Арга хэмжээ авдаггүй нийтийн орон сууцны зөрчлүүд

Арга хэмжээ авдаггүй нийтийн орон сууцны зөрчлүүд

 

Шөнийн 02:00 цагийн орчим цонхны дор хэсэг залуус чанга ярьж, инээлдэнэ. Би ч  цонхоор шаардлага тавьж орилох гэвч, бусад оршин суугчдыг сэрээчих гээд байсан тул очихоор шийдэв. Гараад хартал хорь гаруй насны таван залуу саравчин дотор архи ууж сууна. Оршин суугчид унтаж байгаа тул чимээгээ аядах, эсвэл орон сууцнаас хол очиж ярих шаардлага тавив. Зарим нь ч “За одоохон дууслаа” гэж байхад зарим нь үл тоосон шинжтэй харагдана. Энэ бол нийтийн орон сууцны гадна шөнийн цагаар оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах тохиолдол элбэг.

Зөрчлийн тухай хуулинд нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, шөнийн цагаар маргалдах, чанга ярих, зэрэг зөрчил гаргасан тохиолдолд дээрх байдлаар торгодог байна. Гэвч дээрх зөрчлүүдэд  оршин суугчид гомдол гарган, дуудлага өгч, арга хэмжээ авах нь ховор.

Мөн нийтийн орон сууцны авто замын хажууд байрлах орон сууцны айлуудад тулгардаг нэг асуудал нь машины дуут дохио хангинах чимээ.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд эсвэл бусад жолоочид анхааруулга өгөх зорилгоор дуут дохиог хэрэглэнэ хэмээн заасан байдаг.

Гэтэл хот суурин газарт дуут дохио жолооч нарын уураа хүрэхдээ нүддэг бамбай мэт хэрэглэгдэж байна. Мөн урдуур нь дайрсан нэгнээс хариугаа авах гэж дуут дохиогоо хангинуулах тохиолдол цөөнгүй. Зарим тохиолдолд жолооч нар зам дээр нэгнээсээ илүү гарах гэсэн зан нь дуут дохиогоор илэрч, бусад хүмүүсийг үл хүндэтгэх нь бий.

Гэвч дээрх тохиолдлуудад нэг ч замын цагдаа торгож, арга хэмжээ авдаггүй. Үүнээс болж олон нийт болон авто замын хажууд байрлах орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдал алдагддаг.

Тэгэхээр дээрх зөрчлүүдэд авах арга хэмжээг зөрчлийн тухай хуульд заагаад өнгөрөх биш бодит байдал дээр хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen