Л.Эрдэнэчимэг өөрийгөө дарамтлуулсан гэж Х.Бат-Ялалтыг цагдаад өгчээ

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт хандан, “Иргэний шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг шалгуулах хүсэлт өгчээ. Учир нь, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Алтаншагай нар хэвлэлийн хурал хийж, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд тамхи татаж, согтуу байгаа дүрс бичлэгийг анх олонд дэлгэсэн юм. Тэгвэл энэ бичлэгийг олон нийтэд цацсантай холбоотойгоор Л.Эрдэнэчимэг хуулийн байгуулагад хандсан байна. Түүнчлэн тэрбээр өөрийгөө дарамтлуулсан гэж үзжээ.

Эрүүгийн цагдаагийн газраас Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 6 дугаар зүйл, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэсэн байна. Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Х.Бат-Ялалтыг дуудаж байцаалт авсан байна. 

Энэ талаар Х.Бат-Ялалт цахим хуудаснаа “УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг дарамтлуулсан гэж өргөдөл өгсөн байна. Тэгээд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Оюунчимэг гэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-р зүйлийн 6 дугаар зүйлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэнэ. Төрийн ордонд өөрийнхөө санаачилж батлуулсан архи, тамхины эсрэг хуулийг шоу шоу гээд согтуугаар тамхи татсан байдалтайгаар “Архи, тамхи, секс бол амьдралын бүх юм” гэж хэлж байгаа төрийн түшээ бичлэг хийж байгааг мэдсээр байж үүнийг илчилсэн нь гэмт хэрэг үү? Тэгээд тэр бичлэгээ цацуулахгүй хэмээн 50.000.000 төгрөгийг өгсөн үйлдлийг нь илчилсэн нь гэмт хэрэг үү. Манай цагдаагийн байгууллага үнэхээр ялзарчээ” гэж бичин, байр сууриа илэрхийлжээ.

Т.Амартүвшин 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen