АНУ-д $50 хулгайлаад бүх насаар хоригдож байсан эрийг 36 жилийн дараа суллажээ

АНУ-ын Алабама мужийн шоронд бүх насаар хоригдох ял эдэлж байсан эрэгтэйг өчигдөр 36 жилийн дараа суллажээ. Хоригдол Алвин Кеннард нь 1983 онд 22 настайдаа талхны газраас $50 хулгайлсныхаа төлөө ийм хатуу шийтгэл амссан байна.  Одоо 58 настай Кеннард ийнхүү олон жилийн дараа шүүхийн шийдвэрээр суллагдаж байгаа ажээ.

Алабамад хэрэгжиж байсан хуучны эрүүгийн хуулинд гурав дахь удаагаа ямар нэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд бүх насаар хорих ял шууд оноодог байсан нь ийм шийтгэл онооход хүргэсэн байна. Уг хуулийг “Three strike law” гэж нэрлэдэг.  Кеннард 1979 онд гурван удаа бага хэмжээний хулгайн хэрэг үйлдэж гурван жилийн тэнсэн харгалзах ял сонсож байсан гэнэ. 

Түүнийг ямар шалтгаанаар хоригдож байгааг нэгэн сайн дурын өмгөөлөгч анх олж мэдээд асуудлыг шүүхэд тавьснаар суллах шийдвэр гарсан байна. “Хүний амь хөнөөгөөгүй, хүчирхийлэл үйлдээгүй хэдэн зуун хүн Алабамагийн шоронд бүх насаар хоригдох ял эдэлж байгаа нь дэндүү шударга бус явдал юм” гэж Кеннардыг өмгөөлсөн Карла Краудер ярьжээ.     

Р.Төмөр

Эх сурвалж: Associated Press

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen