Хайдавын Төмөрбаатар (1951-2020)

Монголын эстрадын урлагт домог болсон нэрт дуучин Хайдавын Төмөрбаатар нь 1951 оны 9-р сарын 15-нд Улаанбаатарт мэндэлжээ. 3 настайд төрсөн эх Дарьсүрэн нь зуурдаар нас барснаас аавыг нь дагаж ирсэн Александр Дмитровна хэмээх орос бүсгүйн гар дээр өссөн юм билээ. Тийм ч учраас түүний ахуй амьдрал,уран бүтээлд орос хэл, орос соёл орос дуу давамгайлсан нь ийм учиртай.

1968 оноос ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийн төгөлдөр хуурын ангид сурч байгаад ирсэн тэрээр 1974 онд Улсын Филармонийн "Баянмонгол" чуулгад дуучнаар орсон юм. 1977 онд ЗХУ-ын Сочид зохион байгуулагдсан улс төрийн дууны "Красная Гвоздика" уралдаанд оролцож "Баллада о красках", "Знаете вы каким он парнем был" зэрэг дуугаар тусгай байрын шагнал хүртэж байлаа. 1983-1984 онуудад Төмөрбаатар хэсэг хугацаанд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн уран сайхны удирдаачаар ажиллаж хүүхдийн "Найрамдал" зусланд хамтлагаараа суурин байрлаж хүүхдийн дууны бүхэл бүтэн хөтөлбөр гаргаж чадсан юм.
1984 онд Германы Дрезден хотод "Рок шлягер", 1988 онд Куба улсын Гавана хотноо зохион байгуулагдсан Джаз фестивальд дуулж тусгай шагналтай ирж байлаа. Улаанбаатарт болдог "Анд нөхдийн ая дуу" хөтөлбөрт тэрээр олон удаа оролцсон юм. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн 1991 онд "Алтан гадас" одон, 2000 онд Улсын гавьяат жүжигчин цол, 2019 онд Төрийн шагналыг тус тус хүртээжээ.
Түүний дуулж амьдруулсан "Сайн байна уу Улаанбаатар минь" (Б.Нямдорж-Б.Явуухулан), "Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай" (Д.Галсанбат-Д.Рэнцэндорж), "Ханийн дуу" (Т.Уртнасан), "Хань минь" (Х.Төмөрбаатар), "Ертөнцийн залуус" (Д.Жаргалсайхан-Х.Төмөрбаатар) зэрэг дуунууд нь он жилүүдийн уртад үзэгч сонсогчдын сонсох дуртай бүтээлүүд байсаар байх болно.
Дуучин маань хайрт аав, халамжит ах хоёртойгоо хоолой нийлүүлэн дуулахаар тэнгэрийн орондоо одсон буй заа. Амгалан нойрсоорой Төмрөө. RIP

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen