Хойд Солонгостой харилцахыг оролдсон ч хариу аваагүй гэж мэдэгдсэний дараа гарсан энэ мэдэгдэл олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

 

Өмнөд Солонгосын хариу 

Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн албан хаагчид жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилалтаа гуравдугаар сарын наймны өдөр эхлүүлсэн юм. Энэ цэргийнх сургуулилалт цар тахлын улмаас цомхон хэлбэрээр, цахим технологи ашиглан явагдаж байгаа аж.

 

Америк, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг Хойд Солонгос жил бүр эрс шүүмжилдэг бөгөөд энэ удаад ийнхүү хэлэлцээрийг тасалдуулна гэж сүрдүүлсний хариуд БНСУ ч мэдэгдэл гаргажээ.

 

Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалахын яам БНАСАУ-д хандан уян хатан хандлага гаргаж, цэргийн хурцадмал байдлыг бууруулах тухай хоёр талын хэлэлцээрээс гарахгүй байхыг уриалсан байна.

"Одоо зохион байгуулагдаж буй Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт нь команд-штабын сургуулилалт бөгөөд тогтмол явагддаг, гагцхүү батлан хамгаалах зорилготой. Хойд Солонгос үүнд уян хатан хандаж, хойг дээр бат бэх энх тайвныг тогтоох зорилгоор хэлэлцээг эхлүүлэх бидний саналд хариу өгөх ёстой" гэж БНСУ-ын БХЯ мэдэгджээ.

 

Түүнчлэн цэргийн хурцадмал байдлыг намжаах хоёр талт хэлэлцээр нь "бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам онцолсон байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen