Ерөнхийлөгчийн төсөл, намуудын шаардлагатай Үндсэн хуулийн хэлэлцүүлэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж буй Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн  төсөлтэй нийцүүлэх зорилготой  хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт  Төрийн ордонд боллоо. Таван сэдвээр өрнөсөн  тус хэлэлцүүлэгт улс төрийн намууд, төрийн болон ТББ, олон нийтийн төлөөллийг  оролцуулсан. Ингэснээр олон талын байр суурь түлхүү гарах болов уу гэсэн  хүлээлт нийгэмд үүссэн. Гэвч энэ нь  зөвхөн нэг талын, УИХ болон МАН-ын  санаа зорилгыг гүйцэлдүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг боллоо  хэмээн  иргэний нийгмийнхэн хэлсэн. Учир нь улс төрийн нам, ТББ, олон нийтийн төлөөллийг 2-4 минутад багтаан зөвхөн асуух үүрэгтэй оролцуулсан. Зохион байгуулагч, ажлын хэсгийнхэн заавал хариулах албагүй. Хариулсан тохиолдолд хугацааны хязгаар байхгүй байгааг нь учир дутагдалтайг оролцогчид шүүмжилж байгаа юм. Хэлэлцүүлэг  таван өдөр, таван өөр сэдвээр өрнөсөн. Үүнд

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах;

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах;

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох;

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал гэсэн сэдвийг хөндсөн юм.

Хэлэлцүүлгийн нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ тухайн сэдэвтэй холбоотой өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Төрийн тэргүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө Үндсэн хуулийн 20 зүйлийг 49 заалтаар хөндсөн. Үүн дотор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр  Үндэсний аюулгүй байдлын  үзэл баримтлалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ хэлэлцдэг байх, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахын тулд  Ерөнхий сайд нь том тойргоос УИХ-д  нэр дэвшиж, ард түмний саналаар сонгогдсон байх, бусад сайдыг  парламентын гаднаас томилох асуудлыг тусгажээ. Мөн УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлж, хугацааг таван жил, гишүүдийг тоог 108 болгох хэрэгтэй  гэсэн байр суурийг  илэрхийлсэн юм.

Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Үндсэн хуулийн 20 зүйлийг 52 заалтаар хөндсөн.Үүн дотор гүйцэтгэх засаглалтай холбоотой өөрчлөлтөд Ерөнхий сайд нь дөрвөн гишүүний хамт УИХ-ын гишүүн байх, ингэхдээ Засгийн газрын тэргүүний эрх мэдлийг нэмэгдүүлэн танхимын гишүүдийг томилох, огцруулах, хариуцлага тооцох эрхтэй байхаар тусгасан. Нэг танхимтай 76 гишүүнтэй УИХ-ыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох гэсэн өөрчлөлтийг санал болгосон юм.

Хэлэлцүүлгийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярын Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар илэрхийлсэн   байр суурь олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тэрээр  “Засгийн газрыг ард түмэн байгуулдаг болъё. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байхад энэ боломж бүрдэнэ. Дээр нь амласнаа хэрэгжүүлээд явах боломжтой. Харин  улс төрийн  намууд өрсөлдөж, парламентад олонх, цөөнхийг бүрдүүлэх нь зүйтэй. Засгийн газар, УИХ хоёр хоорондоо огт холбоогүй, бие биедээ хөндлөнгөөс хяналт тавьж ажиллах бололцоо бүрдэнэ. УИХ-ын гишүүдийн тоог 55 болгох нь зүйтэй. Ингэхдээ хоёр танхимтай  парламент байхыг зөв гэж бодож байна. Байгалийн баялгийн тухайд ард түмний дундын өмч байхаар хуульчлах хэрэгтэй” гэсэн юм. Харин хэлэлцүүлгийн тухайд тэрээр “Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц өөрөө Журмын тухай хуулийнхаа хэд хэдэн заалтыг ноцтой  зөрчсөн. Гишүүдийн гарын үсгээр зурсан эх, хэлэлцэж байгаа эх хоёр зөрж байна. Тэгэхээр өргөн бариагүй эхийг хэлэлцэж байна гэсэн үг. Хоёрдугаарт, ил тод байдал хангагдахгүй байна. Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар дамжуулан Үндсэн хуулийн зүйл заалт бүрээр санаа бодлоо илэрхийлж   мэтгэлцээн хийхийг шаардсан ч зохион байгуулахгүй байна. Намуудтай уулзаж саналыг авах ажил огт хийгдээгүй. Бид шаардаж байж хэлэлцүүлэг эхэлсэн. Гуравдугаарт, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд тэр, энэ алдаатай гэж хэлэхээс өмнө эхлээд хууль зөрчсөн асуудлыг бид хэлж байгаа. Ерөнхийлөгч хуулийн төслийг нэгдүгээр хэлэлцүүлэг эхлэхээс өмнө санаачлах ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн саналыг авна гэж хоёр өөр төсөл өгсөн юм байна лээ. УИХ-д бичсэн бичигт нь ийм агуулга байгаа. Иймд арга ядаад хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хуулийн төсөл санаачилсан юм байна. Журмын тухай хуульд нэг төсөл хэлэлцэнэ, хоёр төсөл хэлэлцэж болохгүй гэж заасан. Тиймээс бид үүнийг хууль бус явагдаж байна гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулахдаа “Үндсэн хуулийн 35 хувьд өөрчлөлт оруулах нь  Журмын тухай хуулиараа нэмэлт, өөрчлөлт болдог. Хэрэв 45 хувьд нь өөрчлөлт оруулах бол шинэчилсэн найруулга гэж үздэг. 62 гишүүний өргөн барьсан төсөл, Ерөнхийлөгчийн  санал, төслийг авч үзэхэд 41 хувийн өөрчлөлт оруулахаар байна. Иймд  35 хувьд багтаахыг зорьж байна” гэсэн юм. Улс төрийн намуудын зүгээс  Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан асуудлууд болон хэлэлцүүлэг нь хууль зөрчиж байна хэмээн   шүүмжлэлтэй хандаж байсан. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга намуудын төлөөлөлтэй  уулзаж, хөндөж байгаа  асуудлаа нэгтгэхийг хүссэн. Энэ  дагуу улс төрийн 12 нам, иргэний нийгмийн гурван байгууллага хамтран Төрийн тэргүүнд санал, шаардлагаа өргөн барьсан юм. Тэд өргөн барьсан бичигтээ Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах бус, шинэчилсэн найруулга хийх ёстой гэдгийг дурдсан байна.

Ажиглагч, судлаачдын зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 100-150 хүртэл байх нь зохистой гэж үзэж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр илэрхийлж байсан. УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ж.Сүхбаатар “Гишүүдийн тоо 99 байх нь зүйтэй. Төлөөллийн тоо олон байх тусмаа зөв”  хэмээсэн. Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслөөс  байгалийн баялгийг төрийн өмчид хэвээр үлдээх, дөрвөн сайд нь Ерөнхий сайдын хамтаар УИХ-ын гишүүн байна гэсэн “давхар дээл”-ийг хадгалсан заалт шүүмжлэл дагуулсан. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ шийдвэрлэнэ гэж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ гэх бие даасан, хааны эрхтэй шинэ байгууллага бий болгох нь  парламентын болон гүйцэтгэх засаглалын бүрэн эрхэд халдсан гэх шүүмжлэлийг дагуулж байлаа. Эдгээр асуудалд  ирэх сарын 9-нд товлогдсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  УИХ-ын хоёр дахь хэлэлцүүлэг нэгдсэн хариуг өгнө гэсэн хүлээлт байна.

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen