А.Гансүх хүлээн зөвшөөрөв

А.Гансүх хүлээн зөвшөөрөв

 

ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Г.Галбадрах, ҮАБЗ-ийн референт Б.Галданжамц нар шинийн нэгэнд 0536 УНҮ улсын дугаар бүхий Land cruiser-200 автомашинаар ОХУ-ын хилээр нэвтэрсэн. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах зорилгоор явж байна” гэсэн халхавчин дор хил нэвтэрч, Монголд буцаж ирэхдээ 20 сая ам.доллар тээвэрлэж ирсэн тухай баримтат нийтлэл хэвлэлд гарсан. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх сэтгүүлчдэд энэ талаар тайлбар өгөхдөө “Тэр гурван хүн манай ажилтнууд мөн” гэж хүлээн зөвшөөрлөө. Түүгээр ч зогсохгүй “Онгоц байхгүй учраас машинтай явцгаасан” гэж улалзав. Харин 20 сая ам.доллар хууль бусаар тээвэрлэсэн байж болзошгүй тухайд “Төрийн нууц” гэж хаацайлав. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын хувьд, төрийн нэрээр хоёр улсын хил дамнан хууль бус тээвэрлэлт хийх нь төрийн нууц бололтой. Харин энэ нь хүрээгээ тэлж, их хэмжээний валют хууль бусаар тээвэрлэсэн контрабандын хэрэг болж хувирвал яах вэ, А.Гансүх ээ.

 

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй холбоотой маш ноцтой мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийсэн. Тэрбээр 401 дүгээр хаалттай хорих ангид ажиллах үеэрээ “С.Зоригийн хэрэг, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг удаашруулах болон томоохон хэргүүдтэй холбоотой эд мөрийн баримт өмгөөлөгч Б.Баасанцогтын компьютерээс олдсон. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх үүнд гүнзгий оролцсон байж болзошгүй” гэж мэдэгдсэн юм. Харин А.Гансүх сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Би Б.Баасанцогтыг танина. Намайг Зам, тээврийн сайд байхад тэр хүн МИАТ-д ажиллаж байсан” гээд хэлчихлээ. Шуудхан хэлэхэд, тэр өөрийгөө ийнхүү барьж өглөө. Харин Б.Баасанцогтод “хадгалуулсан” хонгилын схемийнхээ талаар ганц ч үг ганхийсэнгүй. Эндээс харвал, А.Гансүхэд Ерөнхий сайдын хийсэн мэдээллийг үгүйсгэх баримт бас л байхгүй бололтой.  

 

Analiz.mn

Ш.Даваа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen