Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас хүлээх ИХ хүлээлт

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас хүлээх ИХ хүлээлт

 

Монголын хуулийн салбарын донсолгоотой өдрүүд үргэлжилж байна. Хуулийн байгууллагуудын удирдлагыг ээлж дараалан солихоор парламент ажилдаа орлоо. УИХ-ын хаврын чуулганы эхний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын томилгоог хийж, УЕПГ-ыг шинэ удирдлагатай болголоо. Араас нь АТГ-ын шинэ удирдлагын асуудал яригдана.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорт Б.Жаргалсайхан гэх хүнийг нэр дэвшүүлсэн нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн сонголт болов. УИХ-ын гишүүн Я.Санжмятавын хэлдгээр нэр дэвшүүлсэн цагаас хойш түүний талаар олон нийтийн дунд таагүй зүйл яригдсангүй. Тэгэхээр тэр харьцангуй “но” багатай хүн бололтой. Ерөнхийлөгч санал болгож, олон нийт таашаан, УИХ хүлээн зөвшөөрснөөр Б.Жаргалсайхан Улсын ерөнхий прокурорын тамга тэмдгийг хүлээн авлаа. УИХ-ын гишүүдийн 96.6 хувийн саналаар тэр энэ эрх мэдлийг авч  чадлаа. Парламент улсын ерөнхий прокурорын томилгоонд бараг анх удаа ийм өндөр хувиар санал өгч, дэмжив. УИХ-ын гишүүдийн таашаалд ингэж нийцэхийн хэрээр түүнд асар их хариуцлага, хүлээлт үүрүүлж буй нь мэдээж. Зөвхөн парламент биш Монголын ард түмэн, хуулийн салбарынхан түүнээс шударга ёсыг хүлээж буй.

 

“Эрдэнэт”-ийн 49, 51 хувь, Стандарт банкны асуудал, ЖДҮ, концесс, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг зүй бус үйлдэл, 60 тэрбумын асуудал зэргээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг олон хүнд асуудал хүлээж байгаа. Үнэхээр энгийн иргэдэд эрүүдэн шүүлт тулгаж, хүн амины хэрэг тохдог уу? Улсын стратегийн ордыг гадны банкны барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан хүмүүсийн өмнөөс татвар төлөгчдийн мөнгөөр өрийг нь төлөх нь зөв үү? Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалт хуулийн дагуу явагдсан уу? ЖДҮХС-гаас зээл авсан, нэр холбогдсон УИХ-ын 49 гишүүнийг хэрхэх вэ? гэхчлэнгээр хариултаа хүлээсэн олон асуудалтай Б.Жаргалсайхан прокурор нүүр тулж байна. Ард түмэн гагцхүү шударга ёсыг, үнэнийг л хүснэ. УИХ-ын гишүүдийн хэлснээр тэр тун эгзэгтэй үед Улсын ерөнхий прокурор боллоо.

 

Шударга ёс, үнэнийг хүссэн нийгмийн асар их хүлээлтээс гадна түүнд прокурорын байгууллагын нэр хүндийг өсгөх үүрэг ч ногдлоо. Улс төр, хуулийн байгууллагыг сүлжсэн хууль бусын хонгилыг үүсгэгч нэртэй болсон прокурорын байгууллагыг цэвэрлэхээс ажлаа эхлэхийг түүнийг дэмжсэн гишүүд захилаа.

 

Түүнд прокурорын байгууллагад ажилласан 31 жилийн туршлага бий. Ажлаа хэнээр ч заалгахгүй, гарын хуруу шигээ мэднэ гэсэн үг. Гуч гаруй жил ажилласан тууштай зүтгэл, арвин их туршлагаа зөвөөр ашиглаж, төрд, хуулийн байгууллагад хэрэгтэй хүн гэсэн төрийн итгэл найдварыг тэр алдахгүй биз ээ. Мэдээж, томилсон улс төрөөс хараат бус ажиллах зарчмыг ч мартах учиргүй. 

 

М.Болд

http://www.shuud.mn/a/507512

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen