Цагаагаа бэлдэх завгүй наамдамчид, цаг нь ирэхээр харамсах вий

Наадмын дараа намар гэдэг. Хэдий улсын баяр наадамтай ойрхон хугацаанд аймгуудын наамдыг зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Харин Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар болсон нь эдгээр өдрүүдэд болно. Мөн Баянхонгор аймаг Ламын гэгээний 380 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн 3 өдөр үргэлжилнэ.

Зуны дэлгэр цагт дэнжид хотойтол нааддаг монголчууд дэлхийд ганц гэдгээрээ бид бахархдаг. Бахархах зүйл мөн үү гэвэл мөн. Гэхдээ аливаад хэмжээ, хязгаар хэрэгтэйн адил баярлаж, наадсан бол арын ажлаа бас бодох л хэрэгтэй. Одоо аль ч байгууллагын үүдийг татаж албан тушаалтантай уулзъя гэвэл зун цаг тэр тусмаа наадмын дараанаас 8 сарын сүүлч хүртэл байхгүй л болов уу. “Ээлжийн амралтаа авсан. Амраад ирсэн. Түр орлож байгаа.” гэдэг үгсийг л сонсоно.

Монголчууд бид ингэж л наадаж, амарч, зугаалж, цэнгэж, дэнж хотойлгож байна. Нэгэнт амарсан хүмүүс хөдөө, орон нутгийг зорих нь их. Харамсалтай нь тэнд бас л найрлаж байна, наадаж сууна.

Харин наадмын дараа намар гэдгийг санаж, аж ахуйн ажлаа эмхэлж, цэгцэлж байгаа нь хэд бол. Гэнэт ухаан орсон мэт өвөлжилт хүндэрсэн тул тусламж, дэмжлэг өгнө үү хэмээн ёстой л ниргэсэн хойно нь хашгирав гэгч болох вий дээ.

Учир нь, хөдөө орон нутагт өдгөө мал маллан цалинжих туслах ажилтан ч олдохгүй байгаа аж. Түүнийгээ дагаад идээ, цагаа боловсруулах хүнгүй найрлаж, наадаж байна гэнэ. Ямар сайндаа л хөдөө очсон дээрээ хэмээн ааруул авах гэтэл кг нь 25000 төгрөг гэж байх билээ. Нийслэлд байгаагаас хэд дахин үнэтэй ааруулыг орон нутгаас авна гэдэг бас ахадсан үнэ. Мэдээж малчид малынхаа ашиг шимийг хүртэх эрхтэй. Уг нь ажилтай анхиатай хүмүүс бол эрвийх, дэрвийхээрээ ажиллаад л үнэ, ханшаа буулгаж, хурдан түргэн борлуулалт хийж илүү ашиг олох боломжтой. Харамсалтай нь наадам дамжаад завгүй явсаар намартай золгохоор шийдсэн болохоор цагаан идээгээ боловсруулж чадсан нь ийн өндөр үнэ хэлээд л байж байгаа бололтой. Урин дулааны цагт цагаагаа бэлдэхгүй явсаар хүйтний ам наашлахад гэнэт өвлөө санаж, харамсах вий дээ. Дараа жилийн наадам даанч хол гэлээ даарах өвөл хаяанд л байна даа.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen