Тангаргаа тонгорог болгосон ШҮҮГЧИД ба шүүх засаглалын ҮНЭН ТӨРХ

Тангаргаа тонгорог болгосон ШҮҮГЧИД ба шүүх засаглалын ҮНЭН ТӨРХ

 

Өчигдрийн шуугиант мэдээллийн нэг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат гэр бүлийнхний хамт АНУ-ын хил дээр саатуулагдсан, улмаар тус улсаас орогнол хүссэн гэх мэдээлэл байлаа. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол тэрбээр Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг юм.  Харин энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Ийм мэдээлэл албан ёсоор манайд ирээгүй байна" гэжээ.

Энэ бол шүүх засаглал болон шүүгч нартай холбоотой “зүгээр” л нэг мэдээ. 2019 оны тухайд энэ салбарынхан тун барцад ихтэй байгаа. Ээлж нь ирнэ гэдэг шиг л юм болж, шүүх засаглалын “салхивч”-ийг онгойлгоод байна.  

Улсын дээд шүүх энэ зуны дунд сарыг гаднаа жагсагчидтай үдэх шиг болсон. Жагсагчид "Шударга шүүхтэй болохын тулд шинэчлэлтийг Дээд шүүхээс эхлэх ёстой" хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, "Хараат шүүхийг халъя" уриатай хэд хоног жагссан. Тэд бас  зарим нэг шүүгчдийг халах тухай  шаарджээ. Иргэдийн энэ шаардлага зүй ёсных. Монголын нийгэм шүүх засаглалаас шударга ёсыг олон жилийн турш  нэхэж байгаа.

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 125  сая ам долларын авлига авч, авшиг хүртсэн 7 шүүгчийн тухай мэдээлэл чих дэлдийлгээд буй. Ерөнхийлөгчийн түдгэлзүүлсэн 17 шүүгчийн дотор эрүүгийн хэрэгт холбогдсон 4 шүүгч байгаа  гэсэн  яриа байна. Тэрчлэн Салхитын ордны авлигыг нэгэн гавьяат хуульч зуучилсан гэх мэдээлэл ч цахим орчинд тараад байгаа. Хэдхэн сарын өмнө ШЕЗ-ийн дарга нь “Жирийн шүүгч хадгаламжиндаа нэг тэрбум ам.доллартай байж болдоггүй юм уу” хэмээн  хууль бусаар хөрөнгөжсөн шүүгчээ камерын өмнө өмөөрөөд зогсч байв.  Нэг тэрбум ам.доллар гэдэг  захын нэг залуу шүүгчийн дансанд зүгээр л хэвтэж байдаг  мөнгө мөн үү. Хэрэв үүнийг төгрөгт шилжүүлбэл өнөөгийн ханшаар 265 тэрбум төгрөг болно.

Улсын Их Хурлын нэр бүхий таван гишүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж, ёс зүйг уландаа гишгэсэн нэр бүхий 8 шүүгчийг түдгэлзүүлэхийг шаардаад байгаа.

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өрнөж байгаа энэ үед  иргэдээс хамгийн их эсэргүүцлээ илэрхийлж буй асуудал шүүхийн талаар байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байна.  Хуулийн шинэчлэлд  шүүхийн нэр хүнд, иргэдийн итгэх итгэлийг сэргээхийн тулд ийм заалт оруулж байна хэмээн их л хичээнгүйлэн тайлбарлаж  байна  билээ.

Энэ бүхэн Монголын шүүх засаглалд шударга ёс алдагдаж,  ёроолдоо хүртэл доройтсоныг гэрчилнэ. Хараат бус байж, шударга үнэний дэнс байх ёстой шүүгчид нэгэн судлаачийн хэлснээр “Хүн хохироогоод улам дэвшдэг, хэрэг шийдвэрлээд хэтэвч нь зузаардаг”  ийм л  нэг тангаргаа тонгорог болгосон институц болж хувирчээ.  Ийм байхад жирийн иргэд бид чинь шударга үнэнийг хаанаас хайх билээ.

Жирийн иргэддээ шударга бус байдлыг “амьдаар” нь харуулсан Л.Гансүхийн “хэрэг”,   5 сайхан залуугийн амь насыг авч одсон “7-р сарын 1”-ний хэрэг,  С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн гэх хэргийг шийдвэрлэсэн байдал нь Монголын шүүх засаглалын энэ цагийн хар толбо болж түүхэнд үлдэж мэднэ.

Ерөөс шүүх эрх мэдлийг гартаа оруулах замаар дарангуйлал эхэлдэг ажээ. Өнгөрсөн хавар ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ынхныг чөлөөлдөг байх тухай заалтыг хэлэлцэх үеэр “Хэмжээлшгүй эрх мэдэлтэй, хэн ч хариуцлага тооцохгүй шүүх хуулийн байгууллагуудтай үүнээс өөрөөр тэмцэх аргагүй” хэмээн тайлбарлаж байж билээ.  Энэ үгээр тухайн асуудлын түвшинэрсдэлийг илэрхийлж байсан хэрэг.

Ийнхүү шүүх засаглалыг  тойрсон салхи буруугаар эргэж, энэ салбарыг “эрүүлжүүлэх” нь Монгол төрийн  толгойны өвчин болж хувираад байна.  

Хууль журмаараа, бидний гэгээн цагаан итгэл үнэмшлээр бол шүүх хар цагааны дэнс,  шударга ёсны ташуур байх учиртай. Шүүх засаглал иргэдийн итгэл, үнэний манаач, худлын хайч байх ёстой мэт. Харамсалтай нь Монголын шүүх ийм байж чадсангүй. Гэхдээ энэ үгийг нийтэд нь хамааруулж, хавгайруулж болохгүй байх.

Шүүх засаглалд үнэний гэрэл гэгээ болж, нүгэл худалгүйгээр ажил үүргээ хэрэгжүүлж байгаа шүүгчид бий гэдэгт итгэж байна. Гагцхүү  өргөсөн тангарагаа умартаж, хэн нэгний гар хөл болсон, авлига мөнгөний  өмнө алга тосоод сөхөрдөг, захиалгаар хэрэг шийддэг, гэмгүй нэгнийг хилсээр ялладаг тэр хүмүүс л төрийн том институцийн нэр нүүрийг улалзуулж, түмний итгэлийг үргээгээд буй хэрэг. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог хорвоо хойно, яая гэхэв.

Нэг шүүгчийн хариуцлага нийт хамт олны нэр хүнд гэдэг утгаар Шүүх засаглалд шинэчлэлийн салхи сэвэлзэж буй энэ үед  салбарынхан өөрсдөө идэвхтэй оролцох шаардлагатай болж байна.

Хар ухаанаар бодоход  шүүгч бусдын нөлөөнд ороод байх хүчин зүйл бага мэт. Тэдэнд хуулиар олгосон эрх дарх,  боломжийн цалин урамшуулал бий.  Гэхдээ томилдог байсан цагт шүүх хараат бус байж чаддаггүй гэдгийг  хангалттай харлаа.

Одоо яригдаж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүхийг томилдог бус иргэдээсээ сонгодог байх ёстой гэсэн иргэдийн  санал  цөөнгүй ирж байгаа гэнэ ээ.  Дэмжүүштэй л санал. Зарим хуульчид ч энэ  асуудлыг ярьдаг. Өмнөх тогтолцооны үед шүүгчдийг томилдог бус сонгодог байсан.  Олон улсад ч ийм практик байдаг. Магадгүй,  энэ нь шүүхийн хараат бус байдлыг хангах хамгийн сайн арга ч байж мэдэх л юм.

 

М.Нэргүй 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen