11 ТАХИА ИДСЭН “ХУЛГАЙЧ”-ИЙГ СУЛЛАЖЭЭ
БНСУ-ын Чонг Жү мужийн нэгэн тахианы аж ахуйд бямба гарагийн (2019.02.16) өглөө 10:30 цагийн үед бүтэн сарын хугацаанд 11 тахиа барьж идсэн “хулгайч”-ийг барьжээ. Тэр “хулгайч” нь Өмнөд Солонгос Улсад бараг үзэгдэхээ больсон нэн ховор төрлийн шар шувуу /Eagle Owl/ байсан бөгөөд тоо толгой нь ховордсоны улмаас 1982 онд дэлхийн “Улаан ном”-ын 2-р зэрэглэлд 324 дугаараар бүртгэгдсэн шувуу юм байна.
Аж ахуйн эзэн шар шувуунд ихэд хилэгнэсэн ч, ховор төрлийн шувуу гэдгийг мэдсэн учраас харьяа дүүргийнхээ цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Харин цагдаагийн газрынхан шувууг “Зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэг”-т хүлээлгэн өгснөөр тэд шувууг зэрлэг байгальд нь тавьж явуулжээ.