Д.Хаянхярваа гишүүн ЖДҮХС-гаас 1.8 тэрбум төгрөг зувчуулжээ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн хамаарал бүхий гурван компаниар дамжуулан ЖДҮХС-гаас нийт 1 тэрбум 850 сая тэрбум төгрөгийн зээл авсан баримт ил боллоо. Тодруулбал, Д.Хаянхярваа гишүүний хүргэний мэдлийн “Цайдам ургац” компани ЖДҮХС-гаас 200 сая төгрөгийн зээл авсан бол түүний сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Г.Ганболдын мэдлийн “Дархан эрдэнэ мах комбинат” компани 900 сая төгрөгийн зээл авчээ. Гурав дахь компани болох Д.Хаянхярваа гишүүний итгэлтэй хүний нэг Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүхийн ах Г.Эрдэнэбулганы нэр дээр байгуулсан “Сонголон хайрхан” компани ЖДҮХС-гаас 750 сая төгрөгийн зээл авчээ.

Эдгээр баримт нь ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн үзэглэсэн А-125 тоот тушаалаар тус компаниудад зээл олгосон болох нь нотлогдож буй.

Тэгвэл “Дархан эрдэнэ мах комбинат” компанийн захирал Г.Ганболд нь одоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа бөгөөд түүнийг эрхэм гишүүний энд тэнд нууж хаасан мөнгө, ухаж байгаа орд газар гээд бүхий л мэдээллийг хадгалж, хамгаалж явдаг гэх. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сонголон хайрхан” компани нь Д.Хаянхярваа гишүүнийх гэдгийг дарханчууд анддаггүй гэнэ. Энэ талаар Дархан-Уул аймгийн иргэд ярихдаа, “УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн сонгогчдын толгойг эргүүлдэг. Дарханы Залуучуудын театрын төв талбайн хойд талын ногоон байгууламжийг таван жилийн өмнө Д.Хаянхярваа дарга өөрийн эзэмшлийн “Газар өгөөж” компани дээрээ аваад, ЖДҮ-ээс зээл авсан гэж яригдаад байгаа “Сонголон хайрхан” компанидаа 350 сая төгрөгөөр зарсан гэдэг. Одоо энэ байгууламж нь ямар ч хэрэгцээгүй зүйл болсон. Дархан-Уул аймгийн өнгөтэй өөдтэй бүхэн энэ эрхмийн гараар ордог” гэсэн байдаг.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хамгийн сүүлд ЖДҮХС-гийн талаар мэдээлэл хийхдээ, “Би ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан асуудалтай холбогдоод байгаа Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, уг зээлийг ББСБ, хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай. Мөн МАН-аас томилогдсон улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, Удирдах зөвлөлийн гишүүд болон намын Ерөнхий нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой. Энэ шаардлагыг МАН-ын дарга болон УИХ-ын даргад хүргүүлсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг чи хамгаалахгүй байна. Энэ асуудалд гишүүд холбогдсон нь чамд хамааралтай гэсэн үндэслэл хэлсэн. Энэ хоёр үндэслэлээр намайг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг хэлж байв.

Тэгвэл Д.Хаянхярваа гишүүн аль эртнээс л төсвөөс мөнгө зувчуулдаг нарийн арга мэхтэй нэгэн байжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа л “ЖДҮ” мэх хэрэгжүүлж байсан гэнэ. 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашиж байхад нь төрийн сангаас хөрөнгө шамшигдуулсан хэрэг 2004-2008 онд гарсан байдаг аж. Тус аймгийн Санхүү эдийн засаг бодлого зохицуулалтын хэлстийн дарга Д.Нямхүү, Төрийн сангийн тасгийн дарга Э.Наранбаатар нарын 30 гаруй хүнд холбогдсон эл хэргээс тухайн үеийн Засаг ноён л цэвэрхэн мултарсан гэдэг. Эл хэрэгт холбогдсон Ний¬тийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга Д.Баяраа, одоогийн Засаг дарга Г.Эрдэнэбат нар Д.Хаянхярваа гишүүний эртний андууд. Мөн хэргийг гардан гүйцэтгэсэн Э.Наранбаатар, Д.Нямхүү нартай ч эрхэм түшээ журмын нөхөд аж. Дээрх хүмүүс төсвөөс 800 сая төгрөгийг “гусаж” байхад Засаг дарга байсан эрхэм түшээ Д.Хаянхярваа мэдээгүй өнгөрчээ. Улмаар Д.Хаянхярваа гишүүний удирдлаган дор ажиллаж байсан хэсэг нөхөд нь эцэстээ “аавын хаалга” татсан байдаг юм. Төсвөөс 800 сая төгрөгийг бүлэглэн хулгайлж, завшсан энэ гэмт хэрэгт Д.Хаянхярваа гишүүний хамаарал байсан гэж яригддаг.

Мөн 2008 оны сонгуулиас өмнө Дорноговь, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нар тендерийг хэл амгүй хэрнээ хувьдаа хэрхэн амжилттай хэрэгжүүлэх арга замыг нээжээ. Тэд орон нутагтаа 2003-2008 онд барьсан орон сууцнууд болон томоохон барилгын тендерүүдийг сольж хэрэгжүүлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, Дархан-Уулд баригдах томоохон барилгуудыг Ж.Батсуурийн харьяаллын компани, Сайншандыг Д.Хаянхярваагийн мэдлийн болон ах дүү нарынх нь компани гүйцэтгэсэн аж. Өнөөдрийн ЖДҮХС-гийн дуулианд эрхэм гишүүн нэр холбогдож, өөрийн хамааралтай гурван компанидаа 1.8 тэрбум төгрөгийн зээл зувчуулаад байна. Тиймээс түүнийг одоогийн УИХ дахь тун эртний бөгөөд дээгүүр зиндааны “ЖДҮ-чин” хэмээн цоллож байгаа юм. Үнэн хэрэгтээ Д.Хаянхярваа гишүүн өөрөө эртний гаршсан ЖДҮ-чин мөртлөө У.Хүрэлсүх сайдын фракцыг шалгах ёстой хэмээн сандал ширээнээсээ салсандаа хорсон ийм хоёр үзүүртэй зүү шиг зүйл ярьж сууна. Төрийн үйл хэргийг хоёргүй сэтгэлээр үргэлжлүүлэх ёстой эрхэм гишүүн өөрийнхөө хүргэн, охин хоёртоо авч өгсөн 200 сая төгрөгийн зээлээ хэзээ тайлбарлах гэж байна вэ. Мөн бусад хоёр компаниар дамжуулан авсан, эсвэл хувь хүртсэн байж болзошгүй 950 болон 750 сая төгрөгт ч тэр албан ёсны тайлбар өгөх ёстой. Өнөөдөр нэг тэрбум 850 сая төгрөг гэдэг хэдэн арван жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөл дээр нь босгох мөнгө. Төрийн мөнгөөр хөлждөг, төрөөс төрсөн тэрбумтанд хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл хэзээ бүрдэхийг хэлж өгөөч, Ерөнхий сайд У.Хүрэлсэх ээ, МАН-ынхаан?

Б.Бямбасүрэн

Эх сурвалж:"Ардчилал таймс" сонин

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen