Т.Баясах: "Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс дэмжиж, хөнгөлттэй зээл тусламжид хамруулах хэрэгтэй"

Т.Баясах: "Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс дэмжиж, хөнгөлттэй зээл тусламжид хамруулах хэрэгтэй"

 

Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын тэргүүн эгнээнд хог хаягдал, хог тээвэр, хогны менежментийн асуудал орж байна. Нийслэл хотод амьдарч буй иргэдээс жилд дунджаар 1 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд нэг айл өрхөд ногдох хог хаягдал өдөрт 4 граммаас 1,5 кг хүртэл байна гэсэн судалгаа бий.

Иймд Улаанбаатар хотын хүн амын 30 хувь нь амьдарч буй Баянзүрх дүүргийн хог хаягдлын менежментийн талаар тодруулахаар тус дүүргийн Засаг дарга Т.Баясахтай ярилцлаа.

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Баянзүрх дүүргийн хог хаягдлын асуудал тэр дундаа хог тээврийн ачилтын асуудал багагүй яригддаг. Танай дүүрэг хог хаягдлын тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

Улаанбаатар хотын маань хүн ам өсч, өргөжин тэлж хөгжихийн хирээр барилга байгууламжийн тоо нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж үүнийгээ дагаад хог хаягдлын асуудал гарч ирж байна. Манай дүүрэгт өнөөдрийн байдлаар 361 мянга гаруй хүн амьдарч байна. Дүүргийн 28 хороог бүсчлээд дөрвөн Нийтлэг үйлчилгээний газарт /НҮГ/ хуваагаад хог тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Хогны асуудал гэхээр яалтчгүй орон сууцны хороолол болон гэр хорооллын асуудал яригддаг юм. Гэр болон орон сууцны хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын бүтэц нь хүртэл асар ялгаатай байдаг. Гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын 10 хувийг л хүнсний хог хаягдал эзэлдэг бол орон сууцны хорооллын айл өрхүүдийн 38 хувийг эзэлдэг. Харин эсрэгээрээ гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын ихэнх хувийг үнсний хог хаягдал эзлэх жишээтэй. Манай дүүргийн иргэдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. НҮГ-ууд сар бүр хог тээврийн хуваариа батлаад түүнийхээ дагуу ачилтаа хийдэг. Өнөөдрийн байдлаар манайд 62 хог тээврийн машин явж байгаа. Жилд дунджаар 151 мянган тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэж байна.

Хог тээврийн ачилтыг 62 машин хийдэг гэлээ. Энэ хэр хүрэлцээтэй бэ? Та Засаг дарга болсоноосоо хойш хог хаягдлын менежментийг сайжруулах тал дээр ямар ажлыг зохион байгуулав?

            Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд хог хаягдлын менежментийн тал дээр нилээдгүй анхаарсан.  Манай дүүрэг 100 гаруй мянган өрхтэй. Өрхийнхөө тоотой харьцуулахад 62 машин бол хангалтгүй. Гэхдээ хүрэлцээгүй байлаа гээд яах билээ. Бид энэ онд дүүргийн төсвөөрөө хог тээврийн 7 машин худалдаж авсан. Нийслэлээс 2 машин өгсөн. Ингээд ачаалал ихтэй газруудруугаа хуваарилаад явуулж байна. Ер нь бол хүрэлцээ муу. Хог тээврийн нэг машины үнэ л гэхэд хамгийн доод тал 80 сая тэгээд 200 сая хүртэл байдаг. Дүүрэг өөрийнхөө төсвөөр хангалттай тооны машин худалдаж авч чадахгүй, нөөц боломжоороо ажиллаж байна. Өнгөрсөн жилээс хог ангилан ялгах савуудыг 28 хорооны хэмжээнд байршуулсан. Өнөөдрийн байдлаар 79 байршилд тавьсан байна. Энэ ажил маань нилээд хүнд хүрсэн гэж боддог.

Хог ангилан ялгах сав байршуулаад иргэд хогоо ангилан ялгаж байна уу? Хог хаягдал дахин боловсруулах тал дээр ямар байр суурьтай байдаг бэ?

Ялгаж байгаа иргэд байна. Иргэд хогоо ангилан ялгаад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дахин боловсруулах үйлдвэрүүд рүү тушааж байна. Ялгахгүй байгаа хороод ч байна. Хогын сав байрлуулсаар байтал яг хажууд нь хогоо аваачиж хаячихаад явж байгаа иргэд ч байна. Төр дангаараа хог тээврийн үйлчилгээг үзүүлээд хогны менежментийг сайжруулаад өнөөдөр Нийслэл хот хогноосоо сална гэвэл худлаа. Энэ бол харилцан уялдаатай ажиллаж, төр хувийн хэвшлийн оролцоотой хамтын ажиллагааны дүнд сайжирна гэж боддог. Дээрээс нь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс бодлогоор дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл тусламжид нэн түрүүнд хамруулах хэрэгтэй. Манай дүүрэгт дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг. Манайхаас шаардлагатай бичиг баримтуудыг тухай бүр гаргаж өгөөд, дэмжээд л ажиллаж байна даа.  

Хог хаягдал ангилан ялгах талаар иргэдийг мэдээллээр хангах хэрэгтэй гэж боддог. Нэгэнт танай дүүрэг бүх хороондоо энэ ажлыг эхлүүлж. Энэ тал руу хэрхэн ажилласан бэ?

Бид он гараад машины тоогоо нэмээд дээрээс нь хог ангилан ялгах савнуудыг байршуулснаар сүүлийн саруудад иргэдээс ирэх хог хаягдлын гомдол тодорхой хэмжээнд буурсан. Мэдээж зуслан ногоон бүсийн хувьд нэмэгдсэн. Энэ нь улирлын шинжтэй. Хог ангилан ялгах талаар иргэд рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиалаар багагүй хийсэн. Орон сууцны хороодын иргэдийн хувьд хогоо ангилан ялгаж хэвшиж байгаа гэж бодож байна. Харин гэр хороодын иргэдийн хувьд харьцангуй муу байдаг. Мэдээж цаашдаа хог ангилан ялгах савнуудыг нэмэгдүүлнэ.

Ер нь гэр хороодоос гарч байгаа хог хаягдлын ихэнх хувийг ямар төрлийн хог хаягдал эзэлдэг юм бол?

Гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын 61 хувийг үнсний хог хаягдал эзэлдэг бол орон сууцны хорооллын хог хаягдлын дийлэнх хувийг хүнсний болон хуванцар савны хог хаягдал эзэлдэг. Хог ангилан ялгах нь нэг талаасаа иргэдийн боловсролын түвшинтэй холбоотой ч эсрэгээрээ ялгах боломжтой хог хаягдал хэр их үүсгэж байна вэ гэдгээсээ болж байгаа. Тэгэхээр тэр ялгарч байгаа үнсийг дахин боловсруулж, юу хийж болох бэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй байгаа. Тухайлбал үнсний хог хаягдлаа ашиглаад шахмал түлш болгох боломжтой ч гэдэг юм уу, дахин боловсруулаад юу хийж болохоор байна гэдгийг судлах хэрэгтэй байх.

Мэдээлэл өгсөн таньд баярлалаа

Баярлалаа

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen