COVID-19: Хөл хорьсон ч мөрийтэй тоглож, цахим зөрчил нэмэгдэв
С.САРУУЛ
Монгол Улсад COVID-19 халдвар дотоодод дэгдсэн тул тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон билээ. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссоос зөвшөөрсөн 13 байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Мөн дээрх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Гэвч энэхүү хөл хорионы үеэр цахим орчинд согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлж 60 этгээдийг шалгаж, хариуцлага тооцохоор болжээ.
Мөн хөл хорионы үеэр буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 01.00 цагт Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй цахим тоглоомын газар ажиллуулж, 10 гаруй хүн уг газарт тоглож байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.
Түүнчлэн хөл хорионы үед хүүхдийн тусламжийн 108 утсанд 383 дуудлага иржээ. Үүнээс зорилтот буюу хяналтад авсан дуудлага 35-ыг хүлээн авч, хүчирхийлэлд өртөж, хохирсон нэг хүүхдийг 108 утасны шуурхай дуудлагын баг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулжээ.
Эх сурвалж: www.polit.mn