Баян, Ядуу хүмүүсийн “сэтгэлгээний 10” ялгаа

Тэрээр чинээлэг амьдралтай 233, ядуу буурай амьдралтай 128 хүнийг хамруулсан энэхүү судалгаагаа 5 жилийн турш явуулсан бөгөөд эдгээр хүмүүсийн өдөр тутам хийжөнгөрүүлдэг үйлдлүүдийг судалжээ. Томас Корлигийн онцолсноор чинээлэг амьдралтай хүмүүс нь мятрашгүй өөдрөг үзэлтэй байдаг төдийгүй өглөө бүрийг талархан угтаж, аз жаргалыг зуршил болгосон байдаг гэнэ. Тэрээр жилийн орлого нь $160.000 бөгөөд $3.200.000 ба түүнээс дээш хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийг чинээлэг амьдралтай гэж үзсэн бол жилийн орлого нь $35.000 бөгөөд $5000 ба түүнээс бага хөрөнгөтэй хүмүүсийг тааруухан амьдралтай гэсэн ангиллаар сонгож судалсан байна. 
1. Чинээлэг хүмүүс байнгын зуршил болгож хийдэг үйлдлүүд нь амьдралд нь онцгой нөлөөтэй гэж итгэдэг.

"Өдөр бүр хийж заншсан аливаа дадал зуршлууд нь санхүүгийн амжилт олоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.” 


  • Санал нийлсэн чинээлэг хүмүүс: 52%
  • Санал нийлсэн ядуу хүмүүс: 3%
Чинээлэг хүмүүсийн үзэж байгаагаар муу үлгэр дууриалал бүхий сөрөг дадал зуршил нь амьдралд нь тийм л нөлөө үзүүлдэг бол сайн үлгэр дууриалал бүхий өөдрөг эрч хүчтэй, эерэг дадал зуршлууд нь аз хийморь далладаг байна. Энэ нь хүмүүсийн амьдралдаа хэр амжилт гаргах вэ гэдгийг тодорхойлж өгдөг гол хүчин зүйл юм. Томас Корлигийн хэлснээр чинээлэг хүмүүс өөрийгөө "Би маш их азтай хүн...” гэж итгэл төгс, сэтгэл хангалуун хэлдэг байхад ядуу буурай амьдралтай хүмүүс байнга л "Би ямар азгүй юм бэ? Тэнгэр нь хаясан азгүй хүн гэж намайг л хэлдэг байх даа...” хэмээн халагладаг байна. 

2. Чинээлэг хүмүүс Америк мөрөөдөл боломжтой гэдэгт итгэдэг.  
"Америк мөрөөдөл гэдэг бүтэшгүй санаа, боломжгүй зүйл юм.”
  • Санал нийлсэн чинээлэг хүмүүс: 2%
  • Санал нийлсэн ядуу хүмүүс: 87%
Зохиолч Томас Корлигийн тодорхойлсноор "The American Dream” гэдэг нь оюуны өндөр чадавхитай байж аливааг өөрийн гараар хийж бүтээхийг илэрхийлдэг ойлголт юм. Түүний хийсэн судалгаагаар чинээлэг хүмүүсийн 94% нь хөрөнгө, мөнгөтэй болно гэдэг нь Америк мөрөөдөл хэрэгжиж биелэлээ олсны шинж төдийгүй Америк мөрөөдөл бол хүн өөрөө хичээж тууштай хөдөлмөрлөх юм бол хэзээд боломжтой зүйл юм гэжээ. 

3. Чинээлэг хүмүүс хувь хүний хувьд ч, мэргэжилтнийхээ хувьд ч өсөн дэвжихийн аль алиныг нь чухалчилж үздэг.  
"Харилцаа тогтоох нь санхүүгийн амжилтад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл юм.”
  • Санал нийлсэн чинээлэг хүмүүс: 88%
  • Санал нийлсэн ядуу хүмүүс: 17%
Чинээлэг хүмүүсийн хувьд түнш байгууллагууд болон хамтран ажиллагсадтайгаа байнгын холбоотой байж харилцаа тогтоох нь санхүүгийн амжилтад хүрэх гол гарц гэж үзэхээс гадна үүнийгээ бодит байдал дээр байнгын дадал зуршил болгосон байдаг. Тухайлбал өглөөний мэндийг нь эрж ажлын амжилт хүсэхээс эхлээд амьдралд нь тохиолдох баяр гунигтай аль ч хоромд хамт байж харилцан тусалж дэмжих нь хамгийн чухал үйлдэл юм. Томас Корли энэ арга барилыг өөр дээрээ туршиж үзсэн бөгөөд хамтран ажиллагч, түншүүдтэйгээ өглөөний мэнд эрсэн дуудлага хийж, төрсөн өдрийн баярын мэндчилгээ илгээх зэргээр харилцаа тогтоосон нь $60.000 ам.долларын нэмэлт ашгийг өгсөн байна. 

4. Чинээлэг хүмүүс шинэ танилтай болох саналаас татгалздаггүй. 
"Би шинэ танилтай болох дуртай.”
  • Санал нийлсэн чинээлэг хүмүүс: 68%
  • Санал нийлсэн ядуу хүмүүс: 11%
Чинээлэг хүмүүс шинэ танил болох нь санхүүгийн амжилтад хүрэхэд онцгой нөлөөтэй зүйлсийн нэг гэж үздэг бөгөөд энэ ч утгаараа шинэ танилтай болохоос эмээдэггүй. Тэдний 95% нь хэн нэгний сонирхлыг татаж, гүн сэтгэгдэл төрүүлж чадах нь ямар ч бизнест амжилт авчирна гэдэгт итгэдэг ажээ. 

5. Чинээлэг хүмүүсийн хувьд хуримтлал үүсгэх нь чухал байдаг. "Хуримтлал үүсгэж, мөнгөө хадгалах нь санхүүгийн амжилтад хүрэх гол зарчмуудын нэг юм.”
  • Санал нийлсэн чинээлэг хүмүүс: 88%
  • Санал нийлсэн ядуу хүмүүс: 52%
Зохиолч Томас Корлигийн хэлснээр хөрөнгөтэй байна гэдэг нь их хэмжээний мөнгө олохдоо байдаггүй юм. Энэ нь ихийг хуримтлуулж хөрөнгө мөнгөө арвижуулахад оршдог ажээ. Түүний судалгаанд хамрагдсан чинээлэг хүмүүсийн олонх нь их хэмжээний мөнгө олсон учраас баян чинээлэг байсан юм биш, харин ч эсрэгээрээ ихийг хуримтлуулсан байсан юм. Тэрээр хүүхдүүддээ 80 / 20 - ийн зарчмыг дагаж мөрдөхийг сургаж байгаа бөгөөд энэ нь орлогынхоо 20%-ийг тогтмол хуримтлуулж, үлдсэн 80%-аар нь амьдрах явдал юм. 

6. Чинээлэг хүмүүс хувь тавилангаа өөрөө бүтээнэ гэдэгт итгэдэг. "Би хувь тавиландаа итгэдэг.”
  • Санал нийлсэн чинээлэг хүмүүс: 10%
  • Санал нийлсэн ядуу хүмүүс: 90%
Ядуу буурай амьдралтай хүмүүс амьдралаа өөрөө бүтээж, санхүүгийн хувьд хэр амжилттай явах эсэх нь зөвхөн өөрөөс нь л шалтгаалах зүйл гэдгийг огт ойлгодоггүй болохыг судалгаагаар тогтоожээ. Тэд зөвхөн бурхнаас зурсан зураг төөрөг минь л ийм, манайх удмаараа л ийм байсан гэхчилэн мухар сүсэгт итгэдэг. Томас Корлигийн ярилцсан олонх чинээлэг хүмүүс ч угийн баян чинээлэг амьдралтай байгаагүй юм. Өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд тэдэнд юуг ч хийж бүтээх итгэл сэтгэл хийгээд тууштай хөдөлмөрч зан суртахуун, бүтээлч сэтгэлгээ, бүтээлч хандлагууд байсан юм. 

7. Чинээлэг хүмүүс оюуны чадавхиас илүү бүтээлч байдлыг чухалчилдаг. 
"Бүтээлч хандлага бол санхүүгийн амжилтад хүрэх чухал хүчин зүйл юм.”
  • Санал нийлсэн чинээлэг хүмүүс: 75%
  • Санал нийлсэн ядуу хүмүүс: 11%
Чинээлэг хүмүүсийн хувьд аз жаргал, амжилт бүтээлээр арвин ажиллаж хөдөлмөрлөх, амьдралаа авч явахад бүтээлч хандлага хамгийн чухал гэж үздэг бол ядуу буурай хүмүүсийн хувьд төрөлхөөс заяасан гоц ухаантай байх нь л сайхан амьдрах үндэс болдог гэж итгэдэг байна. Түүнчлэн баян чинээлэг болох нь тохиолдлоор бий болдог зүйл гэдэгт итгэдэг байх юм. Томас Корлигийн энэ тал дээр байр сууриа илэрхийлж "Миний судалгааг нарийвчилж харах юм бол маш олон чинээлэг хүмүүсийн "C” үнэлгээтэй сурч байсныг анзаарах болно. Ганц ухаантай байснаараа л хөрөнгө мөнгөтэй болно гэдэг өрөөсгөл ойлголт юм шүү дээ.” гэсэн юм. 

8. Чинээлэг хүмүүс хийж байгаа ажилдаа дуртай, үргэлж сэтгэл хангалуун байдаг. 
"Би хийж байгаа ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг.”
  • Санал нийлсэн чинээлэг хүмүүс: 85%
  • Санал нийлсэн ядуу хүмүүс: 2%
Томас Корлигийн судалгаанд хамрагдсан чинээлэг хүмүүсийн олонх нь хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг болохыг тогтоожээ. Чинээлэг хүмүүсийн 86% нь долоо хоногт 50 цаг ба түүнээс ч илүү цагаар ажилладаг бол 81% нь үүрэгт ажлаасаа илүүг хийж гүйцэтгэдэг байна. Гэтэл ядуу буурай амьдралтай хүмүүсийн 43% нь 50 цаг ба түүнээс илүү цагаар ажиллаж, 17% нь л үүрэгт ажлаасаа илүүг хийж гүйцэтгэдэг байх жишээтэй. Корлигийн хэлж байгаагаар энэ нь бүтээлч байдал бол санхүүгийн амжилтад хүрэх чухал зүйл гэдэг ойлголтын нэг хэсэг юм. Хэдий тийм боловч чинээлэг хүмүүс бүтээлч байдлыг алс хэтийн мөнгөн орлогын үнэлгээтэйгээ холбож үздэг бол ядуу буурай хүмүүс нь бүтээлч байдлыг шагнал урамшуулал төдийхөн авч, цалингаа нэмүүлэх хэлбэрээр ойлгодог талтай ажээ. 

9. Чинээлэг хүмүүс эрүүл мэнд бол амжилтад нөлөөлөх онцгой хүчин зүйлсийн нэг гэж үздэг. 
"Эрүүл байж байж их мөнгөтэй болж, санхүүгийн амжилт гаргана.”
  • Санал нийлсэн чинээлэг хүмүүс: 85%
  • Санал нийлсэн ядуу хүмүүс: 13%
Томас Корлигийн судалгаанд хамрагдсан нэг хүн "Эмнэлгийн орон дээрээс би мөнгө хийж чадахгүй шүү дээ!” гэжээ. Чинээлэг хүмүүсийн хувьд эрүүл байна гэдэг нь өвдөж болох ч түргэн тэнхэрдэг байх хэрэгтэй гэсэн үг юм. Ингэснээр өвдсөн цаг хугацаагаа нөхөж илүү их бүтээлчээр ажиллаж байж илүү их мөнгө олно гэж байгаа ажээ. 

10. Чинээлэг хүмүүс эрсдэл гаргахаас зүрхшээдэггүй. 
"Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг болохын төлөө би маш олон эрсдэлтэй алхам хийж байлаа.”
  • Санал нийлсэн чинээлэг хүмүүс: 63%
  • Санал нийлсэн ядуу хүмүүс: 6%
Энэхүү судалгаанд хамрагдсан чинээлэг хүмүүсийн олонх нь бизнес эрхлэгч нар байсан бөгөөд бараг бүгдээрээ л өөрийн бизнесийг эхлүүлж амжилтад хүрсэн хүмүүс байсан юм. Тэд бол эрсдлээс эмээлгүйгээр зоригтой хөдөлснийхөө ачаар маш их туршлагыг хуримтлуулж амжилтад хүрсэн хүмүүс ажээ. Эдгээр чинээлэг хүмүүсийн 27% нь амьдралдаа эсвэл бизнесээ эхлүүлж байхдаа хамгийн багадаа нэг удаа бүтэлгүйтэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэтэл ядуу буурай амьдралтай хүмүүсийн 2% нь л бүтэлгүйтэж байсан гэдэг. Томас Корлигийн хэлснээр "Бүтэлгүйтэл бол тархинд сорви болж үлдсэн туршлагатай эд эс юм. Сургамж мөнх үргэлжилнэ.”
http://www.bunny.mn/news
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen