Сумын Засаг даргыг сонгох биш томилдог байя
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлгүүдийн дөрөв дэх буюу “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт аймгийн удирлагууд оролцож, асуултаа асууж, төсөл санаачлагчдаас хариулт авсан юм.
Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар:
-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслөөр Үндсэн хуулийн 62.1-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэсний “бие дааж” гэдэг үгийг хасаж байгаа үндэслэл юу вэ?
ЕТГ-ын дарга З.Энхболд:
-Эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд” гэсэн тодорхойлолт засаг захиргааны бүх нэгжид хамаардаг. Тэгвэл өөрийгөө бүрэн санхүүжүүлэх чадвартай сум ердөө 3-4 л байна. Гэвч тухайн сумын нутаг дэвсгэр дэх байгалийн баялаг нь тэр сумын ард иргэдийн өмч биш. Өнөөдөр амьдарч байгаа бид бүхний ч өмч биш, нийт монголчуудын өмч. Үндсэн хуульд ч байгалийн баялгийг аймаг, сумаараа өмчлөх эрхгүй гэдгийг тодорхой заасан. Нийт ард түмний мэдлийнх бөгөөд төрийн хамгаалалтад байдаг, төрийн өмч юм. Төр баялагтай аймаг, сумдаас татвар авч түүнийгээ баялаггүй сумдад төсөв болгон хуваарилдаг. Дээрээс хуваарилагдаж ирсэн мөнгийг хуваарилдаг аймаг, сумын ИТХ нь асуудлаа бие даан шийдэх чадваргүй юм байна хэмээн үзсэн. Иймд энэ үгийг ач холбогдолгүй хэмээн үзэж, хасахаар төсөлд тусгасан. Одоогоор засаг захиргааны бүх нэгжээс татвар авдаг нь ердөө нийслэл. Эдийн засаг, нийгмийн цогцолбор болох тал руугаа явж буй ганц нэгж. Цаашид сум ийм байж болно. Гэхдээ эрхийг нь Засгийн газраас олгосон тохиолдолд сумынхаа малчдаасаа татвар авах хуулийг сумын ИТХ гаргаж чадах эсэхийг бодитоор харах нь зүйтэй. Татвараа аваад, орлого олоод, асуудлаа шийдээд эхлэвэл “бие дааж” гэдэг үг нь амилна. “Эдийн засаг, нийгмийн цогцолбор” гэдэг нь орчуулгын хэллэг бөгөөд татвартай, татвараа зохицуулдаг, зарцуулдаг эрхтэй, өмч хөрөнгөтэй байх юм. Нэгдмэл Монгол Улсын хувьд бол энэ боломжгүй.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Ерөнхийлөгчийн төслөөр бол нийслэлийн 165 хороог дүүрэг болгоно, тэгвэл дүүрэг нь өнөөдөр 240 хуулиар эрх, үүрэг хэрэгжүүлдэг. Энэ бүхнийг бас тооцох шаардлага бий.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэдэг заалтыг тусгаад, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх боломжтой болгох үүднээс улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын өөрийн удирдлага, засаг захиргааны зохион байгуулалтын асуудлыг хуулиар тогтооно хэмээн оруулж өгснөөрөө хотын онцлогийг харьцангуй дэвшил гарган зааж өгч байгаа хэрэг юм. УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлд 60.4 буюу “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно” хэмээх заалтыг нэмж, үүнийгээ органик хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Тулга:
-Нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр Үндсэн хуулийн 57.2 буюу “Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно” гэж тодорхой тусгаж өгсөн гэж үзэж байгаа. Үүнийгээ 57.1-д “аймаг, хот, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, тосгон” хэмээн нэгж болон тодорхой зааж өгч болох уу?
Профессор, доктор А.Бямбажаргал:
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөх бүрд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид “хот”-ыг хэрхэн тусгах талаар тухай бүр судалж, шийдэл эрэлхийлж ирсэн гэдгийг тэрбээр хэллээ. Хот хэмээх дэлхий нийтийн ойлголт нь нүүдэлчин уламжлалтай манай улстай харьцуулахад өөр. Хот гэдэг нь суурьшмал оршин суугчидтай, засаг захиргаатай, эдэлбэр газартай, дэд бүтцийн нэгдсэн сүлжээтэй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй, жам ёсоороо үүсдэг зүй тогтол гэх зэрэг ойлголт байдаг. Харин засаг захиргааны нэгжийг тогтоодог. 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлахдаа дэлхий нийтийн чиг хандлагатай ижлээр “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид л хуваагдана, харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хот, тосгон үүсч болно” хэмээн жам ёсны зүйлийг оруулж өгсөн.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл:
-Орхон аймгийн Баян-Өндөр сум нь Булган аймгийн Орхон сумын нутагт байрладаг. Гэр бүлүүд нь хоёр тусдаа байдаг. Бусдын нутаг дээр байдаг учир бүтээн байгуулалт явж чаддаггүй, Булган аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул тариалан эрхлэгчид нь зээл, санхүүгийн дэмжлэг авч чаддаггүй” хэмээн тайлбарлаад нэр заан, Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Мөн тэрбээр сумын Засаг даргыг сонгох биш, томилдог байх нь зүйтэй гэдэг саналыг хэлж байлаа.
Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогч 28 хүн асуулт асууж, төсөл санаачлагч болон дэд ажлын хэсгийн гишүүд, судлаачдаас хариулт, тайлбар авсан юм.
Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг өнөөдөр байгалийн баялаг, эдийн засгийн сэдвээр үргэлжилнэ.
Н.Энх
ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN