Дархлаа сайжруулах бэлдмэл рүү хошуурах хэрэггүй
Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдсэнтэй холбоотойгоор ханиад томуу, амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл мэндийн төвүүдийн ачаалал эрчимтэй нэмэгджээ.
Хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ асрах нь зөв
ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт энгийн үед өдөрт 150-200 хүүхэд үйлчлүүлдэг бол өвлийн улиралд 250-300 хүүхдэд үйлчлүүлж байна. Үүний 50-60 хувь нь ханиад томууны шинж тэмдэгтэй аж.
Манайхан хүүхдээ ханиад хүрсэн үед дур мэдэн эм, уулгаж, ханиаданд сайн гэж ам дамжин яригдсан араг бүрийг л хэрэглэж хүндрүүлчихээд дараа нь эмнэлэг барааддаг. Ингэхдээ эрүүл мэндийн анхан шатны байгууллага болох өрхийн эмнэлэг цаашлаад дүүргийн эмнэлгээ алгасан гуравдугаар шатны байгууллага Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьдог. Журмын дагуу эхлээд өрхийн эмнэлэгт үзүүлж эмчийн зааврын дагуу эмчилгээ бичүүлж гэрээр эмчилж болхоос гадна шаардлагатай бол өрхийн эрүүл мэндийн төвөөс дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэх бичиг хийлгэдэг юм. Гэтэл манайхан шууд ЭХЭМҮТ-ийг зорьж буй нь зохиомол ачаалал бий болгож улмаар цаг алдаж өвчин хүндрэх үндэс болж буйг ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч Ж.Нармандах хэлж байлаа. "Журмын дагуу эхлээд өрхийн эмнэлэгт хандаарай. Шат дарааллаа алгасан шууд биднийг зорих нь зохиомол ачаалал бий болгож байна. Эцэг, эх асаргаа сувилгаагаа хэвийн явуулахад хүүхэд ханиад хүрэхгүй байж болно. Тиймээс хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ асрах нь зөв” гэж эмч зөвлөв.
Ханиадны эдгэрэлт удаан байна
Харин Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг 75 ортой ч одоогоор тэнд 190-210 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 80 орчим хувь нь мөн л хатгалгаа гэсэн оноштой аж. Эндээс ханиад томууны дэгдэлт их байгааг харж болно. Ходоод, гэдэсний хямрах, тархины эд эс гэмтэх, хаван үүсэх, огиж бөөлжих, өндөр температурт хүрч халуурах зэргээр уушгины хатгалгаатай хавсарсан шинж тэмдгээр хүүхдүүд их өвчилж байгаа аж.
Энэ жилийн хувьд аденовирус, рановирус, ротовирусын тархац их байгаа тул хавсарсан хэлбэрийн ханиад зонхилж байгаа аж. Мөн ханиадны эдгэрэл удаан байгаагийн дээр цаг хугацаа алдаж эмнэлэгт хандаж байгаа нь ачааллыг нэмэгдүүлж байгааг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Х.Уламбаяр хэлж байна.
Эрүүл мэндийн анхан шатны байгууллага болох Өрхийн эрүүл мэндийн төв хороо бүрт бий. Гэтэл эцэг эхчүүд өрхийн эрүүл мэндийн төвдөө очилгүйгээр гэрээр эмчилж хүүхдийн ханиадаа хүндрүүлж байна. Мөн антибиотик тэргүүтэй эмийн зохисгүй хэрэглээ нь эмийн дасан зохицол бий болгож өвчнийг хүндрүүлж байгаа. Хамгийн өргөн тохиолддог нь парацетамолын хэрэглээ. Пара-Дентийг лаагаар, Привексийг найруулж, миксагреп, минигрепийг хэрэглэж байна. Нэг үйлчилгээтэй олон эмийг удаан хугацаанд хэрэглэснээр хордлогонд орох тохиолдол их. Энэ бүхэн эцэг, эхийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Тиймээс алхам тутамдаа эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байгааг ойлгох хэрэгтэй байна гэж эмч зөвлөв.
Дархлаа сайн байвал ханиад хүрэхгүй байх боломжтой гэдэг. Тиймээс ч эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлаанд ихэд анхаарал хандуулдаг. Харин хүүхдийн их эмч Х.Уламбаяр дархлааг дэмжих бэлдмэл рүү хошуурах хэрэггүйг зөвлөлөө.
Тэрбээр "Манайд л дархлааг сайжруулах тухай ярьдаг болохоос гаднын орнууд тав хүртэлх насны хүүхдийн дархлалын тогтолцоогоор огт оролддоггүй юм. Гэтэл манайд бараг л дархлал сайжруулах үйлчилгээтэй эм бүрийг хэрэглэхийг зөвлөдөг. Дархлалын тогтолцоо гэдэг нь бие организмын гадаад орчинтой дасан зохицох байдал. Эм хэрэглэн дархлааг сайжруулна гэдэг нь бүх эрхтэн тогтолцоог зохиомлоор сэдрээдэг. Энэ тохиолдолд 10-20 жилийн дараа дархлалын систем дахин хэвийн ажиллах нь эргэлзээтэй. Тиймээс дулаан хувцаслаж, эрүүл хоол хүнс хэрэглэн эрүүл мэнддээ анхаарал болгоомжтой байх нь дархлаагаа сайжруулахын төлөө хийж буй хамгийн зөв үйлдэл юм. Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдээ тэврээд гадуур яваад баймааргүй байна. Олон хөлийн газраар явахдаа хамгаалалтын тос хамрандаа түрхэх хэрэгтэй байна. Хүүхдийнхээ хамрыг содатай усаар зайлах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх хэрэгтэй байна. Түүнээс биш дархлалын эм, бэлдмэл рүү хошуурах хэрэггүй. Өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид ханд, цаг алдан эмчид хандах нь эдгэрлийг удаашруулна тиймээс заавал эмчид ханд гэж зөвлөе” хэмээсэн юм.
Есдүгээр сар гаргаад амьсгалын замын өвчлөл нэмэгддэг бөгөөд арваннэгдүгээр сарын сүүл үеэс амьсгалын замын өвчлөлийн дэгдэлт эрчимжиж гуравдугаар сараас бага зэрэг саардаг аж. Амьсгалын замын өвчлөлөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хатгалгаа зонхилдог бол нүднээс нулимс гарах, хоолой идээлэх зэрэг ханиад томуутай хавсарсан өвчлөл дараа нь ордог ажээ. Жил бүр эмнэлэг зорих хүний тоо нэмэгдэж байгаа нь хүн амын өсөлт, хүйтний эрч нэмэгдэх болон агаарын бохирдолтой холбоотойгоос гадна нийгмийн эрүүл мэнд талаасаа өөрсдөдөө тавих анхаарал муу байгаатай холбоотой гэдгийг эмч хэлж байлаа.
Ургийн гажигт зөвхөн утаа нөлөөлдөггүй
Монгол оронд тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл их байдаг. Мөн сүүлийн жилүүдэд амьгүй төрөлт ихсэх хандлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой гэдгийг эцэг, эхчүүд тайлбарладаг. Тэгвэл бага насны хүүхдийн эндэгдэл, амьгүй ураг, ургийн гажигт зөвхөн утаа нөлөөлдөггүй болохыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Төмөрбаатар хэллээ.
Тэрбээр "Улсын хэмжээнд эрүүл мэндийн үзүүлэлт аль түвшинд байгаа талаар статистик мэдээ жил бүр гардаг. 2016 оны судалгаанаас үзэхэд арванхоёр болон нэгдүгээр сард амьгүй төрөлтийн тоо харьцангуй бага байна. Харин долдугаар сард амьгүй төрөлт хамгийн өндөр хувьтай гарсан байгаа юм. Үүнээс үзэхэд зөвхөн утаанаас шалтгаалан нярай энддэггүйг харж болно. Мөн 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл утаанаас үүдэлтэй гэдэг. Энэ насны хүүхдийн эндэгдлийг авч үзвэл 55-56 хувь нь гадны шалтгаант хүчин зүйл буюу осол, аваар, түлэгдэлт зэргээс шалтгаалсан байгаа юм. Түүнчлэн зөвхөн агаарын бохирдлоос үүдэн бага насны хүүхдүүд эндсэн гэж үзвэл эндэгдлийн хувь хэмжээ Нийслэл хотод өндөр хувьтай байх учиртай. Гэтэл хөдөө, орон нутагт ч адил хувьтай байна” хэмээсэн юм.
Иймд ханиад, хатгалгаа туссан, хүүхэд өвдсөн гээд асуудал бүрийг агаарын бохирдолтой холбон тайлбарлалгүй дор бүрнээ хувийн эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэйг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Г.Тэгшсүрэн
http://www.shuud.mn/content/read/478112.htm