Ч.Мөнхзул: Дөрвөн настайгаасаа хойш театрын үнэнч үзэгч хэвээрээ байгаа

 
 Ч.Мөнхзул: Дөрвөн настайгаасаа хойш театрын үнэнч үзэгч хэвээрээ байгаа

Монголын ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзултай уулзаж энд онд хийхээр төлөвлөж буй ажил, театрт тоглогдох шинэ сонгодог жүжгүүдийн талаар ярилцлаа.

 

-Шинэ он гараад удаагүй байна. Дуурийн театрынхан энэ сард маш олон бэлэгтэй үзэгчдийгээ угтаж байна шүү дээ. Энэ ажлуудыг мэдээж их эртнээс төлөвлөж хуваариа гаргадаг. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү дээ?

-Манай театрын онцлог гэвэл тоглолтынхоо хуваарийг бүтэн жилийн өмнөөс урьдчилж гаргадаг. Одоогоор тоглолтын 54 дэхь улирал ид дундаа явж байна. Театрынхан маш их ажилтай, ажлаа хийхийн тулд нойр хоолгүй гүйж явна гэхэд худал ярьсан болохгүй болов уу. Тэгээд ч 2017 он бидний хувьд маш чухал. Нэн түрүүнд бид өнгөрсөн гурван жилийнхээ ажлыг дүгнэж, стратегийн бодлого төлөвлөгөөндөө зохих өөрчлөлтүүдийг оруулж өнгөрсөн 12 сард шинэчлэж баталсан. Мөн дараагийн дөрвөн жилийнхээ төлөвлөгөөг гаргачихсан, түүнийхээ дагуу ажил үүргээ явуулж эхлээд байгаа.

-Ямар, ямар шинэлэг ажлуудыг хийж эхлэхээр зэхээд байна вэ. Театрын 55 жилийн ой ирэх онд болох байх аа?

-Нэлээд өвөрмөц шинэлэг ажлуудыг төлөвлөгөөндөө багтаасан. Залуучуудад зориулсан өвөрмөц, шинэ тавилттай бүтээлүүдийг тоглох ажил нэлээд тусгагдсан байгаа. Мөн ирэх 2018 оны тавдугаар сард театрын 55 жилийн ой болно. Тиймээс энэ онд ойгоо угтаж олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ сард гэхэд бид үндэсний урлагийн бүтээлүүддээ ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Ц.Нацагдоржийн "Гүнгэрийн гүнж” нэртэй Хүннү гүрний үеийн үйл явдлыг өгүүлэх түүхэн дуурь тоглогдох гэж байна. Б.Шаравын "Чингис хаан” дуурийг өмнө нь хөгжмийн хувьд шинэчилж тавьсан бол одоо Ч.Найдандорж найруулагчтай хамтран ажиллаж тайзны найруулгийнх нь хувьд шинэчлэж хэдхэн хоногийн дараа үзэгчиддээ хүргэхэд бэлэн болоод байна. Бүх цаг үеийн хамгийн алдартай "Хунт нуур” балет мөн тоглогдоно. Онцлог нь гэвэл бүх хунгуудынхаа хувцсыг дэлхийн алдартай брэндээс авчирсан байгаа. Шинэ хувцастай, шинэ хунгуудтай мөн л хэдхэн хоногийн дараа үзэгчиддээ хүргэхэд бэлэн болчихсон. Басхүү Монголд огтхон ч тоглогдож байгаагүй хоёр шинэ балетийг үзэгчиддээ хүргэнэ. Нэг нь алдарт зохиолч П.Хертелийн "Үр дүнгүй болгоомжлол" гэж цоо шинэ балетийг тоглоно. Гэхдээ дэлхий нийтээр хэвшсэн уг нэрээр бус арай өөр нэрээр үзэгчдэд хүргэх байх. Төлөвлөж буй шинэ балетаас гадна энэ жил түүхэн ой нь тохиож буй хэд хэдэн бүтээл байгаа. Манай театрын тайзнаа хамгийн анх тавигдсан итали дуурь болох Ж.Пуччиний "Чио Чио Сан” дуурийн 50 жил, өн Ж.Вердийн "Травиата” дуурийг Монголд тавьсны 40 жил, "Риголетто” дуурийг анх тавьсны 30 жил, Ж.Мэнд-Амар гуайн "Үйлийн гурван толгой” балетын 30 жилийн ойг тэмдэглэнэ. Эдгээр бүтээлүүд манай театрын тайзнаа энэ олон жил амьдарч, үе үеийн үзэгчдэд урлагийн таашаал, сонгодог урлагийн сайхныг мэдрүүлж байсан түүхэн ач холбогдлыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Бүтээн туурвисан хүмүүсийг нь урьж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, үзэгчидтэй уулзуулах зэрэг олон ажлууд төлөвлөгдсөн байгаа.

-Өнгөрсөн оныг дуурийн театрын хамт олон ямар амжилттай үдэв?

-Өнгөрсөн онд бид Ази, Европ, Америк тивүүдийн төлөөлөлтэй хамтарч ажилласан. Гадаадын олон томоохон уран бүтээлчдийг эх орондоо урьж авчирч тоглолт зохион байгуулсан. Манай уран бүтээлчид ч бас гадны томоохон хотуудад очиж тоглосон, мэдлэгэ туршлага хуримтлуулсан. Олон улсын тэмцээн уралдаануудад оролцож шагнал, урамшуулал авсан амжилтаар дүүрэн жил байлаа. Театрын маань  тайзнаа өнгөрөсөн аравдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын алдарт "Большой” театрын уран бүтээлчидтэй хамтарсан "Мөнхийн нөхөрлөл” хэмээх тоглолт болсон. Энэ тоглолт манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн нэг томоохон арга хэмжээ байсан.

-Сонгодог урлагийг тэр дундаа дуурь, балетыг мэдэрч, дурлаж үздэг үзэгч харьцангуй цөөхөн байдаг. Гэхдээ зөвхөн манай оронд бус бусад бүх орнуудад энэ байдал ажиглагддаг. Тиймээс энэ онд дуурийн театр ямар менежмент, бодлого баримталж ажиллахаар болсон бэ?

-Сонгодог урлагийг шимтэн үзэх үзэгчдийн тоо бүх л улсад нийгмийн хүн амынхаа маш бага хувийг эзэлдэг. Манай улсын хувьд бол гуравхан сая гаруй хүн амтай гэхэд сонгодог урлагийг ойлгож, дурлан үздэг үзэгчдийн тоо харьцангуй их байдаг. Бид жилдээ 80-аас, 100-гаад тоглолт зохион явуулдаг. 40 нь балет үлдсэн нь дуурийн бүтээлүүд тоглогддог. Тэр дунд балет сонирхдог үзэгчид дуурийнхаас хавьгүй их байдаг. Балет өөрөө харьцангуй залуу үзэгчидтэй. Харин сонгодог дуурийг жаахан хүүхдүүд үзээд ойлгохгүй шүү дээ. Тиймээс үзэгчдийн тооны хувьд зөрүү гардаг. Гэхдээ дуурийн үзэгчид маш их мэдрэмжтэй, хөгжмийн өндөр боловсролтой хүмүүс байдаг. Бид цаашдаа залуучуудыг сонгодог урлагт дуртай болгох, тэдний сонирхлыг татахуйц шинэлэг бүтээлүүдийг тайзнаа тавихсан гэх бодолтой байсан. Тиймээс манайх энэ жилээс эхлэн хүүхдэд зориулсан хөтөлбөр бий болгосон. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг хялбарчилсан байдлаар шинэчлэн найруулж бага насны хүүхдүүдэд тоглохоор бэлтгэж байгаа. Хүн бүхэнд театр луу байнга ирж тоглолт үзэх зав чөлөө өдөр болгон тохиолдохгүй. Тиймээс  манай театрын хуваарь, сонгодог жүжгүүдийг гар утасныхаа апликэйшн дээрээс захиалаад үзчих боломжийг бүрдүүлнэ. Ер нь аль болох үзэгчиддээ ойртох, тэдний сонирхлыг татах, бүтээлүүдээ чанартай тавих зорилготой ажиллаж байна.

-Өнөөдөр дуурийн театрын уран бүтээлчдийн хувьд дэлхийд өрөсөлдөхүйц хэмжээний авьяас чадвартай гэж яригдах болсон. Харин нөгөө талаас харвал манай театрыг дэлхийн томоохон театруудтай харьцуулбал хөгжил нь ямар шатанд байна вэ?

-Манай театрын тоглолтуудыг үзэж сурсан бүр "мэргэшсэн” үзэгчид бий. Тэд өнөөдөр манай театрын тоглолт өндөр чанартай болсон уу, үгүй юу гэдгийг мэдэрч чаддаг. Тэр хүмүүс театрын хөгжлийг надаас илүү тодорхойлох байх. Энэ оноос эхлэн хүүхдэд зориулсан тоглолтуудыг сар бүр хийхээр болсноо дээр дурдсан. Бид зориуд ирээдүйн үзэгчдээ бэлтгэж байгаа хэрэг. Өнөөдрийн хүүхдүүд хэдэн жилийн дараа манай театрыг зорьж ирдэг, урлагийн мэдрэмжтэй, хүнлэг, "сонгодог” иргэн болон төлөвшөөсэй гэж хүсч байна.

-Сүүлийн үед театрын хамт олон гадны уран бүтээлчдийг урьж авчирч эх орондоо тоглолт зохион байгуулах болсон. Нөгөөтэйгүүр уран бүтээлчид хоорондоо туршлага солилцож байгаа хэрэг болов уу. Нууц биш бол ирэх онд дэлхийн хэмжээний ямар томоохон уран бүтээлчдийг эх орондоо урьж авчрах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Манай театрын үйл ажиллагаа хоёр чиглэлтэй. Дэлхийн сонгодог урлагийг Монголд авчирдаг, Монголынхоо үндсэний сонгодог урлагийг дэлхий нийтэд таниулдаг. Аль нь ч байлаа гэсэн гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт мэдээж хэрэг суралцана, хоёрдугаарт манай уран бүтээлчид өөрсдийгөө үнэлэх үнэлэмжийг бий болгодог. Бид гадаадынхны хажууд юу хийж байна, юуг бүтээж байна гэдгээ цэгнэж юуг хийх вэ гэдгээ мэддэг болдог. Гуравдугаарт үзэгчдийн боловсролд анхаарч ажиллаж байгаа. Милан, Большой, Санкт-Петербург зэрэг театруудын олон мундаг уран бүтээлч, удирдаачид өнгөрсөн онд манай театрт ирж тоглосон. Мэдээж үзэгчид дор бүрнээ сонгодог урлагийг мэдэрч, ойлгох үнэлэмж нь дээшилсэн байх гэдэгт итгэлтэй байгаа. Ирэх онд Италиас хоёр ч том удирдаач урьж авчихаар болсон. Мөн нэг шинэ уран бүтээл дээр Италийн нэлээд нэр хүндтэй найруулагчтай хамтарч ажиллахаар болсон. Оросоос бас удирдаач, уран бүтээлчид ирнэ. Басхүү бидний байнгын түнш БНСАУ-аас дуучид, бүжигчид ирж тоглолт хийхийн сацуу манай уран бүтээлчид ч бас солилцоогоор явна. Маш олон ажил төлөвлөгдсөн эхнээсээ амжилттай хийгдэж эхлээд байна.

-Бид гаднаас томоохон уран бүтээлчид авчирч тоглолт зохион байгуулж байгаа нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр дэлхийн томоохон театруудад манай чадварлаг уран бүтээлчид ч очиж дуулж байна. Харин гадаадад шинэ залуу уран бүтээлчдийг бэлтгэх тал дээр хэр анхаарлаа хандуулдаг вэ. Төрөөс энэ тал дээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг үү?

-Театраас өөрсдийн уран бүтээлчдээ гадаадын томоохон тайзан дээр очиж дуулах, сургалтанд явуулах тал дээр их анхаарч ажилладаг. Гэхдээ бид тэдгээр хүмүүст замын зардал, санхүүгийн байнгын дэмжлэг үзүүлэхэд хүндрэлтэй. Гэвч гар хумхиад суудаггүй, энд хийдэг ажлыг нь зохицуулаад, цалинг нь олгоод явуулж байгаа. Тэр хэрээр гадагшаа явсан хүмүүс илүү туршлагажиж, чадвар нь үргэлж дээшилж байдаг давуу талтай. Үүнийг нийгмийн зарим хүмүүс буруугаар хүлээж авдаг. Жишээ нь Э.Амартүвшинг дууриас хөөсөн ч гэдэг юм уу, ташаа мэдээллүүд их гардаг. Гэтэл тэр хүн гадаадын томоохон театрт дуулдаг, Монголдоо ирээд дуурийн тоглолтондоо оролцоод явж л байдаг. Хэдий гадагшаа дуулахаар явсан ч театртайгаа байнга холбоотой байдаг. Саяхан Германы театрт дуулахын хажуугаар эх орондоо ирж хоёр ч дуурьт оролцчихоод явсан. Цаашдаа Э.Амартүвшин шиг олон мундаг уран бүтээлчид төрнө гэдэгт итгэлтэй байна. Азаар монгол орон минь авьяастнуудаар бялхамал юм даа. Ямар ч уран бүтээлч харь газар луу эх орныхоо нэрийг өргөхөөр явлаа гэхэд театр хоосордоггүй, өөр мундаг уран бүтээлч байж л байдаг. Хамгийн гол нь бид үндэсний урлагаа дэлхийд гайхуулах, Монголын чадалтай уран бүтээлчдээ дэлхийд таниулах зорилготой л ажиллаж байгаа.

-Монголын алтан баритонууд хэмээн алдаршиж байгаа манай эрэгтэй дуучдын амжилт дуурийн театртыг дэлхийд таниулахад маш их нөлөө үзүүлж байгаа болов уу?

-Тэгэлгүй яахав. Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Ч.Бадрал зэрэг мундаг дуучид Монголын сонгодог урлагийг дэлхий хүлээн зөвшөөрөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Одоо тэдний залгамж болж шинэ залуу уран бүтээлчид олноор төрж байна. Эх оронд минь авьяастнууд мэндэлсээр байна.

-Өнгөрсөн оны сүүлчийн улирлын тоглолт А.Аданы "Жизель” балет байсан. Тайз засалт болоод уран бүтээлчдийн чадвар дээд зэргийн санагдаж байсан. Энэ жил театрын бүрэлдэхүүнд өөрчлөлтүүд орсон уу?

-Театрын уран бүтээлчдийн хувьд сүүлийн гурван жилд онцгой "залуужсан” гэж хэлж болно. Залуу уран бүтээлчид маш ихтэй болсон. Нийт ажиллагсдын 60-аад хувь нь 40-өөс доош насны залуучууд байгаа. Симфони найрал хөгжим, балет маань үнэхээр шижигнэсэн сайхан залуучуудаар сэлбэгдсэн байгаа. Би яг одоо өнгөрсөн долоо хоногоос авхуулаад тогтмол сууж хөдөлмөрийн гэрээ хэлцэл хийгээд дуусч байна. Энэ жилийн хувьд олон сайхан залуу уран бүтээлчид театрт орж ирсэн. Хамгийн гол нь цуг ажиллахад маш их эрч хүчтэй, нэг хөгжим тоглоход тэр нь шинэ уран бүтээл байдаг, нэг дүрийг маш өвөрмөц шинэлэг байдлаар тайзан дээр амилуулдаг. Ийм сайхан залуулаг хамт олонтой шинэ оноо угтаад ажил үүргээ хэдийн жигдрүүлчихсэн явж байна даа. 

-Соц нийгмийн үед сонгодог урлагийг бодлогын чанартайгаар хөгжүүлж байсан. Одоо ч энэ зарчмаар явж байгаа юу. Орчин цагийн шинэ менежмент хийсэн үү?

-Хийлээ ч гэсэн маш их бодлоготой хийх хэрэгтэй. Сонгодог урлгийг бизнес болгосноор олон театрууд хаалга барьсан гашуун туршлага зөндөө бий. Сонгодог урлагийг эдийн засгийн хүрээнд ч тэр, аль ч талаараа юмыг өргөн утгаар нь харж чаддаг хэсэг хүмүүс хөгжүүлж ирсэн түүхтэй. Тиймээс тэр хэсэг нь дэмждэг, дээрээс нь төр өөрөө бодлогын чанартайгаар хөгжүүлэхгүй бол сонгодог урлагийн салбар маш хэцүү. Тэр тусмаа манай орон олон жилийн өмнөөс улс орны хөгжил, Монголчуудыг дэлхийд таниулахад сонгодог урлаг маш их нөлөө үзүүлнэ гэдгийг мэдэж шийдвэр гаргадаг байсан. Манай томоохон дуучид үнэхээр эх орноо дэлхийд таниулж чадаж байгаа. 50 гаруй жилийн өмнө гаргасан төрийн шийдвэр нүдээ олжээ гэдгийг одоо бид харж байна. Тиймээс энэ шийдлийн дагуу явж байгаа учраас зохих хэмжээнд сайн ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг. Ийм учраас төрөөс зөв бодлого хэрэгжүүлдэг түүн дээр нь бид орчин цагийн менежментийг нийтгэж өгдөг байх хэрэгтэй. Төрөөс санхүүгийн дэмжлэг авахгүйгээр энэ урлаг шат ахиж чадахгүй. Гол нь төр маш зөв бодлогоор сонгодог урлагаа дэмжиж нөгөө хэсэг үүнийг нь сайжруулсан менежментийг хийсэн холимог системтэйгээр цаашид ажиллаж чадвал бид урагшилсаар л байх болно.

-Та нэгэнтээ Улсын дуурь бүжгийн эрдмийн театр гэх их айлыг тэргүүлээд тав дахь жил рүүгээ орж байна. Одоо ч гэсэн мэргэжлийн бус хүн театр удирдаж байна гэх шүүмжлэл иргэдийн зүгээс тависаар л байгаа. Өнөөдөр та яг юуны төлөө энэ бүхнийг сөрж, тэмцэж ажилласаар байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд би сонгодог урлагт хайртай, дуртай болохоор л энд байна.

-Хэдийгээр гэр бүлийнхэн тань урлагийн хүмүүс байгаагүй ч таныг багаасаа урлагт их ойрхон өссөн хүн гэж сонссон?

-Би багадаа хөгжмийн урлагаар хичээллэдэг, сургуулийнхаа аливаа урлагийн арга хэмжээнд тасралтгүй оролцдог нийгмийн идэвхитэй хүүхэд байсан. Дөрөвдүгээр ангиасаа хойш өдий хүртэл театрын үзэгч хэвээрээ байгаа. Өөрийн сонирхолдоо маш их татагддаг, нэгэнт орчихвол гарах замаа олж чаддаггүй хүний нэг хүсэл байдаг даа. Дөрөвдүгээр ангийн жаахан охиныг эзэмдэж, надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн гайхамшигтай зүйл бол хөгжим байсан. Амьдралыг их сайхан болгодог, гэрэл гэгээгээр бялхуулдаг зүйл дээр ажиллаж байгаа болохоор би хэзээ ч "ядарч” байна гэж хэлдэггүй.

-Та нэг ярилцлагандаа "Магадгүй хэдэн жилийн дараа кинон урлагтаа үнэнч зүтгэх байх” гэж ярьж байсан. Энэ талаар тодруулж хэлэхгүй юу?

-Нэлээдгүй олон кино зохиол бичсэн байна. Зохиол бичих минь энэ ажлыг хийхэд төвөгтэй зүйл болдоггүй. Би цагаа зохицуулж чадвал ажлаа хийгээд хажуугаар нь зохиол бичиж болно. Дээрх үгийг бол би албан тушаалын хувьд хэлсэн юм. Би насаараа театрын захирлаар ажиллах боломжгүй. Магадгүй алсдаа удирдлагууд солигдоно, би ажлаа өгөх цаг ирнэ. Тэр үед би кино зохиолоо л бичих байх. Өнгөрөсөн онд 24 ангитай кино бичсэн. Удахгүй дэлгэцээр гарах тул нэрийг нь нууц хэвээр үлдээе. Өнөөдөр миний цалин бага боловч шөнө оройн цагаар орчуулга хийж орлогоо нэмэгдүүлдэг. Гэвч яг одоо энэ цаг мөчид би ажилдаа дуртай, эх орныхоо сонгодог урлагийг дэлхийд таниулах чин хүсэлтэй болохоор бусдаас түрүүлж сэтгэж, үзэгчиддээ ойртох бодлого барьж ажиллаж байна даа.

Б.Алтанхуяг

МОНЦАМЭ


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen