Алт худалдан авалт 87 хувиар буурчээ

УИХ-ын энэ сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувь болгосон билээ. Тус хуулийг 10 хоногийн дараа буюу энэ сарын 8-нөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон юм. 

Манай улсад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2014-2019 он хүртэлх хугацаанд 2.5 хувь байсан бол энэ оноос эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 9-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна. 

Энэ хүрээнд Монголбанк өнгөрсөн гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байсанаас 623 кг дутуу буюу 87 хувиар буурчээ. Монголбанк 2019 оны 3 дугаар сард 448 кг цагаан мөнгө худалдан авсан. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.

Өнгөрсөн сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 110,109.38 төгрөг байлаа.

А.Тэлмэн 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen