СОНИРХУУШТАЙ | Түүхийг өөрчилсөн гэнэтийн ШИЙДВЭРҮҮД

Түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Буруу эсвэл зөв ч гэж байхгүй. Түүх бол тухайн цаг үедээ хэн нэгэн субъектийн гаргасан шийдвэрүүд л байдаг. Цаг үеийг шүүж болдоггүйтэй адил түүхэн цаг үед амьдарч байсан хэн нэгэн этгээдийг шүүх эрх одоо цагийнханд байдаггүй. Түүхэн хүмүүсийн гаргасан шийдвэрийг тухайн түүхэн хүн өөрөө ч төсөөлж байгаагүй гэвэл та итгэх үү? Тэгвэл итгэх л хэрэгтэй болж. Доор дурдах гэнэтийн шийдвэрүүд өдгөө та бидний мэдэх түүхийг үүтгэж байсан юм.


Мария Антуаннетын ямбалал


Францын хатан Мария Антуаннетын түүх тийм ч гэрэлтэй биш. Ямар сайндаа Францын хувьсгалын үеэр өлсгөлөн, гуйланчлал хэтрээд байхад түүний зөвлөх бодит нөхцөл байдлыг хэлэхэд “Хэрэв талх олдохгүй бол бялуу ид” гэж байхав дээ. Гэхдээ түүний гаргасан шийдвэр гэр бүлийг нь сүйтгэж орхисон юм.

Ордны хананд босогчид тулж ирээд байхад алба, зарц нар нь хямдхан илүү хурдан, намхан сүйх тэргэнд суухыг урьжээ. Гэр бүлийнхэн нь ч суугаад байж. Гэтэл Мария Антуаннет хэзээ ч эгэл боолын сүйх тэрэгт суухгүй гээд тансаг сүйх тэрэг авчрахыг шаарджээ. Тэргийг нь олох гэсээр байтал босогчид тулж сүйх тэргэнд сууж чадсан ч босогчдын гараас мултраагүй юм. Хэрэв тэр хуучин муу гэхдээ хурдан сүйх тэрэгт суусан бол амжиж оргон зайлж чадах ч байсан юм билүү?

Баригдсан даруйдаа буюу 1789 оны аравдугаар сард гэрийн хорионд орж, 1793 оны аравдугаар сарын 16-нд цаазаар авахуулсан билээ.


Титаникийг живүүлсэн мартагнал


Усан замын тээврийн харилцааны түүхэнд хамгийн эмгэнэлтэй осол бол Титаникийн осол гэдэгтэй бүх түүхчид санал нийлнэ. Оршин буй цаг үеийнхээ хамгийн том, хамгийн бат бөх Титаник хөлөг онгоц зөвхөн үүгээрээ л нийтийн анхаарлыг татаж байсан юм. Ослын шалтгааныг бүгд л мөсөн уултай холбон тайлбарладаг ч энэ ердөө хоёрдугаар офицерын мартагналтай холбоотой байсан билээ.

Титаник хөлгийн хоёрдугаар офицер Девид Блейр хоёр нүдний дуран болон бусад төхөөрөмжийг хариуцах ёстой байв. Хөлөг боомтоос хөдөлсний дараа төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах явцад Девид Блейр агуулахаас дуран бас бус илүү завь авахаа мартсанаа санажээ. Хөлгийн бусад гишүүд дуран болон завины хэрэг гарахгүй гэж үзсэн тул аяллаа цааш үргэлжлүүлсэн юм.


Дайн дэгдээсэн буруу эргэлт

 

Австри-Унгарын эзэнт гүрэнд нүдэнд орсон хог лугаа үнэлэгддэг байсан Боснийн босогчдын төлөөлөл дэлхийн нэгдүгээр дайныг өдөөсөн билээ. “Хар гар” нэртэй дээрх бүлэглэл Австри-Унгарын эзэнт гүрний угсаа залгамжлах хунтайж Франц Фердинанд төдийгүй язгуур угсааны хүмүүсийг дэлбэлж хороох төлөвлөгөөтэй байв. Тухайн цагт эрхэм дээдсийн явах маршрутыг хэвлэл мэдээлэлд чөлөөтэй нийтлэдэг байсан нь тэдний даалгаврыг улам хөнгөвчилсөн юм. “Хар гар” бүлэглэлийн гишүүн Гаврило Принцип энэ ажлыг гардан гүйцэтгэх ёстой байлаа. Өөрөөр хэлбэл эрхэм дээдсийн цуваанд цуврал дэлбэрэлт болох ч хамгийн чухал бөгөөд Франц Фердинандын сууж явсан сүйх тэргийг дэлбэлэх хүн нь Гаврило Принцип байлаа. 1914 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тэд даалгавраа биелүүлж бөмбөг дэлбэлсэн ч тусыг эс олж Франц Фердинанд сүйх тэрэгтэйгээ зугтаж амжив. Гаврило Принцип ч бусад нөхдийнхөө адил газар дээрээ амьсгал хураахыг хүсээгүй тул зугтаж байлаа.

Зугтсан эрхэм дээдэс Франц Фердинанд гэнэт ордон руу бус халдлагад өртсөн хохирогчдын эмнэлэг рүү сүйх тэргээ чиглүүлэхийг жолоочоос шаарджээ. Гэнэт шаардсан тул жолооч морьдоо эргүүлж байшин дундуур явахаар болсон байна. Гэтэл зугтаж явсан Принцип, Франц Фердинандын сүйх тэрэгтэй таарч улмаар эхнэрийнх нь хамт буудан хороосон билээ.


Надад мөрөөдөл бий

 

Үүнийг сонсоод иргэний эрхийн төлөө тууштай тэмцэгч Мартин Лютер Кинг шууд бууж байгаа байх. Алдарт тэмцэгч Мартин Лютер Кинг илтгэлээ бичиж байхдаа “Надад мөрөөдөл бий” гэх гурван үгийг ердөө дурдаж байгаагүй аж. Тэрбээр илтгэлээ Вашингтоны нэгэн сүмд бэлдэж байхад нь сүмийн нэрт дууч Махалиа Жексон сонсож таарч. Дэргэд нь ирээд гарыг нь атгаснаа сүмийн дууч маань “Би яг ингэж мөрөөддөг” гэж хэлжээ.

Линкольнын дурсгалын цогцолборын урд 1963 оны наймдугаар сарын 28-ны өдөр тэрбээр бичсэн илтгэлээ тавих болов. Яагаад ч юм тухайн үед Мартин Лютер Кинг өмнөхөөсөө сандарч байжээ. Илтгэлийнхээ гол санааг тэмдэглэсэн цаасан дээр “Надад мөрөөдөл бий” гэх гурван үгийг бичээд бичсэн илтгэлээ улам баяжуулсан байна. Ердөө энэ гурван уг АНУ-д иргэний тэгш эрх гэх ойлголт улам дэвшингүй болох эхлэлийг тавьж Мартин Лютер Кингийг орчин цагийн хамгийн нөлөө бүхий илтгэгч болгосон юм.


Цөмийн дайнаас аварсан Станислав Петров

 

Энх цагийн дэлхийн иргэд бид энэ хүнд маш их өртэй. Гэхдээ түүнийг нэрийг маш цөөн хүн мэднэ. Хэрэв тэр байгаагүй бол АНУ-ЗХУ хэдийнээ цөмийн дайн дэгдээгээд өнөө цагийн бидний түүх тэс ондоо тийшээ эргэх байсан биз ээ.

1983 оны есдүгээр сарын 26. АНУ-ын цөмийн цэнэгт хошуу ажиллаж, ЗХУ руу харвасан тохиолдолд тохио өгдөг сэрэмжлүүлгийн систем дээр нэгэн түгшүүрийн дохио ирэв. Систем дээр тухайн үед Станислав Петров сууж таарч. Гэхдээ тэр дээрх түгшүүрийн дохионы талаар удирдлагууддаа хэлэхээ түр азнажээ. Учир нь системийн дохиолол дээр алдаа гарсан байж болзошгүй гэж үзсэн тул дахин нягталж үзэхээр болсон байна. Хэрэв жинхэнэ байсан бол тэр аль хэдийнээ хээрийн шүүхээр орохоор нөхцөл байдалд байлаа.

Тэрээр гаргасан шийдвэртээ эргэлзэн сандарч байсан ч дохиоллын системд богино холбоо үүссэн болох нь тогтоогдсон билээ. Хэрэв тэр тушаалын дагуу удирдлагууддаа мэдэгдсэн бол юу болох байсныг бурхан л мэдэх байх.


Берлиний ханыг нураасан улстөрч

 

XX зууны хамгийн том, түүхэн үйл явдал бол яах аргагүй Берлиний хана нурсан явдал. Гэхдээ түүнийг нураасан нь нэг улстөрч юм гэж үү, эрх чөлөөг хүсэмжилсэн ард иргэд байгаагүй юу гэж та бодож байж магадгүй. Гэвч бодит байдал тэс өөр байсан юм.

Зүүн Германы Улс төрийн товчооны гишүүн Гунтер Шабовски засаг захиргаа болон дэлхий даяар болж буй өөрчлөн байгуулалтын талаар Улс төрийн товчоо болон Зүүн Герман юу гэж үзэж байгааг олон нийтэд танилцуулах ёстой байв. Товлосон хэвлэлийн бага хурлын цаг дөхөж байсан ч тэрбээр улс төрийн товчоон дээр тэмдэглэсэн дэвтрээ мартаад гарсан байжээ. Нэгэнт олон сэтгүүлч цугласан тул тэрээр цээжээрээ тэмдэглэл харалгүйгээр мэдэгдэл хийх шаардлагатай болов. Бараг цаг гаруй ярихдаа түүний ярих сэдэв анх төлөвлөж байснаас хэтрээд эхэлж. Хана нураах, нэг улсын иргэд дотооддоо чөлөөтэй зорчих тухай ярьж эхлэв. Гэтэл нэгэн сэтгүүлч ярьсан өөрчлөлтүүд яг хэзээ бодитоор хэрэгжиж болох тухай асуухад сандарсан Шабовски “Даруйхан, яг одоо” гэж хариулсан юм. Мэдээж энэ үг хэрхэн хэрэгжсэнийг уншигч та мэдэж байгаа.


Умард Солонгосыг “аварсан” сайд


Орчин цагт дайны утаа дэгдэх хамгийн боломжтой жил нь 1994 он байлаа. Умард Солонгос нууцаар цөмийн зэвсэг хөгжүүлж байгааг олж мэдсэн АНУ-ын засаг захиргаа Умард руу агаарын дайралт хийхээр төлөвлөж байлаа. /Энэ тухай мэдээлэл 2000-аад оны эхэнд л олонд ил болсон/ Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох цор ганц арга нь Умард руу агаарын цохилт өгөх гэдэгтэй Билл Клинтоны засаг захиргааныхан зарим сайд нар бүрэн нэгдээд байсан цаг. Ялангуяа тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Уиллиам Перри. Тэрээр Умардын цөмийн хөтөлбөрийг зогсоох хамгийн сайн арга нь тагнуулын ажиллагаагаар тогтоосон цөмийн байгууламж дээр бөмбөг хаях ёстой гэж үзэж байлаа.

Билл Клинтоны зарласан шуурхай хурал дээр тэр энэ байр сууриа баримталж байв. Гэхдээ танхимын сайд болон Ерөнхийлөгч энэ алхмыг эсэргүүцэж  олон цаг маргалджээ. Олон цаг үргэлжилсэн хурлыг Уиллиам Перри орхиж гарснаар Умард руу агаарын цохилт хийхийг цуцалсан билээ.

 

Zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen