Завхан аймгийн "Баян Айраг Эксплорэйшн" компанийн нуруулдах уусгах талбай үерт автжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт зургаадугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах 2,14,15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсч нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүсэж, хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1,693 метр квадрат талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагджээ.

Одоогоор хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас компанийн олборлолтын үйл ажиллагааг түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгчээ. 

 
 

Урьдчилсан байдлаар тус компани ТЭЗҮ-д тусгагдсан үерийн ус зайлуулах суваг шуудуу, даланг байгуулаагүйгээс тухайн нөхцөл үүссэн гэж үзэж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид 2019 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүдийг илрүүлж Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч “Баян Айраг Эксплорэйшн” компанийн зүгээс албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй аж.

Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen