Төрийн тэргүүний өмнө толгой гудайлгасан саналууд
Монгол Улсад хууль санаачлах эрхийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван институц эдэлдэг. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ч ялгаагүй энэ гуравт л хамаатай. Тиймээс ч “Эцэг хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр төслийг Ерөнхийлөгч хийгээд УИХ-ын нэр бүхий 62 гишүүн санаачилж, тэдгээрийг нэгтгэн уялдуулахаар Төрийн тэргүүний ахалсан зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байна. Гэхдээ хууль санаачлах эрхтэй тэдэнд тус бүрт нь хамаатай тодорхой хязгаарлалт бий. Тухайлбал, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар өөрт нь олгосон бүрэн эрхийг нэмэгдүүлэх, хязгаарлах (өөрөө өөрийнхөө эрх мэдлээс хумслах санаа гаргана гэдэг юу л бол), бүрэн эрхийн хугацаагаа сунгах, Төрийн тэргүүний төлөө өрсөлдөгчдөд сонгуулиар тавих шаардлагыг сулруулах агуулгатай төсөл Ерөнхийлөгч санаачилж болохгүй. УИХ, Засгийн газрын хувьд ч адил төдийгүй тэдний зүгээс шүүх эрх мэдэл рүү халдахыг хориглодог. Жишээ нь, 62 гишүүний санаачилсан төслийн эхний хэлэлцүүлгийг хийсний дараа УИХ-д өргөн барьсан Ерөнхийлөгчийн саналд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох заалт бий. Үүнийг УИХ-ын гишүүд биш, Ерөнхийлөгч санаачилсан учраас хэлэлцэж байгаа юм.
Гишүүдийн санаачилсан төсөлд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах чиглэлээр тусгасан зохицуулалтуудыг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч шулуухан илэрхийлсэн. Бүр тодорхой хэлбэл, гишүүдийн санаачилсан төслөөс 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан. Ерөнхийдөө гишүүдийн санаачилсан төслөөс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой бүх заалтыг хасах санал гаргасан гэсэн үг. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явц дахь Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлах замаар бие даасан байдлыг нь хангах зорилготой зохицуулалтуудыг өнөөгийн Төрийн тэргүүн тууштай эсэргүүцэж буй хэрэг. Хэдийгээр түүний өргөн барьсан төсөлд дээр дурдсан тэр тэр заалтыг хасна гэсэн тухайлан заагаагүй ч эс үйлдэхүйгээрээ хэтийдсэн эрх мэдэлтэйгээ үлдэхийг санаархаж буй нь энэ. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх явцад манай үе үеийн Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөлөл өдөр ирэх тусам нэмэгдэж, түүнийгээ өөр бусад хуулиар баталгаажуулсаар ирсэн нь хараат бус байдлыг нь алдагдуулж, хяналт, хариуцлагыг үгүй хийсэн талаар судлаачид, улстөрчид төдийгүй, олон улсын ажиглагчид хэлж ирсэн тул “хэтийдсэн” гэвэл буруудахгүй биз. Үнэндээ ч энэ санаагаа хэрэгжүүлээд явж байх шиг.
Учир нь зөвшилцлийн ажлын хэсэг Улсын дээд шүүх ерөнхий шүүгч, 21 шүүгчээс бүрдэх тухай 51.1, Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг хүлээн авахаар тогтсон юм. Мөн бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгохоор тусгасан 51.5 дахь заалтыг хасах саналыг нь ч зөвшилцлийн ажлын хэсэг хүлээн аваад буй. Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг ч хасав. Үндсэндээ гишүүдийн санаачилсан төслөөс шүүгчид тавих болзол, шалгуурын талаарх “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг томилно” гэх заалт л хэвээр үлдэж байгаа сурагтай. Бусад 49.5, 49.6, 49.7, 49.8 дахь заалтын талаар зөвшилцлийн ажлын хэсэг хэрхэн тогтсон нь хараахан тодорхойгүй байна.
Үндсэн хуульд заавал тусгах шаардлагагүй, бусад хуулиар зохицуулах боломжтой цөөнгүй асуудлыг “Эцэг хууль” руу нэмэлт, өөрчлөлт нэрээр чихэх гээд байгаа талаар Д.Лүндээжанцан гишүүн анхааруулж буй. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Улсын дээд шүүхийн шүүгчийн тоог Үндсэн хуулиар тогтоох туйлын шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн алс хэтийн битгий хэл өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн тооцоолох боломжгүй энэ үед Дээд шүүхийн шүүгчийн тоо гэх мэт зүйлийг холбогдох хуулиудад нь тусгах боломжтой хэмээж буй. Үнэхээр ч тийм. Одоо Үндсэн хуульд Дээд шүүх нь ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэх заалт л бий. Тэгж яривал Дээд шүүхийн шүүгчийн тоог ингэж Үндсэн хуульдаа заасан улс төдийлөн байдаггүй гэх. Гэвч манайд Дээд шүүхийн шүүгчийн тоог нэмэх, цөөрүүлэх замаар хараат бус байдалд нь нөлөөлөх эрсдэл байгааг судлаач, хуульчид анхааруулдаг.
Ер нь шүүгчийн хараат бус байдалд халддаг арга сүүлийн үед нарийсаж, эрх зүйн орчноор нь дамжуулан шүүх эрх мэдэлд нөлөөлдөг болж буй. Өөрөөр хэлбэл, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөх замаар шүүгчдийг өөр тийш нь томилох, орон тоог нь нэмж, хасах байдлаар хараат бусаар ажиллаж буй шүүгчдэд нөлөөлөх гэж оролдох болсон нь нууц биш. Тухайлбал, Дээд шүүхийн шүүгчийн тоог гурван сарын зайтай өөрчилсөн түүх манайд бий. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийг 1993 онд батлахад Дээд шүүхийг ерөнхий шүүгч, 16 шүүгчээс бүрдэхээр заасан байсан ч 2002 онд шинэчлэхдээ ерөнхий шүүгч, 10 шүүгчтэй байхаар өөрчилсөн. Гэтэл 2002 оны есдүгээр сарын 1-нээс мөрдсөн энэ хуулийг ердөө гурван сарын дараа өөрчилж, өмнөх шигээ ерөнхий шүүгч, 16 шүүгчээс бүрдэхээр хуульчилсан байдаг. Нэгэнт ийм замыг туулаад ирсэн учраас дахин нүүр тулахгүй гэх баталгаа үгүй.
Өдгөө “ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг ШЕЗ-ийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэсэн заалт Үндсэн хуульд бий. Бүх шатны шүүхийн шүүгчийг томилуулахаар ШЕЗ санал болгох зохицуулалт хуульд ч, төсөлд ч байна. Ялгаатай нь төсөлд ШЕЗ-ийн таван гишүүнийг 10 болгон нэмэгдүүлж, тэдгээрийг Ерөнхийлөгч бус, УИХ болон шат шатны шүүхээс сонгоход оршиж байгаа. Тодруулбал, гишүүдийн боловсруулсан төсөлд ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг УИХ-ын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлэн, томилгооны сонсгол хийж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор тусгасан.
Тэр ч бүү хэл ШЕЗ-ийн даргыг нь Ерөнхийлөгч томилж буй одоогийн тогтолцоог халж, 10 гишүүн нь хуралдаад, дотроосоо олонхын санал авснаараа удирдуулахаар байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ШЕЗ-ийн гишүүдийн томилгоонд УИХ оролцох нь шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулж, улстөржсөн байгууллага болж хувирна гэж үзэж буй аж. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн чухам алинд хамаарах нь ч ойлгомжгүй Ерөнхийлөгч өөрийнх нь томилсон хийгээд УИХ-аас нэр дэвшүүлэн бүрдүүлсэн ШЕЗ-ийн санал болгосон шүүгчдийг томилоход алиных нь илүү хараат бусаар ажиллахыг бодож үзэх л хэрэг. Тэгээд ч шүүгчийг томилохтой холбоотой ШЕЗ-ийн шийдвэрийг Ерөнхийлөгч 21 хоногийн дотор батламжилж, татгалзсан тохиолдолд үндэслэлээ нийтэд мэдээлэхээр гишүүдийн төсөлд тусгасан нь өнөөгийн Төрийн тэргүүний хувьд хүлээн авч боломгүй санал байсан бололтой.
Харин Дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалт тусгаснаа гишүүд томилсон этгээдээсээ хараат бусаар ажиллах боломж гэж харж байгаа бол Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн 14.2 дахь хэсгийн “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэсэнтэй нийцэхгүй, “Эцэг хууль”-ийн суурь үзэл баримтлалтай харшилна хэмээн тайлбарлаж буй юм.
Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин