Тэд бидний тухай: Хоёр улсыг холбосон гүүр болох боломжийн талаар...
18 зууны эхээр Оросын анхны эзэн хаан I Петр нь Нева мөрний цутгалангийн хажууд шинэ хотын шавыг тавин, түүнээ диваажингийн үүдийг нээх түлхүүрийг атган суугч Гэгээн Петрийн нэрээр нэрлэхдээ Европ тив рүү харах цонхыг нээж байна гэж хэлсэн гэдэг. Харин XXI зууны эхээр Орос орон Ази тив рүү харах цонхоо хаана нээж, хөгжлийн хаалганы түлхүүрийг аль хот, ямар бүс нутагт атгуулах вэ гэж эргэцүүлж сууна. Энэ талаар Оросын “REGNUM” агентлагийн сайт дээр бичсэн эргэцүүлэлийг уншигч танд товчлон хүргэе.
Ази руу харах Оросын цонхыг хаана гаргах вэ? Тувад эсвэл Монголоор дамжуулж, үгүй бол шууд Хятад руу гаргах уу
Дэлхийн эдийн засаг Ази Номхон далайн бүс нутаг руу эргэж байгаа явдал ба олон тооны хориг арга хэмжээний улмаас Орос орны хувьд дорно зүг нь нэн чухал болж хувираад байгаа юм. Энэ бүхэн нь хэтийн төлөвтөө Евразийн Өрнөд ба Дорнод үзүүрийг зам тээврийн бат бэх сүлжээгээр холбож чадах “Бүс ба зам” төслөө хэрэгжүүлж байгаа Хятадын зорилготой санаа нийлж байгаа билээ.
Зүүн хаалгыг түр нээхүй
Оросын Алс Дорнод, Өвөр Байгаль ба Буриад гэсэн хэд хэдэн бүс Ази руу, түүн дотроо нэн тэргүүнд Хятад руу гарах гол хаалга болохын төлөө хүчээ сорьж байна. Буриад гэхэд л Бээжингээс Транссибирийн төмөр зам хүрч, цаашлаад Оросын Европ тивийн хэсэг орох зам нь Алс Дорнодын хотууд эсвэл Читагаар дамжсан замуудаас хавьгүй дөт гэж тайлбарлаж байна. Дэд бүтцийг хэдийн байгуулсан тул энэ чиглэлийг хөгжүүлэх ажлыг хялбаршуулж өгнө гэж байгаа.
Хятад, Орос, Монгол гурван улс нь 2016 онд Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллгааны байгууллагын чуулга уулзалт дээр Хятад-Орос-Монгол гэсэн эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурцгаасан. Энэхүү коридорын хүрээнд авто зам байгуулахаас гадна шатдаг хий ба газрын тосны хоолой, төмөр зам болон холбооны шугам сүлжээ тавих сонирхолтойгоо дурдацгаасан.
Монголоор дамжин өнгөрч байгаа Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний тоо 2018 онд 50 гаруй хувиар өссөн тухай “REGNUM” мэдээлж байсан. Тодруулбал, 2017 онд Хятад-Европ чиглэлийн 556 галт тэргийг Монголоор дамжуулан явуулж байсан бол 2018 онд энэ тоо 856 болж өссөн.
Гэсэн хэдий ч энэ төсөл хүсэн хүлээсэн үр дүнд хүртэл өдий гэдгийг гурван улсын тэргүүнүүд ч хүлээн зөвшөөрсөн. БНХАУ-ын Си Жинпинь тэргүүлэгч коридорыг байгуулах ажлыг түргэсгэхийг уриалж байв. Энэ зургаадугаар сарын дундуур Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь Орос ба Хятадын төрийн тэргүүнүүдтэй хийсэн гурван талт уулзалтын үеэр төслийн хэрэгжилттэй холбоотой саад бэрхшээлийг дурдсан. Тэрээр “Гурван талт хамтын ажиллагааны явц хүссэн түвшинд хүрэхгүй байгаатай та бүхэн санал нийлэх байх гэж бодож байна. Эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрийг баталснаас хойших гурван жилийн дотор манай гурван орны ард иргэдийн амьдралыг сайжруулж, эдийн засгийн хөгжилд нь хувь нэмэр оруулах бодит төсөл нэгийг ч хэрэгжүүлээгүй байгаа явдал нь харамсал төрүүлж байна” гэсэн.
Үгээр ч зогсохгүй гурван талд адил хүлээн зөвшөөрөгдсөн техник эдийн засгийн үндэслэл бүхий нэг ч төсөл үгүйг тэрээр онцолсон. Тиймээс, тэрээр уулзалтыг дүгнэн хэлэхдээ гурван улсын холбогдох албадуудад гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодит үүрэг өгөхийг уриалсан юм.
Си Жинпинь өөрийн зүгээс талууд нь Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын хүрээний хамтын ажиллгааны төслүүдийг тодорхой бүс нутгуудтай холбох, гаалийн шалгалтыг хялбаршуулах, шалган нэвтрүүлэх гол төвүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, бүс нутаг хоорондын хамтын ажиллгагааг гүнзгийрүүлэх зэрэгт дэм болох ёстой гэсэн.
Шинэ цонхыг хаана гаргах вэ. Ийм яриа өрнөж байх зуур Оросын Баруун Сибирийн бүс нутгууд Ази руу шинэ цонх нээхэд хэдийн бэлэн болоод байна. Сибирь ба Баруун Монгол, Шинжаан Уйгарын автономит дүүргийн ачаа тээврийн сисемүүдийг уялдуулан холбох асуудлын талаарх дугуй ширээний ярилцлага долоодугаар сарын 1-нд Кызыл хотноо болсон. Тус ярианд Сибирийн холбооны тойрог, Монгол ба Хятадын төлөөлөгчид оролцжээ.
ОХУ нь 2019 онд “Енисейн Сибирь” гэсэн төслйн хүрээнд Курагино-Кызыл гэсэн төмөр замыг бариад эхэлчихсэн. Төлөвлөгөөний дагуу бол энэ зам нь “Нэг бүс –нэг зам” төслийн салаа болж Монголоор дамжин Хятад орно.
Хятадын талаас Тува чиглэлтэй төмөр зам болон авто замыг хэдийнэ Монголын хил хүртэл тавьчихаад байгааг Шинжаан Уйгарын автономийн тэргүүн Жао Чонжү хэлсэн. Тэрээр “Хэрэв Орос улс Курагино-Кызыл салаа төмөр замын хугацаагаа тодорхойлчихвол бид тэр даруй үргэлжлүүлэн барих болно” гэжээ.
Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хийдэг барааны эргэлтээ цаашид нэмэгдүүлэх тухай Оросын Ерөнхийлөгчийн шууд тушаал гарсан учир Тувагийн төмөр замыг барих ажил энэ жил эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Красноярксийн хязгаарын амбан захирагч Александр Усс мэдэгдсэн. Улмаар Кызыл, Туваг Монгол ба Хятадын зах зээл рүү Сибирийг нэвтрэн гарах түшиц газара болох боломжтой талаар ч ярьсан. Тэрээр “Енисейн Сибирийн эдийн засгийн боломж чадвар агуу бөгөөд дорно зүгийн хөршүүдтэйгээ түншлэвэл тэр бүхэн хэд дахин нэмэгдэх чадвартай” гэснийг Тувагийн Засгийн газрын хэвлэлийн алба уламжилсан.
Хятад нь Орос улс, түүний бүс нутгуудтай урт хугацаны бөгөөд идэвхтэй хамтын ажиллагаа явуулах сонирхолтой байгааг Жао Чонжү онцолсон. Ингэхдээ Москватай харилцаа холбоогоо хөгжүүлэх гол зангилааг нь Шинжаан гэж Бээжинд үзэж байгаа аж.
Гэвч Тува нь Хятадтай шууд хил залгадаггүй тул тийш чигэлсэн зам Монголын нутгаар дамжин өнгөрөх ёстой. Монгол улс нь хил залгаа улсуудтайгаа нэгдсэн зам харилцааны сүлжээ байгуулахын эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа тухай Монголын Баруун нутаг дахь Ховд аймгийн засаг дарга Батсуурийн Дүгэржав онцолсон. Тухайлбал, Оросын Р-257 “Енисей” магистраль замыг Баруун Хятадын төмөр замын хамгийн том зангилаа болох Шинжаан Уйгарын нийслэлтэй шууд холбож өгөх авто замын ажил дуусч байгаа юм байна.
Б.Гарьд
Эх сурвалж: “REGNUM” агентлагийн сайт Владимир Бадмаев