Хороо эзэнгүйдэхгүй
Хаалга татан ороход халуу дүүгсэн жижиг өрөөнөө бичгийн ширээний ард түвшин сайхан, төлөв даруу бүсгүй намуун зөөлөн мэндлэн найрсаг дотно угтах нь нарийн бичгийн дарга Сэлэнгэ ажээ. Түүний дүрлэгэр алаг нүд, дөлгөөн намбалаг царай, ажлаа арван хуруу шигээ мэддэг хүний үг, үйлдэл бүхэн зохиолч бидэнд хэдийнэ танил, ижил дасал болжээ. Бийр бэх, бичиг цаастай ноцолддог бидний тухайтад монголын зохиолчдын үе үеийн үлгэр туульсийн зохиол амилсан, итгэл үнэмшил ивээл хайр шингэсэн язгуурын орд шилтгээн нь Монголын Зохиолчдын Эвлэлийн төв байр юм.
Өнгөрсөн зууны жараад оны сүүлч хүртэл айлын дамждаг хоёр өрөөнөөс эхлээд Засгийн газрын ордон, Геологийн яам зэрэг нэлээд хэдэн газрын хаяа хатавч бараадан явсан зохиолчдын байгууллага тэр үед эзгүй зэлүүд шахуу байсан буйдхан газар өөрийн гэсэн орд өргөөтэй болсон нь түүхэн үйл явдал байлаа. Тэр тусмаа Монголын зохиолчдын хорооны дэргэдэх Утга зохиолын фондын хөрөнгө буюу зохиолчдын өөрийн хандив, хөрөнгөөр МЗЭ-ийн гурван давхар барилгыг барьсан нь алс хэтдээ ч өвлөгдөх үндсэн хөрөнгө, өмч болон үлдсэн билээ.
Дал, ная, ерээд оны үед МЗЭ-ийн саарал ордон зохиолчид хөлхсөн олны хөлийн газар байлаа. Гурван давхрын бүх өрөөнд зохиолчид байрладаг байв. Тэнд уран зохиолын төрөл зүйлээр төрөлжсөн хэлтэс, тасаг болон “Утга зохиол, урлаг” сонин, “Цог” сэтгүүлийнхэн, санхүү аж ахуйнхан гээд нүсэр гэмээр бүтэцтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүчирхэг төрийн бус байгууллага байлаа. Байрны нэгдүгээр давхарт хурлын өрөө, хоолны газартай. Хурал цуглаан голдуу тэнд болно. Хоёр давхарт МЗЭ-ийн даргын өрөө, түүний үүдэнд нарийн бичгийн дарга зоолттой. МЗЭ хэмээх их айлын жинхэнэ гал тогооны хүн нь даргын нарийн бичгийн дарга байсан, одоо ч тэр ачаалал хэвээрээ байна.
Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн даргаар Р.Будханд, С.Наран, Д.Лхасамбуу, С.Даваахүү, Баярмаа, П.Нямцэцэг, М.Соёлчмаа, М.Уранзул, Д.Оюунсүрэн гээд үе үеийн авъяаслаг бүсгүйчүүд ажиллаж байсан юм. Тэдний залгамж халаа болж Володягийн Сэлэнгэ МЗЭ-ийн нарийн бичгийн даргаар 2005 оноос эдүгээ хүртэл 16 жилийн турш тасралт үгүй ажиллаж байна. Энэ бахархал биш гэж үү.
Түүнийг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав анх энэхүү ажилд томилж байсан юм. Тэр хүн таньдаг, бусдын саналыг авдаг удирдагч ажээ. Түүнд тэр үед МЗЭ-д менежерээр ажиллаж байсан “Хүрэн морь”-ны Лхамсүрэнгийн охин Чулуунцэцэг нөлөөлсөн байх. Учир нь түүний нөхөр Хаш-Эрдэнийн эцэг Самбалхүндэв бол Сэлэнгийн ээжийн хойт аав нь юм. Х.Чилаажавын томилгоо нүдээ олсон нь он цагийн шалгуураар нэгэнт нотлогдож байгаа нь юу юунаас чухал юм. Тэр томилгооноос хойш В.Сэлэнгэ МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн 6 дарга, 3 гүйцэтгэх захирлын өнгөн дээр МЗЭ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
В.Сэлэнгэ нарийн бичгийн даргын одонд төрсөн хүн. Түүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь орос хүмүүжил, боловсрол юм. Түүний эмээ нь орос, аав нь оросын эрлийз бөгөөд орос сургалттай 23-р дунд сургууль, ОХУ-ын Кемеровын Улсын Их Сургуульд суралцаж байснаас үүнийг төвөггүй харж болох байна. Тэрбээр ОХУ-ын Кемеровын УИС-ийн Монгол дахь салбарт нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, цэргийн “Шувуун саарал” хэвлэх үйлдвэрт эх бэлтгэгч байсан зэрэг нь Монголын зохиолчдын эвлэлийн өдөр тутмын ажлыг эрхлэн нарийн бичгийн даргаар ажиллахад багагүй туршлага болсон нь эргэлзээгүй.
Зохиолчид бол зоргоороо, жолоо цулбуураа сул тавьчихсан эрх дураараа хүмүүс. Хөгшин залуу ялгаагүй эрх танхи гэмээр эмзэг хүмүүс. Авъяас онгоддоо аархсан бардам хүмүүс. Орох гарахын зуур тэдний эвийг олно гэдэг уран бэрийн нүүдэл, бүтээл туурвилыг нь ойлгож урам өгч, бурам амсуулж Зохиолчдын хороондоо элэг сэтгэлтэй байх эргэх холбоо, уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэг яалт ч үгүй яггүй ажил.
В.Сэлэнгийн ажлыг ойлгоход амаргүй. Учир нь түүнгүйгээр бүтэх ажил гэж Зохиолчдын хороонд бараг байхгүй. Ухаандаа энэ айл гэрийн ерөнхий зохицуулагч, холбогч, бэлтгэгч бөгөөд олон нийтэд хандсан бүхий л ажил үйлсийг голлон зохион байгуулна. Тэр түүнд төвөгшөөнө, алгуурлана, хийдүүлнэ гэж огт үгүй. Түүний ажиллах хугацаанд Монголын зохиолчдын эвлэлийн 75, 80, 85, 90 жилийн тэгш ой тохиож байсан. Бөөн ажил. Үгүйдээ гэхэд энэхүү ойгоор 400 гаруй зохиолчийг шагналд тодорхойлоход баримт бичиг боловсруулах, бүрдүүлэх хар бор ажил нарийн бичгийн дарга дээр тунана.
Жил бүр зохион байгуулагддаг “Алтан өд”, “Болор цом”, “Утгын чимэг” уран зохиолын наадмууд, зохиолчдын тэгш дүүрэн их ойн арга хэмжээ, Их, бага хурал, Удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, гишүүн элсүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зэрэг үл тасрах ажлууд явж явж Гүйцэтгэх захирал, нарийн бичгийн даргын гүйцэтгэлээр хэрэгжинэ. Түүний хажуугаар элдэв арга хэмжээний хөтөлбөр боловсруулах, хэдэн арван номын эх бэлтгэх гээд ажил цуварч өгнө. Зөвхөн номын эх бэлтгэл гэхэд "Монголын уран зохиолын дээжис" /9 боть/, “Монголын эмэгтэй зохиолчид-2“, "Б.Явуухулан" түүвэр зохиол, "Миний төрсөн нутаг монголын сайхан орон", "Монгол яруу найраг" /Mongolian poetry/ зэрэг олон арван номын эмхэтгэж хэвлүүлснийг дурдаж болох байна.
В.Сэлэнгийг Монголын зохиолчдын байгууллагын энэ цагийн амьд лавлах гэж хэлж болно. Түүний анхаарлын гадуур өнгөрөх юм гэж бараг үгүй. Хааяа нэг хэн нэгний утсыг лавлахад цээжээрээ шууд л хэлэх нь наад захын асуудал. Зохиолчдын хороогоор орон гарахад зоолттой байж байдаг хүн нь үнэндээ Сэлэнгэ. Түүнтэй тав гурван үг солиход л хорооны ажил амьдралын багцааг мэдэж болно.
Тэр бас зохиолчдын амьд архив юм. Их Нацагдоржийн хөрөг зургийн өмнө Арлааны Эрдэнэ-Очиртой авахуулсан зургаас эхлээд энэ цагийн бараг бүх зохиолчтой авахуулсан гэрэл зургийн бүхэл бүтэн цомог түүнд бий. Өнөөдөр зохиолчдын жаргал зовлон дунд амьдарч, үйл явдал үзэгдэл юмсын гэрч болж, мөн чанарыг танин мэдэх боломжтой хүн түүнээс өөр бараг үгүй. Энэ давуу тал нь түүнийг улам бүр үнэ цэнтэй болгож байна.
В.Сэлэнгийн нэг онцгой чанар нь үнэнч, тууштай, зүтгүүр байдал юм. Тэр аль насандаа амласан юм мэдэхгүй, насан туршийн өртэй юм шиг зүтгэж байна. Өр гэдэг нь сэтгэлийн тангараг юм. Тэр 16 жилийн турш хамгийн бага цалинтай ажиллаж ирлээ. Үүнийг тэр бүр хүн мэдэхгүй байх. Миний мэдэхээр сарын 70.000 төгрөгийн цалинтай ажиллаж эхлээд 150.000-350.000 төгрөгөөр ихэндээ цалинжиж явсан билээ. Харин сүүлийн жилүүдэд 800.000 төгрөгийн цалинтай болсон байх. Ийм цалингаар тийм олон жил өөр хэн ажиллахсан билээ. Тэр зөвхөн итгэл, сэтгэлдээ хөглөгдөж, өөр өндөр цалинтай ажлын саналаас татгалзаж зөвхөн хэдэн муу зохиолчдынхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэж яваад талархаад баршгүй.
В.Сэлэнгийн бас нэг чанар нь жалга довны үзэл үгүй бөгөөд зохиолчдын нийтлэг эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг хүн. Тэр нь гарал үүсэлтэй нь холбоотой байж болох юм. Тэр өөрөө Улаанбаатар хотноо төрсөн боловч төрсөн аав ээж талаасаа Ховд, Дорнод, Хөвсгөл, өвөө эмээ талаасаа Өвөрхангай, Архангай болоод явчихна. Түүнийгээ ч нэг их товойлгоод байх нь үгүй. Тиймээс нутаграхаад, жалга довны үзэл гаргаад байдаггүй. Тийм хүмүүжил, орчин түүнд үгүй.
Монголын зохиолчдын эвлэлийн төв байрын хаалга татан ороход үсээ магнайлан хагалж үзүүр юугий нь дагзандаа хайш яайш боож эрээн даавуун ороолтоор хүзүүгээ ороосон тэвхгэр мөр, тэрмэн нүд, жимбэгэр уруул, жирвийсэн хөмсөг бүхий буриад төрхийн мяраалаг дөлгөөн бүсгүй угтан авна. Тэр бол МЗЭ-ийн нарийн бичгийн дарга Володя овогтой Сэлэнгэ. Тэр зохиолчдод хайртай хүн. Тиймээс тэдний төлөө тэрэгний морь шиг зүтгэнэ. Хүний хувьд төлөв түвшин, ноён нуруутай, хатан ухаантай бүсгүй. Ямар ч тохиолдолд явдал мөр нь нэг янзаараа. Тиймээс түүнийг байхад Зохиолчдын хороо эзэнгүйдэхгүй.
Түүнд зориулж нэгэн нэр шүлэг бичив. Болгооно уу.
Сэлэнгэ мөрөн хүчирхэг учраас дөлгөөхөн
Энэ хэдэн зохиолчид авъяастай учраас адармаатай
Лавтайяа гадаад далай тийш хамтдаа тэмүүлнэ
Эрин цаг эргэшгүй учраас хүчирхэг
Ном эрдмийн хүмүүстэй андлах юутай сайхан
Гэгээн талын ухаант монголчууд дэм дэмэндээ
Эргэх дөрвөн улиралд зохиолчдын хороо эзэнгүйдэхгүй
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн,
Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ү.ХҮРЭЛБААТАР
2020 оны арван нэгдүгээр сарын 22-ний өдөр