Нүхэн жорлон хөрсний бохирдлын гол шалтгаан хэвээр байна

Нийслэлийн хөрсний бохирдолын гол шалтгаан нүхэн жорлон хэвээр байна. Хөрсний бохирдлоор дамжуулан халдварт өвчний 9.9 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн хотын төвийн хэсгүүд болон томоохон аж ахуйн нэгж байгаа газруудад хүнд металлын бохирдол их байна гэсэн судалгааны дүн гарсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 1.7 сая хүн усны бохирдол, ариун цэвэр эрүүл ахуйн асуудалтай холбоотой суулгалт өвчний улмаас нас бардаг байна. Үүний арван хүн тутмын ес нь хүүхэд байгааг анхааруулсаар байгаа юм. Тэгвэл газар гэсч, шар усны үер урсч хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд заналхийлдэг цаг үе хаяанд ирчихлээ. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сараас эхлэн суулгалт, цусан суулга зэрэг гэдэсний халдварт өвчин эрчээ авч, эмч нарын хэлдгээр халдварт өвчний улирал эхэлдэг юм байна.
2014 оны статистик мэдээгээр Улаанбаатар хотод ойролцоогоор 200 мянга гаруй нүхэн жорлон, 140 мянган угаадасны нүх байна. Гэр хорооллын иргэдийн 90 орчим хувь нь ил задгай жорлон ашиглаж байгаа учраас хөрсний, улмаар хөрсөөр нэвчин усны бохирдлын гол шалтгаан болж байна гэсэн судалгааны дүн гарчээ. 2012 онд мэргэжлийн байгууллагууд нийслэлийн хөрсний бохирдлыг нийт 360 гаруй цэгээс дээж авч шинжилсэн бөгөөд нийт авсан дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн байна. Нийслэлд гарч байгаа нийт халдварт өвчний 9,9 хувь нь бохироос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин эзэлж байгааг холбогдох байгууллагууд мэдээлж байна.
Тийм учраас нийслэлийн удирдлагаас байгаль экологи, хүрээлэн буй орчин, ус, агаар, хөрсний бохирдлын гол шалтгаан болж байгаа ил задгай 00-ын асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага хэдийнэ бий болжээ.
Нүхэн жорлонгоос үүдэж байгаа эрүүл мэнд, хүрээлэн буй орчны асуудалд ганц бид биш дэлхий нийтээрээ санаа зовж байна. НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг 00-ын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Улс орнуудын төр засгийн удирдлагуудыг ил задгай нүхэн жорлонгийн асуудалд онцгой анхаарал хандуулахыг уриалж энэ өдрийг тэмдэглэдэг. Нүхэн жорлон ашиглаж байгаа иргэдийнхээ тоог харьцуулахад бусад улс орноос сүүл мушгиж байгаа Монголын хувьд энэ өдрийг тэмдэглэдэг болох ёстой гэж үзэж байгаа. Судалгааны тухайд БОАЖЯ-ны захиалгын дагуу 2013-2014 онд “Улаанбаатар хотын хөрсний бохирдолд үнэлгээ” сэдэвт судалгааны ажлыг ШУА-ийн Газар зүйн хүрээлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд хөрсний бохирдлын мэдээллийг нэлээд сайн гаргасан судалгаа учраас уг судалгаанд тулгуурлан бохирдсон хэсгээс дахин дээж авч шинжилгээнд хамруулах замаар судалгааны ажлын тоон мэдээллийг шинэчлэн ашиглаж байгаа юм байна. Ер нь өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг судалсан судалгаа олон байдаг юм билээ. Гэхдээ энэ тал дээр одоогоор нэгдсэн тайлан байхгүй байгаа аж.
Нүхэн жорлон доторх бүх бодис найрлага шууд газрын хөрсөнд нэвчиж, тэр нь ундны усанд нөлөөлнө. Гэвч жорлондоо халдваргүйжүүлэлт, ариутгал, суллалт хийдэг айл өрх бараг үгүй. Тэгэхээр хаврын хаварт эмнэлгийн байгууллагыг ачаалж, бага насны хүүхдүүдийг өвчлүүлдэг шалтгааны тэргүүн эгнээнд нүхэн жорлон орж байна.

2017 онд вируст хепатит А, цусан суулга, сальмонеллын халдвар, суулгалт халдварт өвчин зэрэг таван төрлийн гэдэсний халдварт өвчний 1704 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 394 тохиолдлоор нэмэгдсэн байна. Гэдэсний халдварт өвчний 71.3 хувийг цусан суулга,1.6 хувийг суулгалт халдвар эзэлж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн жил гэдэсний халдварт өвчний 1305 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 269 тохиолдлоор нэмэгджээ. Тэгэхдээ гэдэсний халдварт өвчний 54.1 хувийг цусан суулга, 23.7 хувийг гар-хөл-амны өвчин эзэлж байгаа юм. Эндээс жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэдэсний халдварт өвчин болоод хөрсний бохирдлын хэмжээг харж болно.
Тиймээс хөрсний бохирдол эхэлж байгаа энэ үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийг зорьж, хөрсний бохирдлоос үүдсэн гэдэсний халдварт өвчлөл ямар байгааг сонирхсон юм. Тус төвийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ тасгийн дарга Н.Сувдмаа “Дулааны улирал эхлэхээр газар гэсч, шар усны үер ихэсч гэдэсний халдварт өвчин эрс нэмэгддэг. Гэр хорооллын айлуудын ихэнх нь стандартын бус бохир цооногтой нь гэдэсний халдварын шалтгаан болж байна.

Энэ төрлийн өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 90 хувь нь зөвлөгөө, мэдээлэл аваад гэрээр эмчлүүлдэг учраас одоохондоо хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Ер нь халдварт өвчин цаашид нэмэгдэх хандлагатай байгаа учраас эрсдэлийн үнэлгээ, газарзүйн зураглал хийж байна. Гар хөл, ам суулгалтад халдвараас сэргийлэх талаар сэрэмжлүүлэг хийж байна” гэлээ.

Ж.Батдорж

Эх сурвалж: Guren.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen